...
...

Ханшийн зөрүүнээс иргэд хохирч байна

 

Өнөөдөр долларын зээлтэй хувь хүн, хуулийн этгүүдүүд долларын ханшны өсөлттэй холбоотой алдагдалд ороод байгаа билээ. Энэ нь Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан хэрэг юм. Жишээ нь 2013 оны 1 сая долларын зээл авсан  компани 1,3 тэрбум төгрөг банкинд төлөх байсан бол өнөөдөр 2 тэрбум төгрөг төлнө. Зөвхөн ханшийн зөрүүнд 700 сая төгрөг төлөх болно. Энэ нь зээлийнхээ  50 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр гэсэн үг.

Уг нь Монгол улсын Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт энэ асуудлыг  зохицуулсан байдаг. Үүнд “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос  өмнө  мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заажээ.

Тэгвэл 218.1 хөдөлгөөний санаачлагчид болох иргэн Т.Баярхүү, Ц.Шинэбаяр, Г.Ганбат нар өнөөдөр дээрх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Иргэний хуулийн 218.1 дэх Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг шаардаж буйгаа мэдэгдсэн юм.

218.1 хөдөлгөөний санаачлагч Т.Баярхүү: "Бидний хөдөлгөөний гол зорилго нь Өргүй Монголын төлөө нэгдэцгээе гэсэн уриатай. Зорилгын үндсэн гурван заалтаа танилцуулъя. Нэгдүгээрт, долларын зээлтэй хувь хүн, хуулийн этгээдүүд долларын ханшны өсөлттэй холбоотой алдагдал, хохирлыг барагдуулах. Хоёрдугаарт, арилжааны банкуудын долларын зээлүүдийг зээлдэгчид болон банкинд алдагдалгүйгээр хуульд заасан ханшаар төгрөгийн зээл болгон шилжүүлэх, гуравдугаарт төгрөгийн ханшийг тогтворжуулах Монгол төгрөгөөр орлого олж, ашиг хүртдэг нийт ард түмнээ өрийн хямрал дарамтнаас чөлөөлөх гэсэн зорилтын хүрээнд бид энэхүү хөдөлгөөнийг өрнүүлээд байна" гэв.

Өөрөөр хэлбэл “Долларын ханш өсөхийн хэрээр валютын зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Өнөөдөр долларын ханш 2050 төгрөгтэй тэнцэх боллоо. Гэтэл гурван жилийн өмнө ч юм уу доллар 1400 төгрөгтэй тэнцэж байх үед валютын зээл авсан аж ахуйн нэгж өнөөдөр асар их хохирол амсч байна. УИХ-аас баталсан дээрх хуулийн заалтаар ийм үед иргэн, аж ахуйн нэгж хохирох ёсгүй. Харамсалтай нь, долларын ханш чинээндээ тултал өсчихөөд байхад уг заалтыг нэг ч удаа хэрэгжүүлсэнгүй” гэлээ.

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ