"Түрээсийн орон сууц" хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл гуравдугаар сарын 21-ээс эхэлж энэ сарын 1 хүртэл үргэлжилсэн билээ. Гэвч бүртгүүлсэн хүн бүр орох боломжгүй, чухамхүү 350 айлын орон сууцанд орох эздийг сугалаагаар тодруулах юм. Бүртгүүлээд сугалаагаар шалгарч чадаагүй иргэд яах вэ? асуудал эндээс гарна. Тэгвэл тэд дараа дараачийн ТОСК-аас зарлах түрээсийн орон сууц, байрны зээл гэх мэтийн бүртгэлд шууд оруулах давуу эрхтэй болох юм. Учир нь түрээсийн орон сууц 350 айлаар хэмжигдэхгүй. “Буянт-Ухаа II” хороололд ашиглалтад орохоор барилга, инженерийн ажил явагдаж буй 6500 айлын орон сууц бий. Иймд энэ орон сууцыг бүгдийг түрээслүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Түүнчлэн “Буянт-Ухаа III” хорооллын 3600 айлын зураг төслийг боловсруулаад явж байгаа аж. Энэ хавраас газар шорооны ажил эхэлнэ. Барилга барих 180 сая ам.долларын санхүүжилтийг хоёр жилийн өмнө БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр шийдсэн байдаг. Барилга ашиглалтад ороод эхэлбэл мөн л түрээслэх боломжтой гэдгийг албаны хүн хэллээ.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250