Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин, Дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Б.Цэдэн-Ишийн амьдрал, түүхэн замнал” эрдэм шинжилгээний хурал саяхан боллоо.
Төр, улс оршин тогтнож буй цагт хил хязгаар, нутаг дэвсгэрийн асуудал нь ямагт амин чухал байдаг. Аливаа улсын хил нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн хил хязгаарыг хөрш улс орны нутаг дэвсгэрээс нарийвчлан зааглаж тогтоосон шугам байдаг.
XX зуунд Монгол улсын хилийг албан ёсоор хөрш хоёр улстай тогтоож, олон улсын баталгаатай болгох явдал онцгой ач холбогдолтой зүйлийн нэг байв. Улсын хил бүрэлдэн тогтох нь түүхийн урт хугацаанд хөрш орнуудын улс төрийн харилцааны явцад аажим алгуур бүрэлдэн, зэрэгцэн оршдог субъектүүдийн болон олон улсын хилийн гэрээ, хэлэлцээрээр баталгаажиж, улс орны үндэсний тусгаар тогтнолын эрхэм шалгуур болох учиртай. Энэхүү түүхэн үйл хэрэгт өөрийн мэдлэг, ухаан бодлоо зориулсан хүн бол хилчин дэслэгч генерал Базарын Цэдэн-Иш (1906-2009 он) юм.
Бодонгууд овогт Базарын Цэдэн-Иш нь 1906 онд төрсөн. Дорнод аймгийн Хөх-Ишгэнтийн хилийн харуулын даргаас Яамны орлогч сайд, Хязгаарын ба ДЦХЭГ-ын ( тухайн үеийн ) даргаар дэвшин улсад жар гаруй жил ажилласан бөгөөд Хилийн албанд 41 жил зүтгэсэн “Домогт хилчин” хүн байв. Б.Цэдэн-Иш нь анх хилийн цагдаа харуулын даргаар томилогдон ажиллах болсноор хилийн харуулын цэс бичгийг судалж, хилийн овоо тэмдэг, хилийн шугамын явалт ба тодорхойлолттой танилцаж, газар дээр нь тулган шалгах асуудлыг биечлэн гүйцэтгэсэн нь нэгэн зүйлийн сургамжтай сургууль болсон.
Тэрээр Ардын хувьсгалаас хойш эзэмшин хамгаалж, олон улсын хэмжээнд нэгэнт зөвшөөрөгдөөд байсан “Монгол улсын одоогийн хилийг баримтлан хэлэлцээр явуулах” саналаа 1957 оны VI сард Монгол улсын Засгийн газар, Гадаад яаманд танилцуулан, хөрш зэргэлдээх оронтой улсын хилийг албан ёсоор тогтоох чухал ажлыг эхлүүлсэн. Монгол-Хятадын хилийн хэлэлцээрт бэлтгэж, хилийн комиссын бүрэлдэхүүнд түүхч, газар зүйч, хуульч, хилийн цэргийн болон хил судлалын мэргэжилтнүүдийг томилуулж, өөрөө ажлыг нь удирдсан байдаг.
Монгол-Хятадын хилийн хэлэлцээр Улаанбаатар хотноо 1962 оны X сард эхэлж, хоёр улсын хилийн дагуух нийт 30 хэсэг газрын 17,321 км2 газар нутгийн асуудлыг хэлэлцээд 5007 км2 газрыг Хятадын талын саналаар 12,314км2 газрыг Монголын талын саналаар тус тус тохиролцон гэрээ байгуулж, Монгол-Хятадын энэхүү хилийн гэрээнд 1962 оны XII сарын 26 өдөр Бээжин хотноо БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Жоу Энь Лай нар гарын үсэг зурж, гэрээний батламжийг 1963 оны III сарын 25 өдөр Улаанбаатар хотноо солилцож, хожмоо НҮБ-д бүртгүүлсэн байна.
Монгол-Зөвлөлтийн хилийн тав дахь удаагийн буюу 1958 оны III сарын 26-нд “Улсын хилийг тодотгон тогтоох хэлэлцээр”-ээр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгийн хойт захаар Баян-Өлгий аймгийн Асгатын даваанаас зүүн тийш Хөвсгөл аймгийн Тэнгис голын Монгол шарын даваа хүртэл 1305 км хилийн шугамд 332 ширхэг хилийн багана, тэмдэгтийг босгосон байжээ.
Хаант орос, Манж улсын “Буурын голын” гэрээгээр тогтоосон бүдүүвч хил, 1935 оноос хойш хамгаалалтгүй явж ирсэн хойт зүгийн хилийг Б.Цэдэн-Ишээр ахлуулсан ажлын хэсэг 1972 оноос газар дээр нь шалган явж, түүнд босгосон түүхт 83 овоо тэмдэгтээс 79 овоо тэмдгийг олж илрүүлэн, тогтоож улмаар Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээрт бэлтгэж эхэлсэн байна.
Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээр 1975 оны VII сард Чита хотноо эхэлж, хоёр улсын хилийн дагуух 145 хэсэг газрын 659,65 км2 нутаг дэвсгэрийг Монголын талд, 109 хэсэг газрын 120,6 км2 нутаг дэвсгэрийг Зөвлөлтийн саналаар тус тус тогтоон, Монгол Зөвлөлтийн хилийн гэрээнд 1976 оны X сарын 19-ний өдрийн Москва хотноо МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев нар гарын үсэг зурж, гэрээний батламжийг 1977 оны I сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо солилцсон билээ.
Б.Цэдэн-Иш Монгол улсынхаа хилийг баталгаажуулан Бээжин, Москва хотуудад хөрш гүрнүүдтэйгээ хил тогтоосон түүхэн их гавьяа байгуулж, гэрээнд гарын үсэг зурахад гол үүрэг гүйцэтгэн оролцсон. Хөрш хоёр улстай байгуулсан гэрээнд улсаа төлөөлж төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан хэдий ч энэ нь үнэндээ тусгаар тогтнолын баталгаа болсон “Улсын хилээ зааглан тогтоох” гэсэн Б.Цэдэн-Иш генералын чин эрмэлзэл, олон жилийн, нарийн түвэгтэй, олон талт судалгаа шинжилгээ, Хилийн комиссын ажлыг оновчтой удирдан зохион байгуулсан нөр их зүтгэл, хөдөлмөрийн үр дүн, түүний гавьяа юм.
Монгол улсын хилийн шугамыг судалж, тодотгох, тогтоон тэмдэглэх ажилд олон жилийнхээ хөдөлмөрийг зориулж, хилийн багана тэмдэгт нэг бүрийн байршилт, газар орны шинж байдлыг тодорхой мэддэгээрээ Б.Цэдэн-иш “Монголын хилийн албаны нэвтэрхий толь” хэмээн алдаршсан. Энэ түүхт хүний мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн “Б.Цэдэн-Ишийн амьдрал, түүхэн замнал” эрдэм шинжилгээний хурал юм.
Тус хуралд “Монгол улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлыг хангахад Б.Цэдэн-Ишийн оруулсан хувь нэмэр” үндсэн илтгэлийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, цэргийн ухааны доктор, хошууч генерал Ш. Лхачинжав хэлэлцүүлсэн.
“Монгол улсын хилийн түүхийн судалгаанд Б.Цэдэн-Ишийн гүйцэтгэсэн үүрэг” - ХСИС-ийн Удирдлагын академийн профессор, цэргийн ухааны доктор, хурандаа Ц.Ганболд, “Б.Цэдэн-Иш ахмад сурган хүмүүжүүлэгч мөн”- ХСИС-ийн Хилийн сургуулийн захирал, цэргийн ухааны доктор, профессор, хурандаа В.Жавхланцогт, “Базарын Цэдэн-Ишийн хувийн архивын сан хөмрөгөөс”- Архивын ерөнхий газрын дарга, доктор, профессор И.Саруул, “Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон тухай бүтээлүүд, түүний ач холбогдол” - Түүхийн ухааны доктор, профессор Э.Лувсанбалдан нар хавсралт илтгэлийг хэлэлцүүллээ. Хурлыг Монгол Улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Хууль зүйн яам, Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг, Хил хамгаалах ерөнхий газар, Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn