...
...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхсан уу?

Өнөөдөр Монгол улсад 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Тэд хөгжлийн бэрхшээлтэй  болох гэсэн сонголтыг хийгээгүй. Байгаль нийгмээс хамаарсан олон хүчин зүйлийн улмаас тэд зүгээр л харахгүй, сонсохгүй, насан туршдаа тэргэнцэр дээр  сууж  байгаагийнхаа улмаас бусдын адил нийгмийн гишүүдийн эдэлж байгаа боломж нөхцлүүдийг хүртэж чадахгүй нийгмээс тусгаарлагдан амьдарч байгаа нь өнөөдрийн бодит үнэн. Монгол улс НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” конвенцийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй  иргэдээ орон сууцаар хангах үүрэг хүлээсэн хэдий ч  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд амьдралын наад захын хэрэгцээ болох орон байраар хангагдах энэхүү эрх нь зөрчигдөж байгаа талаар өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд зүгээс БХБЯам болон ТОСК-д шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Шаардлага хүргүүлэх болсон шалтгааны тухайд, Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор  батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр эхний удаад нийслэлд 350 айл дээрх хөтөлбөрт хамруулахаар болсон. Тус хөтөлбөрт  хамрагдах хүсэлтэй иргэдийг  зорилтот долоон бүлэгт ангилж, бүртгэл гуравдугаар сарын 21-ээс эхэлж энэ сарын 1 хүртэл үргэлжилсэн билээ. Гэвч дээрх хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж ялгаварлан гадуурхлаа хэмээн тэд үзэж байгаа юм. Тухайлбал “Түрээсийн орон сууц”-ны журамд  зорилтот бүлгүүдэд түрээсийн орон сууцыг тодорхой квотын дагуу  хуваарилсан хэдий ч амьдралын наад захын хэрэгцээ болох орон байраар хангагдаж чадахгүй  байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд  ба тэдгээрийг халамжилдаг гэр бүлд нийт түрээсийн орон сууцны дөнгөж таван хувийг  хуваарилсан нь хангалтгүй байна. Иймд дээрх ТББ-ууд үндсэн хоёр шаардлагыг хүргүүлж байгаа аж.

1.Түрээсийн орон сууц журамд өөрчлөлт оруулж таван хувь гэсэн квотыг нэмэх, бүртгэлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулдаг болох, ач холбогдолгүй бичиг баримтыг шаардахыг зогсоох

2. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай”  хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудтай хамтран боловсруулан батлуулж хэрэгжүүлэх, холбогдох төсвийг улсын төсөвт тусгах

Тэдний тавьж буй дээрх шаардлагын хариуг  2016 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн дотор шийдвэрлэн хариу өгөөгүй тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон байраар хангагдах эрхийг ноцтой зөрчиж байгаа тул  шаардлагатай бүх талын арга хэмжээг авч тэмцэхээ мэдэгдлээ.

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ