...
...

Эдийн засгаа эрүүл нүдээр харъя

“Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных” гэж ямар мэргэн үг вэ. Энэ өдрүүдэд болж буй “Монголын эдийн засгийн чуулган”-д дээрх дүгнэлтийг өгвөл дургүйцэх хүмүүс олон л байх. Гэхдээ яая гэхэв, бодит үнэн энэ хойно. “Монголын эдийн засгийн чуулган” өнөө жилтэй нийлээд 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа.

Анх 2010 онд  “Бид хамтдаа чадна”, 2011, 2012 онуудад “Хөгжилд хамтдаа”,  2013 онд”Монгол Улсын хөгжлийн стратегийн хэлцэл”, 2014 онд “Монголдоо бүтээцгээе”,  2015 онд “Итгэлцэл”, 2016 онд “Сургамж, сорилт, шийдэл” гэх зэрэг ганган чамин уриан дор долоон жил хуралдлаа.

Сайхан, сайхан уриа лоозон урдаа барьсан “Монголын эдийн засгийн чуулган”-аас энэ хугацаанд ямар үр дүн гарав?

Хэлсэн ярьсан, хэлэлцэж тохиролцсоноороо Монголын эдийн засаг өндийж дээшлэв үү?

Дотоодын эдийн засгийн чадамж дээшилж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэв үү?  гээд нэг асуугаад үз дээ. 

Сахил хүртсэн биш шал дордов гэгчээр долоон жил сүр дуулиантай хуралдлаа гээд өнөөгийн байж байгаагаа хараад үзэхээр үнэхээр ичмээр.

 Өнөөдөр ам долларын ханш 2045 төгрөгт хүрчихлээ. Төсвийн алдагдал түүхэндээ байхгүйгээр буюу 940,5 тэрбумд хүрлээ. Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 960 сая төгрөг болов. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос зугтаж, олон улсын төсөл хөтөлбөрүүд таг зогслоо. Уул уурхайн салбар уналтанд орж, олон мянган уурхайчдын амьдрал хүндэрлээ. Ажилгүй иргэдийн тоо өсч, амьдралын баталгаажих түвшнөөс доогуур амьдралтай өрхийн тоо нэмэгдэв. Эдийн засгийн бодит байдал ийм л байна.

Чуулаад л байдаг, чуулаад л байдаг чухал үр дүнд хүрсэн юм даанч алга, эрхэм эдийн засагч, улс төрч нөхөд минь.

Чуулганд оролцож үг хэлж буй төрийн өндөрлөгүүдийн үгээр бол бүх юм болж, бүтэж байгаа. Эдийн засгийн энэ чуулган Монголын ирээдүйг тодорхойлох ач холбогдолтой юм байх. Үнэхээр тийм байсан бол мөн сайхан аа. Уриа шигээ хамтдаа хөгжөөд, хамтдаа чадаад, эдийн засгийн итгэлцлийг бий болгоод, боломж нээгдээд, шийдэлд хүрээд явсан бол өнөөдөр ингэж бичихийн үндэс үгүй байлаа.

Гэвч ам ажил хоёр нь зөрдөг жишиг энэ чуулганд нэгэнт тогтчихож. Асуудал ганцхан чуулгандаа ч байгаа юм биш. Гагцхүү манай улсын бодлого тодорхойлогчид болоод эдийн засагчид хэт улс төржиж, ард түмэнд таалагдахын тулд амьдралаас тасархай “худал” мэдээлэл ярьж буй нь харамсалтай. Эдийн засаг ийм хүнд нөхцөлд хүрчихээд байхад ичих ч үгүй “Эдийн засаг хэвийн. Иргэдийн амьдрал сайжирч байна” гэж ярих улс төрч, эдийн засагчдыг олонтаа үзлээ. Олон нийтийн тархийг угаахын тулд зориуд зорилготойгоор ийм мэдээлэл хийж байгааг  иргэд маань ялгаж,салгах хэрэгтэй. Монгол Улсынхаа эдийн засгийг иргэд, хэвлэл мэдээллийнхэн бид л эрүүл нүдээр харахгүй бол эрх баригчид, тэдний гар хөл болсон эдийн засагчид зохиомлоор худлаа ярих нь энүүхэнд болжээ.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • ядарч явахад нөхрөө гэж бие биенээ ойлголцож эх орноо бодоцгоох хэрэгтэй бнаа

  • ЭЛБЭГДОРЖИЙГ ЯРЬЖ БАЙХАД АЛГА ТАШААД МӨН Ч ИХ ТААШААЛ АМЧ БАЙХ ШИГ. ХООСОН ЧАЛЧИЖ БАЙГАА НЬ ТААЛАГДАА ЮУ УГ НЬ МАНАЙ ШИЛДЭГ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ИНГЭЖ Ч ДОЛИГНОХ ГЭЖ НЭР НҮҮРЭЭ БОДООЧ УХААНТНУУДАА

Онцлох мэдээ