БХБЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболдоос Монголын эдийн засгийн шинэ шийдлийн талаар тодрууллаа.
-Монгол Улс эдийн засгийн хувьд сүүлийн жилүүдэд олон сорилтуудтай учирлаа. Одоо шийдэл ярих болсон гэж эдийн засагчид ярьж байна. Та энэ шинэ шийдлийг ямар өнгцөөс харж байна вэ?
-Монголын эдийн засгийн тухай сүүлийн хэдэн жилд нэлээд их ярилаа. Их улс төржсөн. Сүүлийн үед олон янзаар олон түвшинд дүгнэж, хэлэлцэж байна. Гэтэл хоёр бичиг баримтыг мартаад, орхиж яриад байх шиг байна. 2015 оны цагаан сарын өмнө батлагдсан Монгол Улсын Эдийн засгийн хөтөлбөр бий. Мөн сая 2015 оны мөнгөний бодлогыг хэлэлцүүлэх явцад гаргасан шинэ тэнцвэрийн загвар байгаа. Энэ хоёрыг нийлүүлээд харахад ирээдүйн зураг маань нам инфляцитай, яваандаа аажмаар хүү буурсан байх нь. Ийм орчинд эдийн засаг хөгждөг юм уу.
-Төсвийн алдагдал их гарсан тухай ярьж байгаа. Төсвийг тэнцвэржүүлэх ямар боломж байна вэ?
-Хэрэв улсын төсөв тэнцэртэй биш, жил бүр алдагдал гаргаад байх юм бол хувийн сектороос тэр хэмжээгээр мөнгө нь байхгүй болж байгаа юм. Улсын төсөв алдагдалгүй, тэнцвэртэй байдаг түвшин их чухал. Огцом эдийн засгийн “шок” ирсэн жилүүд байлаа. Харин 2016 он бол сонгуулийн жил. Монгол Улсын төсөвт санаа зовж байсныг бодвол арай гайгүй батлагдлаа. Цаашдаа улсын төсөвт алдагдалгүй байх зарчимыг баримтлаж, алдагдал үүсвэл хуримтлал бий болгодог байх ёстой. Хуримтласан мөнгөөр урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох нь Монгол Улсын хөгжлийн зайлшгүй сонголт гэж харагдаж байгаа.
Б.Баярмаа
Эх сурвалж : www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250