Шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулийн хэрэгжилт, дагаж мөрдөх дүрэм журам болон барилга, орон сууцны зах зээлийн талаарх мэдээллийг барилгын салбарын ААН, бизнес эрхлэгчдэд өгөх зорилгоор БХБЯ, МҮХАҮТ, "Барилга.МН" хамтран “Барилгын салбарын эрх зүй ба зах зээл” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтын үеэр оролцогчид салбарын эрх зүй болон зах зээлийн сэдвээр БХБЯамны удирдлагуудаас асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэхүү барилгын тухай шинэчлэн батлагдсан хуулинд барилгын салбарт оролцогчдын эрх, үүрэг, норм нормативыг шинэчилснээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын эрх, зүйн орчин бүрдсэн. Мөн барилгын ажлын тусгай зөвшөөрлийг олгоход 2008 онд батлагдсан хуулиар 505 өдөр, 124 гарын үсэг авдаг байсныг уг хуулиар 56 өдрийн дотор 35 гарын үсгийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан олгодог болж байна. Мөн Барилгын салбарт ажиллаж буй 95 мянга гаруй ажилтан даатгалд хамрагдах боломжтой болох юм. Түүнчлэн захиалагч нь, гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг даатгуулахыг шаардах эрхтэй зэрэг олон шинэчлэл уг хуулиар хийгджээ. Ингэснээр барилгын компаниудын хариуцлагыг илүү нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга нарын чиг үүрэгт оруулж, барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, хамгаалалтын горим тогтоох үйл ажиллагааг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хариуцахаас эхлээд олон шинэчлэл уг хуулинд тусгагдсан болохыг салбарынхан онцлон хэллээ.
БХБЯамны БХБНААБГазрын ахлах мэргэжилтэн н.Баярдуламаас тус хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

-Шинэчилсэн найруулгын тухайд товчхон яривал. Өмнөх хуулиас юугаараа ялгаатай вэ?
-Барилгын тухай хууль анх 1998 онд батлагдсан. Хоёр дахь удаагийн шинэчилсэн найруулга 2008 онд батлагдаж байсан бол гурав дахь шинэчилсэн найруулга нь 2016 оны нэгдүгээр сард батлагдсан. Энэ хууль нь 9 бүлэг, 50 зүйлтэй. Энэхүү шинэчилсэн найруулгаар барилгын салбарт тулгамдсан болон зайлшгүй шийдвэрлэвэл зохих олон асуудлуудыг тусгасан. Монгол улсын нутаг дэвсгэрт барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, ашиглах, техникийн хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хуулийн бүлгүүдийн тухайд товчхон дурдвал, нэгдүгээр бүлэг нийтлэл үндэслэл. Хоёрдугаар бүлэгт барилгын ажлын төлөвлөлт, барилга байгууламжийн ангиллыг тусган өгсөн. Гуравдугаар бүлэгт барилгын үйл ажиллагааны үндсэн шаардлага, дөрөвдүгээр бүлэгт барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, тавдугаар бүлэгт барилгын салбарын удирдлага зохицуулалт, зургаадугаар бүлэгт барилгын үйл ажиллагаанд оролцогч талуудын чиг үүрэг, эрх, долдугаар бүлэгт техникийн улсын хяналт, наймдугаар бүлэгт барилга байгууламжийн гэрчилгээг хэрхэн олгох талаар, мөн есдүгээр бүлэгт бусад зүйлийг тус тус тусгасан.
-Барилгын ажлын тусгай зөвшөөрлийг олгох асуудал хугацааны хувьд ихээхэн хэл ам дагуулсаар ирсэн. Үүнийг тус шинэчилсэн найруулгад хэрхэн тусгасан бэ?
-Тэгэлгүй яахав, Тиймээс яам барилгын ажлын тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг аль болох нээлттэй, хүнд суртал багатай байх чиглэлийг баримтлан тусгасан. Тухайлбал, 2008 онд 505 өдөр, 124 гарын үсэг, 2010 онд 188 өдөр 57 гарын үсэг, 2012 онд 84 өдөр, 46 гарын үсэг байсан бол энэхүү шинэчлэгдсэн хуулиар 56 өдрийн дотор 35 гарын үсгийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан олгодог болж байна.
-Тус хуулийн наймдугаар бүлэгт барилга байгууламжийн гэрчилгээг чанар, аюулгүй байдлын түвшингээр авч үзэж карт олгох тухай яригдлаа. Тэгэхээр иргэд тус картны өнгөөр нь чанар, аюулгүй байдлыг харгалзан үзнэ гэсэн үг үү?
-Ашиглалтанд оруулсан барилга байгуулалтад барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын баримт бичгийг хянаж ажлын долоон өдрийн дотох ашиглалтын гэрчилгээг олгоно гэж заасан байгаа. Ингэхдээ чанар аюулгүй байдлаар нь гурван өнгийн карт олгох юм. Ногоон өнгийн картыг шинээр баригдаж ашиглалтад орсон болон цаашид ашиглалтын шаардлага хангасан барилга байгууламжид олгох бол шар өнгө нь засвар шинэчлэлт хийгдэж ашиглалтын шаардлага хангах боломжтой нь тогтоогдсон ашиглагдаж буй барилга байгууллага хамаарна. Улаан картны тухайд ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон ашиглагдаж буй барилга байгууламж хамаарна. Өөрөөр хэлбэл Барилгын улсын хяналт хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага үүнийг олгоно. Тухайн барилгыг улсын комисс хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор ашиглалтын гэрчилгээ олгох зохицуулалтыг тусгасан гэсэн үг л дээ.
-Тус хуулийн бусад зүйл гэдэгт юуг илүүтэй тусгасан бэ?
-Энэхүү шинэчилсэн найруулгын ес буюу бусад зүйл нь хариуцлага гэсэн нэг зүйлтэй. 47 төрлийн зөрчилд торгох, хууль бусаар олсон орлого хураах шийтгэл ногдуулна. Торгуулийн хэмжээний тухайд 1.920.000-9.600.000 мянган төгрөгийн хооронд гэж хуулиндаа тусгасан.
МҮХАҮТ-ын дарга, Бүти барилгын компаний ерөнхий захирал Г.Батжаргал

-Барилгын салбарын эрх зүй ба зах зээлийн талаар холбогдох албаны хүмүүс болон ААН-ийн төлөөллүүд оролцож буй тус хэлэлцүүлгийг та хэрхэн харж байна вэ?
БХБЯ, МҮХАҮТ, "Барилга.МН" хамтран энэхүү цаг үеэ олсон хэлэлцүүлэг болж байгаа явдалд баяртай байна. Саяхан батлагдсан барилгын тухай хуультай холбогдуулан тус хуулинд оруулсан нэмэлт журам дүрэмд хэрхэн өөрчлөлт оруулбал барилгын компаниудад ашиг тустай хууль болох вэ гэдэг дээр бидний санал, бодлыг сонслоо.
-Шинэ хуулийн тухайд?
-Энэ хууль тэр чигээрээ нийцтэй хууль болсон гэж хэлж чадахгүй. Гэхдээ үүнийг дүрэм журмаар нь зохицуулах хэрэгтэй. Жишээ нь хэлэлцүүлэг дээр шар, улаан, ягаан картны тухай яригдлаа. Энэ нь эргээд хүнд суртал болчих вий, цаашлаад манайх, танайх ийм карттай гэдгээр барилгын компаниуд дотроо хагарал үүсэх юм биш байгаа гэх зэрэг бусад сөрөг асуудлыг нь авч үзэх шаардлагатай байна. Нөгөө талд хэрэглэгч нар үүнээс буруу ойлголт авна. Энэ бүхнийг дахин тодорхой болгох хэрэгтэй гэж хувьдаа үзэж байна.
-Эдийн засаг нөхцөл хүндхэн байгаа өнөө үед барилгын салбарын зах зээл ч хямралтай байна. Танай компани ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
-Манай Бүти компани төр засгаас явуулж буй бодлогыг дэмжин ажиллаж Буянт-Ухаа 1,2 төслүүд дээр хамтарч ажиллалаа. Үүнийг зорилтот бүлгүүдэд тохирсон сайн төсөл болсон гэж үзэж байгаа. Мөн манай компани Төв аймагт 1000 айлын төслийг хэрэгжүүлээд явж байна. Эхний 120 айлын орон сууц ашиглалтанд ороод дараагийн ээлжийн орон сууц баригдаж байна. Төр засгаас алсмагдмал дүүрэг, орон нутаг дахь орон сууцуудыг таван хувь руу шилжүүлж байгаа явдал нь борлуулалтыг сайжруулах дэмжлэг болж байна.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn