Орчин цагийн дипломат ёсны олон ойлголтын суурийг Монголчууд анх тавьсан. Өнөөгийн Англи хэлэнд Embassy, Франц хэлэнд Ambassador хэмээн дуудагдах үг байдаг нь Монгол хэлний Амбан сайд гэх үгнээс гаралтай. Төв Азиас өрнө дорно тийш аль алинд нь хааны элчийн аюулгүй байдал, элчийн мэдээлэл гэхээсээ илүүтэйгээр захидал дамжуулж дипломат харилцаагаа шийдвэрлэдэг уламжлалтай байсан бол Монголчууд харин хүн төвөө илүүд үзэж, хааны үгийг элчийн амаар дамжуулан хүргэдэг байжээ. Үнэт мэдээлэл хүргэх элч өөрөө үнэ цэнэтэй хүн юм. Тэр бол жирийн шууданч биш, их хааны итгэлт хүн билээ. Итгэлт хүнээ Их Хаан өөрийн нэр сүрээр хамгаална. Тэр нэр сүрийн хамгаалалт гээч нь “Гэрэгэ” юм. 1845 онд Оросын нутгаас олдож өнөөдөр Санкт-Петербург хотын Их Петрийн музейд хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үеийн “Гэрэгэ”-д “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор” хэмээн нүүрэн талд нь бичээд ар талд нь “Аугаа хааны зарлиг хэн үл бишрэх хүмүүн алдах, үхэх” хэмээн сийлсэн нь бий. Их хаан өөрийн нэр сүрээр хамгаална гэсэн энэ ойлголт өнөө цагийн гадаад паспортын эхлэл юм. Тухайн улс өөрийн тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, олон улс дахь нэр хүндээрээ иргэнийхээ аюулгүй зорчих эрхийн баталгааг гадаад паспортаар хангаж өгдөг билээ. Түүхийн ухааны доктор Б.Лхагва "Алтан аргамжаа”-ны “Алтан гэрэгэ” нийтлэлдээ “…Европ, Азийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс нутаг бүрдүүлж, дорно өрнийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно. …интернэт бүтээгдэхээс 700 жилийн тэртээ дэлхийг холбосон харилцаа, холбооны сүлжээг анх бий болгосон. Иймд Гэрэгэ нь Монгол Улсын дипломат албаны бэлгэдэл болсон билээ” хэмээн бичсэн байдаг.

Гэрэгэ ганц дипломатын бэлгэдэл бус орчин цагийн Монголчуудад эртний их эзэн хаадын үеийн сүр хүчний бэлгэдэл болон үлджээ. Тийм ч учраас их хаадын сүр хүчийг эргүүлэн бидэнд авч ирнэ хэмээн бэлэгшээж “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн Гэрэгэ”-г 2011 оноос уламжлал болгон гардуулж эхлээд байна. Энэ уламжлал гэхдээ жил болгон хэн нэгнийг шагнах, хэн нэгнийг дээд хэмээн өргөмжлөх асуудал биш юм. Энэ бол зөвхөн хийсэн бүтээсэнтэй он жилүүдэд, хийж бүтээж чадсан, хийж бүтээсэн нь үндэсний шилдэг хэмээн нэрлэгдэж, тийнхүү өргөмжлөгдөж чадах бүтээн байгуулалтад олгогддог шагнал юм. Монголчууд өнгөрсөн 26 жилийн туршид хэрэглэгч ард түмэн байсаар ирсэн. Өөрсдийнхөө олборлож баяжуулсан зэсийн баяжмалаа хүртэл Хятад хэмээх их айлд зараад эргүүлээд зэс бүтээгдэхүүн хийхдээ тэднээс боловсруулсан зэс өндөр үнэтэй авдаг. Харин өнөөдөр бид үйлдвэрлэгч болохыг зорьж байна. Ганзагын наймаа, үүргийн худалдаа, жижиг уурхайгаас гараандаа гарч байсан үндэсний томоохон компани, корпорацууд бүс нутгийн өрсөлдөгч, үйлдвэрлэгч болох гэж дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж зорьж байна. Энэ зорилгыг, энэ бүтээн байгуулалтуудын мөн чанарыг урамшуулж “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн Гэрэгэ”-г олгож байгаа юм. Шалгаруулалтын хувьд “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар бол орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамдын хувьд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Эдгээр байгууллага болоод иргэд холбогдох бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлэх ёстой. Ирүүлсэн бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг авч хэлэлцэн шалгаруулалтад оруулна. Шалгуур үзүүлэлтийн хувьд:
1. Нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргасан
2. Олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан
3. Бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж барьсан
4. Улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулна гэсэн үндсэн шаардлагатай билээ.
Улсын хөгжлийн тулгуур болж, түмнийхээ сайхан амьдралын түүчээ болох ёстой бүтээн байгуулалтад тооцогдож “Төрийн Гэрэгэ”-г авсан байгууллага зуунд дамжигдах бүтээн байгуулалт хийжээ хэмээн үзэх бүрэн үндэстэй юм. Тухайлбал хуучин ЗСБНХУ-ын үед Л.Түдэв гуайн удирдлага доор хийгдсэн “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-иос өөр олигтой дэлхийн боловсрол олгох толь бичиггүй явсан Монгол түмний мэлмийг нээх гэж “Непко Паблишинг” компанийн гаргасан “Британника” нэвтэрхий толь энэ шагналыг авсан нь байдаг. Бүтээн байгуулалт гэдэг дан ганц үйлдвэр, барилга, зам харгуй бус “ноу хау”, мэдлэг боловсрол, чадвар, туршлага гэсэн олон талтай цогц ухамсарлагдсан үйл ажиллагаа юм. Чухам энэ цогц ухамсарлагдсан үйл ажиллагаа л Монгол орныг хөгжил дэвшилд хөтлөх болно. Их хааны сүр хүчний бэлгэдэл “Гэрэгэ” өнөө цагт Монгол түмний ажил үйлсийн бэлгэдэл болсон түүх энэ билээ.
С.Амаржаргал
Эх сурвалж: Breakingnews.mn
Уучлаарай, 1 тодруулга авья, төрийн гэрэгэ шагналыг одоо аймгийн Здтг өгч байгаа вмуу
Хэрэгтэй л мэдээлэл бэ