...
...

Ургац тариалалтаар “улс төр хийх”-гүй байгаасай

Хаврын дунд сар гарч, маргааш ханш нээх учиртай. Газар тариалангийн улирал эхэлж,тариаланчид арвин ургац авах бэлтгэл ажилдаа хэдийнэ гарчээ. Үүнтэй зэрэгцэн  нийгмийн анхаарал татсан сэдэв болоод буй газар тариалангийн асуудлаар өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Тодруулбал, Төрийн ордны  Б танхимд 11.00 цагаас тариаланчдад тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар ярилцахаар , Сэлэнгэ, Булган, Төв аймгийн 300 гаруй тариаланчид цуглажээ. МАН-ын бүлгээс эл асуудлыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил ч ургац тариалалтаар улс төр хийхгүй байгаасай. Сайдтайгаа тэрсэлдсэн энэ салбарт шинэчлэл хийх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ Цандэлэг тэргүүтэй тариаланчид шиг сайн ч, муу ч тарьсан болгоноо төрд өндөр үнээр шахах гэж зүтгэх биш, Р.Бурмаа сайд тэргүүтэй бодлого тодорхойлогчид импортын улаанбуудайг оруулах эрхийг монополь компаниудад олгож, дотоодын тариаланчдынхаа хөдөлмөрийг үргүйдүүлэх үйлдлийг л хийгүй байвал сайнсан. Товчхондоо, хэн хэндээ хэрэгтэй тийм л бодлого энэ салбарт хэрэгтэй байна.

Газар тариалангийн салбарын бодит байдал

Энэ салбарын бодит байдал ямархан байгаа талаар хэдэн тоо дурдъя. Гурилын үйлдвэрүүдийн чанарын шаардлагыг бүрэн хангасан улаан буудай ОХУ-д тонн нь 330 орчим мянган төгрөгийн үнэтэй байна. Харин дотоодын тариаланчид нэг тонн буудайг 600 мянгаас буулгахгүй гэж буй. Холбооны ерөнхийлөгч нь “850 мянга” гэж хүртэл дуугарсан байна лээ. Түүний эл үйлдлээс харахад “Өндөр үнэ хэлж байгаад дунд нь тогтоочихно” гэж бодож байгаа нь илэрхий. Өмнө нь ийм маягаар урамшууллынхаа хэмжээг нэмэгдүүлээд сурчихсаны илрэл юм л даа. Энэ жил ч гэсэн “Ургацынхаа 80 хувийг алдлаа” гэж сүржигнэж байж гурилын үнийг өсгөсөн. Гурилын үйлдвэрүүд сургаар үнэ нэмж их ашиг олно, тэр мөнгөөрөө улаан буудайг нь худалдаж авна гэж тооцсон ч байж магад. Засгийн газар дотоодын хэрэгцээгээ хангах 100 000 тонн улаан буудайг л импортлохоор зэхэж байхад тариалсан бүх буудайгаа зарах нь ойлгомжтой байгаа дотоодын тариаланчид яагаад эсэргүүцэх болов. Учир нь импортын улаанбуудайн үнэ хямд байгаа юм.

Өнгөрсөн жил өндөр ургац авсан тариаланчид энэ жил ихэнх нь талбайн хэмжээгээ нэмэгдүүлсэн. Тиймээс алдагдал хүлээсэн нь ойлгомжтой. Гэхдээ тэглээ гээд алдагдлаа ард түмний халааснаас гаргана гэж зүтгэх нь учир дутагдалтай. Тариаланчид өөрсдийгөө “Маш эрсдэлтэй салбарт сэтгэлээрээ зүтгэж яваа эх оронч хүмүүс” гэж тодорхойлох дуртай. Гэвч үнэн хэрэгтээ эрсдэл багатай салбарт тооцогдох хэмжээнд төр засгаар тойглуулж байна. Нэг ширхэг үрийн буудай 8-10 болж ургадаг. Жил бүр ган болдоггүй. Харин Засгийн газар хөнгөлөлт, зээл тусламж, урамшууллаа жил болгон өгдөг.

Ингэж тойглуулж байгаа салбар өнөөдөр Монголд байхгүй. АНН-үүд цаг агаар тааламжтай байсан өнгөрсөн жилүүдэд нэг удаагийн ганд сөхөрчихгүй байх нөөцөө өөрсдөө бүрдүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, урамшууллын хойноос хөөцөлдөж, жил бүр тариалах талбайгаа нэмэгдүүлсээр ийм байдалд хүрлээ. Тодорхой хэлбэл, Засгийн газраас өгч байгаа урамшууллын мөнгө ч үүнд буруутай болж таарч байна. Тэгэхээр яах вэ. Хариулт нь бэлэн байж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн дөрөвдүгээр сард ард түмэндээ хандаж үг хэлсэн. Энэ үгэндээ маш олон асуудлыг хөндсөн бөгөөд ихэнх нь шийдлээ хүлээн байна.

Ерөнхий сайд “Миний хөндөх дараагийн нэг том сэдэв, Засгийн газрын хийх том ажил бол үнэ чөлөөлөх асуудал юм. 24 жилийн өмнө Бямбасүрэн гуайн Засгийн газар Монгол Улсын хөгжилд нэг буянтай зүйл хийсэн нь үнэ тариф, бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлсөн явдал юм.  Өнөөдөр бид энэ том үйлсийг дуусгаж, эцсийн цэгийг нь хатгах ёстой” хэмээн онцолж байгаад “Газар тариалан, гурилын үйлдвэрлэл эрхэлдэг хувийн компаниуд маань өнгөрсөн жилүүдэд нэг талаас хувийн компани шиг, нөгөө талаар төрийн өмчийнх юм шиг явж ирлээ. Төрөөс дэмжсэн бодлого урамшуулал, хөнгөлөлт чөлөөлөлт, үнийн бодлого газар тариалангийн салбарт үр ашгаа өгч өнөөдөр бид хэрэглээгээ 100 хувь өөрсдөө хангах боллоо.

Гэвч төрийн байгууллага болон Тариалан эрхлэгчдийг дэмжих сан бизнест хэт их хутгалдаж, урамшууллын одоогийн тогтолцоо үеэ өнгөрөөж, гурилын үйлдвэрлэл хэрэглээнээсээ 2.5 дахин их хүчин чадалд хүрч, тариаланчид ч урдах жилүүдээсээ илүү их ургац хураах боллоо. Зах зээлийн зөв зарчим дээрээ суурилаагүй өнөөгийн байдал тариаланчдыг тариан талбай дээр бус Чингисийн талбай дээр ажлаа хийхэд хүргэсэн. Иймд ХХААЯ тариаланчид, үйлдвэрлэгчдийн саналыг авч сайтар судалсны үндсэн дээр гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хуучин урамшуулалд олгодог байсан хөрөнгө  мөнгөө харин нийгмийн хэрэгцээ шаардлага бүхий хэсэг бүлэгт үнийн зөрүүнд нь зарцуулдаг тогтолцоонд шилжих болно” хэмээн гал цогтой хэлсэн билээ.
 
Одоо энэ ажлаа л нэн даруй хийх хэрэгтэй. Хүүхдийг хэт бөөцийлөөд байвал эрх танхи, амьдрах чадвар султай болж өсдөг. Манай газар тариалангийн компаниудад ч энэ шинж илэрч байх шиг байна. Урамшуулал авахгүй бол тариагаа ч тарьж чаддаггүй олон компани байснаас чадамжтай цөөхөн ААН байсан нь дээр.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ