...
...

Төрөөс лиценз авч, наймаалцдагаа болих хэрэгтэй

Монголын эдийн засгийн форум  "Сургамж, сорилт, шийдэл" уриан дор Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү чуулган “Дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг”, “Хөгжлийн төлөө түншлэл-25 жил”, “Цомхон, чадварлаг төр”, “Нийгмийн даатгалын шинэчлэл”, ‘’Уул уурхайн салбарын алсын хараа”, “Хууль эрхзүйн тогтвортой байдал”, “Хуульчдын өрсөлдөх чадвар”, “Мэргэжлийн ёс зүй”, “Ногоон бизнес”, “Монгол мөрөөдөл” зэрэг сэдвийн хүрээнд дэс дараалсан хэлэлцүүлэг болж байна.

“Дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг хэлэлцүүлгийн үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал ярихдаа “Улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн хамаарлыг яаж бууруулах вэ гэдэг асуудал бидний гол зорилго болж байгаа. Мөн Монгол Улс нам инфляцийн орчныг бүрдүүлэх ёстой. Одоо монголчуудад мэдлэг шингэсэн экспортын худалдааг хөгжүүлэх нь эдийн засагт илүү чухал юм.

Үүний зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийг аль болох дэмжиж, нэмэгдүүлэх цаг болжээ. Цаашид уул уурхайн орчноос сайн эдийн засаг гарахгүй нь харагдаж байгаа” гэсэн юм.

Хуралдааны хөтлөгч Э.Долгион өнгөрсөн хугацаанд Монгол Улс эдийн засгийн хямралд их өртлөө. Эндээс ямар сургамж үлдэв. Цаашид бид эдийн засгийн ямар замыг сонговол зүйтэй вэ хэмээн асуухад Н.Золжаргал хариулахдаа Уул уурхайн түүхий эдийн уналт бидэнд их сургамж өглөө. Одоо Засгийн газрын бодлого дунд давхаргад чиглэсэн байвал эдийн засагт илүү үр дүнтэй байх болов уу. Ер нь нэг зүйлийг онцолж хэлэхэд өндөр инфляци байх тусам Монгол банк ажиллах боломжгүй болдог. Одоогийн байдлаар хоёр хувийн инфляцитай байна. Цаашид аль болох нам инфляци хэрэгтэй. Гэхдээ манай эдийн засагт шинэ тэнцвэртэй өөрчлөлт гарч эхэлж байгаа гэв.

Дараа нь МУИС-ийн багш, доктор, эдийн засагч Ч.Хашчулуун “Монголд барилгын салбар төрийн оролцоотой байна. Мөн жишээ нь, Монголын төмөрзам, Эрдэнэс таван толгой зэрэг компаниуд төрөөс лиценз аваад, наймаалцдаг болсон. Үүнийг болих хэрэгтэй. Ер нь төрийн аппаратыг цомхотгох цаг болсон. Нэмж хэлэхэд, Төсөв тодорхой, бодлого зөв байх шаардлагатай” гэж хэлсэн.

    Хавар зээл гарч, намар ургац авдаг мөчлөгийг больё

Хөтлөгч Э.Долгион “Төсвийг алдагдалгүй батлах боломжтой юу?” хэмээн асуухад УИХ-ын гишүүн Б.Болор хариулахдаа ”Монгол Улсын төсвийн алдагдал үүссэн шалтгаан нь сүүлийн долоо, найман жилд төсвийн төлөвлөлтөд учир дутагдалтай хандаж ирсэн. Төсвийн алдагдал улс төртэй хамаарч байгаа. Энэ алдааг засах гэж Сангийн яамнаас 2016 оны төсвийг УИХ-д өргөн барьсан. Ч.Хашчулуун докторын хэлсэн төсөв тодорхой, бодлого эрүүл, зөв байх зайлшгүй шаардлагатай нь үнэн юм. Монголын эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөг бид хангалттай харж байгаа. Төсөв алдагдалгүй батлагдах бололцоотой гэж би үздэг. Жишээ нь, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбараа хөгжүүлж байж эдийн засаг өснө. Гэхдээ бидэнд эрүүл улс төр хэрэгтэй байна. 2016 он сонгуулийн жил байсан ч төсвийг эрүүл батлах ёстой гэдгийг онцлон хэлье” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэйг онцолсон. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан байгаа. Харин хадгаламжийг дэмжвэл дотоодын үйлдвэрийг босгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Ингэснээр манай улсын эдийн засгийн өсөлтөд эерэг байх болно гэж  хэлэлцэж байлаа.

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлснээр цагаан сараас хойш эдийн засаг зөөлөрчээ. Хамгийн гол нь эдийн засагтаа зайлшгүй хийгдэх шийдвэрүүдийг гаргахыг хүлээх юм байна.  Мөн "Засгийн газраас хавар зээл гарч, намар ургац авдаг мөчлөгийг болих хэрэгтэй" гэсэн санал ч тавьж байлаа. Энэ чуулганы үр дүнгээс Монгол Улсын эдийн засаг бизнесийн дүр зургийг гурван сардаа багтааж тодорхой болгох ёстой гэж онцолсон.

 

Сурвалжилсан Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ