“Барилга Эм Эн” ХХК-ийн Судалгааны албаны дарга Б.Билэгтсайхантай орон сууцны үнэ ханш, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.
-Зах зээлд орон сууцны борлуулалт хэр байна вэ?
-2015-2018 онд борлуулагдаагүй орон сууц зах зээлд 28700 байна. 2016-2018 онд ХУД-т хамгийн өндөр буюу 13,587, БЗД-т 7006 айлын орон сууц байна. Эдгээр орон сууцыг зэрэглэлээр нь авч үзвэл стандарт зэрэглэл нь 50 хувь, стандарт сайн зэрэглэл 35 хувь, тансаг зэрэглэлийн орон сууц 15 хувьтай байна. Борлуулалтын хувьд тансаг зэрэглэлийн орон сууц хамгийн бага буюу 47 хувь байгаа бол бусад орон сууцны борлуулалтын явц 61 хувьтай байна.
-Үнийн хувьд ?
-Орон сууцны дундаж үнэ стандарт зэрэглэлтэй нь 1.775.000, стандарт сайн 2.363.000, тансаг орон сууц 3.800.000 орчим байна. Дүүргүүдийн хувьд ХУД-т хамгийн өндөр буюу 2 сая төгрөг байгаа бол ЧД-т хамгийн бага буюу 1,1 сая төгрөг байна.
-Дүүргүүдэд хэчнээн төсөл хэрэгжиж байна вэ?
БЗД-т хамгийн их буюу 38 төсөл хэрэгжиж байна. Стандарт сайн орон сууцны хувьд БЗД-т хамгийн их буюу 24 төсөл хэрэгжиж байна. Үнийн хувьд ХУД-т хамгийн өндөр буюу 2,4 сая төгрөг байгаа бол ЧД, СXД-т хамгийн бага буюу 1,6 сая төгрөг. Харин тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд ХУД-т хамгийн их буюу 13 төсөл хэрэгжиж байна. Үнийн хувьд СБД-т хамгийн өндөр буюу 5,2 сая төгрөг байгаа бол БЗД-т хамгийн бага буюу 3,4 сая төгрөг байна.
-Орон сууцны мкв-ын үнэ хэд байвал иргэд худалдан авах чадамжтай байна вэ?
-Худалдан авагчдын 70% нь 1,8 сая хүртэлх үнэтэй орон сууц худалдаж авах сонирхолтой байгаа бол 83 хувь нь ипотекийн зээлээр байртай болох боломжтой байдаг байна. Тийм учраас орон сууцны борлуулалт иргэдийн чадамж болон ипотекийн зээлээс ихээхэн хамаарч байна. Орлогын түвшнээр нь аваад үзвэл 1.100.000-аас дээш орлоготой өрхийн 50-60 хувь нь орон сууцтай болсон гэх тооцоолол бий. 900.000-1.100.000 төгрөгийн орлоготой өрхийн хувьд улсын хэмжээнд 45 мянган өрх бий. Үүнээс барьцаа хөрөнгийн боломжтой, эхний ээлжийн шаардлага хангасан 8700 орчим өрх эрэлтийг бүрдүүлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл эрэлт нь 8700, нийлүүлэлт нь 2O мянга орчим байна.
-Жилд хэчнээн орон сууц зах зээлд нийлүүлэгдэж байна вэ?
-2014 онд 12 мянган айлын орон сууц нийлүүлэгдсэн бол өнгөрсөн онд 25 мянган айлын орон сууц нийлүүлэгдсэн. Нийлүүлэлтийн 60 орчим хувь нь Баянзүрх болон Хан-Уул дүүргүүдэд төвлөрсөн. Эдгээр орон сууцны борлуулалтын явц зэрэглэл тус бүрээсээ өөр. Дунджаар борлуулалт 60 хувьтай байна. Өмнөх онтой харьцуулбал орон сууцны борлуулалт удаашралттай байна.
-Сард дунджаар хэчнээн орон сууц борлогдож байна вэ?
Нийт орлогын түвшин улсын хэмжээнд буурсан үзүүлэлттэй байна. Нөгөө талаар банкуудын зээлийн шалгуур өндөр байгаа учир энэ шаардлагыг хангах өрх цөөхөн. Монгол улсын иргэд ойрын 2 жилд багтаан орон сууцтай болох хүсэл ихтэй байгаа хэдий ч орлогын түвшин доогуур байгаа учир орон сууц худалдан авч чадахгүй байна. Дээр хэлсэнчлэн иргэд 1.700.000 орчим үнэтэй байрыг сонирхож байгаа хэдий ч нийлүүлэлт нь үүнийг хангаж чадахгүй энэ түвшний нийлүүлэлт ердөө 18 хувьтай байна.
-Орон сууцны үнэ намрын улиралд илүүтэй өсөх хандлага харагддаг л даа. Судлаач хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?
-Тиймээ. Өнгөрсөн хоёр, гурван жилд ийм хандлага байсан. Тухайлбал орон нутгийн иргэд намар хот руу орж ирдэг. Үүнийг дагаад бага зэрэг байрны үнэ өсөх хандлага харагддаг. Гэхдээ өнөөгийн зах зээлд орон сууцны нийлүүлэлт их байгаа учир тэдийд, өдийд өсч байна гэсэн дүр зураг сүүлийн үед харагдахгүй байгаа.
-Цаашид орон сууцны үнэ буурах уу. Иргэдийн дунд байрны үнэ улам буурна гэх хүлээлт бий болчихлоо. Хүлээх үү эсвэл одоо худалдаж авах уу?
- Орон сууцны үнэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Орон сууцны үнэ сүүлийн жилүүдтэй харьцуулбал 10-15 хувиар буурсан. Цаашид буурах болон өсөх дүр зураг харагдахгүй байна. Тийм учраас одоогийн нөхцөлд хүлээхээсээ илүүтэй худалдан авах нь зөв.

Ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn