Өнгөрсөн оноос эхлээд барилгын салбарт яригдсан томоохон сэдвийн нэг нь орон сууцны урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгон бууруулна хэмээн ярьснаар, байртай болох хүсэл тээн ажиллаж хөдөлмөрлөж байгаа олон арван залуусын сэтгэл зүрхээр хэсэгтээ л даажигнасан сар, өдрүүд байсан гэж хэлж болно. Мэдээж үүнийг дагаад иргэдийн дунд хүлээлт бий болж хариу нь гардаггүй бодлого шиг уг асуудал хоёр ч сайдын нүүрийг дамнан эцэстээ шийдэлд хүрэлгүй, чимээ тасарсан.
Ипотекийн зээл салбартаа төдийгүй, эдийн засгийн эргэлтэнд орж байдаг
Ипотекийн зээл олгож эхлэхээс өмнө буюу 1921-1990 оны хооронд 100 мянган өрх орон сууцтай болж байсан бол Ипотекийн зээл олгож эхэлсэн гурван жилийн хугацаанд 25 мянган өрх орон сууцтай болсон байна. Үүгээр зогсохгүй 2000-2012 онд жилд 367 мянган м2 орон сууц шинээр ашиглалтад ордог байжээ. Харин ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн 2013-2015 онд нэг сая 322 мянган м2 орон сууц ашиглалтад орсон гэх тоон судалгаа ч бий. Эндээс барилгын салбарын хөгжлийн гол хөшүүрэг нь яах аргагүй ипотекийн зээл олголт гэдэг нь харагдаж байна. Цаашлаад ажилтай, орлоготой иргэнийг мөнгөн хуримтлалд сургаж, нийгмийн дундаж давхаргын хүрээг тэлж, иргэдийн ухамсар, хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэх, дотоодын үйлдвэрлэл, тогтвортой ажлын байр бий болгох, эдийн засгаа дэмжих зэрэг олон давуу талыг ипотекийн зээлд хамааруулж болно.
Түүнчлэн сард дунджаар 1300 өрх, жилд дунджаар 9.6-15.6 мянган өрх шинээр орон сууцтай болох боломжтой гэх тооцоолол бий.
УИХ-аас ипотекийн зээлийн шинэ эрх зүйн орчинг бүрдүүлснээр зээлийн хүүг найм биш тав болгож бууруулах боломжтой гэж үзсэн. Мөн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Инфляци 14 хувьтай байхад ипотекийн зээл 8 хувийн хүүтэй хэрэгжиж чадсан. Харин одоо инфляци 2.9 хувь болж буурсан энэ үед ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох боломжтой” гэж мэдэгдэж ч байсан удаатай. Зээлийн хүү таван хувь болно гэх сургаар иргэдийн дунд хүлээлт мөн л үүсч нөгөө талд барилгын салбарт эзнээ хүлээсэн байр ихээр нэмэгдсэн.
Гэвч олон нийтэд ийн горьдлого төрүүлээд байсан таван хувийн асуудал эцэстээ иргэдээ “алагчилсан” шийдвэрээр дуусгавар болсон юм.
Тодруулбал энэ оны өнгөрөгч гуравдугаар сарын эхээр ипотекийн зээлийн хүүг бууруулах тухай журмыг Засгийн газраас гаргасан. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан юм.
Үүнд Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцуудаас худалдан авбал ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох боломжтой, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм. Эрх баригчид иргэдээ алагчилсан дээрх шийдвэрээ эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарласан юм.
Арилжааны банкуудад таван хувийн зээл хэрэгжиж байна уу?
2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Монгол банкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэлээр дээрх тайлант өдрийн байдлаар, банкууд 3392 иргэний 205.9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 924 иргэний 5%-ийн хүүтэй 43.4 тэрбум төгрөгийн, 1603 иргэний 8%-ийн хүүтэй 104 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 547 зээлдэгчийн 22.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлжээ.
Хаан банкны тухайд 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 8%-ийн ипотекийн зээлийг үргэжлүүлэн мөн журамд заасан шинэ нөхцлөөр 5%-ийн ипотекийн зээлийг олгож эхэлжээ.
Тус банк нь орон сууцны ипотекийн зээлийг Улаанбаатар хотод Чингэлтэй дүүрэгт Ялалтын талбайн хажууд байрлах Орон сууцны зээлийн төв, Баянгол дүүрэгт Богд-Ар хороолол 16-р байрны 1 давхарт байрлах Богд-Ар тооцооны төв, Хан-Уул дүүрэгт Энхтайвны гүүр тооцооны төв, хөдөө орон нутагт 21 аймаг, сумдын тооцооны төвөөр тус тус дамжуулан судалж олгоно.
Төрийн банк нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн журамд заасан шинэ нөхцлөөр 5%-ийн ипотекийн зээлийг олгож эхэлсэн байна. 2016 оны 04 дүгээр сарын 04-ны байдлаар нийт 138 зээлдэгчийн 5.2 тэрбум төгрөгийн зээлийг 8%-иас 5%-д шилжүүлжээ. Мөн шинээр 43 иргэнд 5%-ийн хүүтэй 2 тэрбум орчим төгрөгийн зээлийг олгосон байна.
Худалдаа Хөгжлийн банк мөн журамд заасан шинэ нөхцлөөр 5%-ийн ипотекийн зээлийг олгож эхэлжээ.
Голомт банкны хувьд энэ талаар тодорхой мэдээлэл бидэнд өгсөнгүй.
Хаан банк болон “Төрийн банкууд алслагдсан дүүргүүд болон нийслэлийн шинэ суурьшлын бүсүүдэд таван хувийн зээл хэрэгжиж байгаа хэдий ч Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдсан бүсүүдийн орон сууцны зээлийн асуудал шийдэгдээгүй байгаа аж. Харин Худалдаа Хөгжлийн банкны хувьд журамд тусгагдсан бүх байршилд таван хувийг зээлийг хэрэгжүүлээд явж байгаа аж.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
Buynt Ukhaa2 horoolol 5% d orson yum uu
erdenetiin haan bank law olgoh juram ireegui geed 8%-g 5% bolgohgui bga shd
8% -иар авсан зээлээ 5% шилжүүлж болохгүй байгаа ш дээ. Банк, МИК-аас асуухаар болоогүй гэсэн хариулт өгөөд байгаа шдэ