Монголын эдийн засгийн форум 2016 "Сургамж, сорилт, шийдэл" уриан дор Төрийн ордонд өнөөдөр үдийн өмнө эхэлсэн. Форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Аюүми Кониши, Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакхер, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол Улс хариуцсан захирал Роберт Шоллхаммер, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андэрсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Батбаяр (Баабар), Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан эдийн засгийн форумын нээлтийг удирдан эхлүүлэхдээ “Хүндэт зочид оо, хатагтай, ноёд оо, та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монголчууд бид төр засаг, хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, эрдэмтэд мэргэд, иргэний нийгмийн өргөн төлөөлөлтэй хамтран Монголын эдийн засгийн чуулган зохион байгуулж байна. Энэ чуулган нь улс орныхоо эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, тэр жилийн төлөв байдлыг тодорхойлдог индэр болсноос хойш эдүгээ долоо дахь удаагаа бид уулзаж байна. Энэ үйл явдлыг Монголын нийгэм хүсэн хүлээдэг болжээ. Анх 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын хүрээнд 2010 оны хоёрдугаар сард анхны чуулганаа “Хамтдаа чадна” гэсэн уриан дор хийж, дэлхийн санхүүгийн хямралыг хэрхэн хамтдаа даван туулах тухай ярилцсан билээ..

Монгол Улсын Ерөнхийлөгч болон үе үеийн Ерөнхий сайд нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг энэхүү чуулган нь сүүлийн долоон жилд Монголын амьдралд гэрэл гэгээтэй олон үйл явдал, дэвшил гаргасан. /Слайд үзүүлэв./ Жишээ нь, Монголын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 онд 2300 ам доллар байсан бол 2015 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 4200 ам долларт хүрсэн. Тухайн жилүүдэд Монгол улс нэгэнтээ хамгийн их өртэй, нэн ядуу орнуудын тоонд орох болзлоо хангаж байсан бол эдүгээ дэлхийн дундаж орлоготой орны тоонд шилжсэн. Бид 26 жилийн өмнө сүүдрээ нуудаггүй нийгмийг сонгосон учир тэр бүгдийн талаар энэ хоёр өдрийн туршид олон салбар хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцах болно. Энэ удаагийн эдийн засгийн чуулганы сэдэв, хөндөх асуудал, гаргах санал зөвлөмжөө “Монгол” гэх айлын амьдралыг энэ жилийн төдийгүй ирэх он жилүүдийн дүр төрхийг тодорхойлох ач холбогдолтой болгоно гэдэгт итгэж байна. Ингээд 2016 оны АСЕМ-ын жилийн Монголын эдийн засгийн чуулган нээснийг зарлан тунхаглая” хэмээн мэдэгдлээ.
Үүний дараа хүндэт зочид, төлөөлөгчид төрийн сүлдээ хүндэтгэн босч, Монголын төрийн дуулал эгшиглэв.
Ч.Сайханбилэг: Чөтгөрийн тойргийг бид
өнөөдөр тасалъя
Ийнхүү Монголын эдийн засгийн чуулган нээлтийн салхиа хагалж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээлтийн үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Энэ жилийн Монголын эдийн засгийн чуулган “Сургамж, сорилт, шийдэл” уриан дор явагдаж байна. Өөрийн хэлэх үгээ энэ гурван сэдвийн хүрээнд хэлэхээр шийдлээ. ..Ганц байгалийн баялаг баян улсыг бий болгохгүй нь ойлгомжтой боллоо. Өндөр технологи, хөрөнгө санхүү, мэргэшсэн инженерүүд хэрэгтэй байгаа нь тодорхой боллоо.

Байгалийн баялгаа бус бусад салбараа өөд татаж, солонгоруулах хэрэгтэй нь ойлгомжтой боллоо. Монголын эдийн засгийг ийм байдалд оруулсан чөтгөрийн тойрог биднийг мөхөлд хүргэж байна. Эдийн засгийн хямралыг давж, шинэ гарц, шийдэл олохын тулд чөтгөрийн тойргийг бид өнөөдөр тасалъя“ хэмээн онцолсон.
Ерөнхий сайдын сургамж, сорилт, шийдэл гурван сэдвийн хүрээнд үг хэлсний дараа Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал ноён Аюүми Кониши Монголын эдийн засагт ямар ямар тусламж, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн тухай тайлангаасаа баримт татан дурдсан юм. Тэрээр “Азийн хөгжлийн банк нь Монгол Улстай хамтарч ажилласан хамгийн анхны олон улсын байгууллагын нэг билээ. Жишээ нь, Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хоёр тэрбум төгрөгний буцалтгүй зээл, тусламж олгосон. Монгол Улс 1991 оноос хойш олон олон ололт, амжилт гаргасан нь олон үйл явдал, баримтуудаар харагддаг. Одоо Монгол Улс эдийн засгийн коридоруудыг бий болгож байна.

Өнгөрсөн жилүүдэд Монголын уул уурхайн салбар хөгжлийнхөө үр дүнд дэлхийд манлайлж байлаа. ...2008 онд болсон дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай уялдаж, Монгол Улс ч эдийн засгийн хямралд өртсөн. Харин цаашид дэлхийд Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвартай эсэх нь энэхүү Монголын эдийн засгийн чуулганаас тодорхойлогдоно. Миний үзэж байгаагаар Монгол Улс эдийн засгийн олон тулгууртай болж, ялангуяа ард түмэндээ чиглэсэн нийгмийн халамжийг хөгжүүлж байж эдийн засгийн үр дүн гарах юм. Бид Монголын ард түмэн та бүхэнтэй бороотой, нартай, цастай өдөр ч хамт байхыг хүсч байна“ гэж хэлэв.
Ноён Аюүми Конишиг үгээ хэлж дуусангуут үргэлжлүүлээд “Дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг” сэдэвт нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэг болов. Энэ хуралдаанаар дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт гарч буй гол үйл явдлууд, гол сорилтууд, түүнийг даван туулах боломжуудын талаар хэлэлцүүлэг эхэлсэн юм.

Хуралдааныг Блүүмберг телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгион удирдаж явууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Олон улсын санхүүгийн корпораци, Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак Хятад Улсын эдийн засгийн бодлогыг онцолж хэлэхдээ Монголын эдийн засагтай холбов.
Тэрээр “Монгол Улс эдийн засгийн зах зээл, ардчиллын нийгэмд зэрэг шилжсэн нь бусад орнуудаас онцлогтой нийгмийг байгуулсан. Тиймээс цаашдын эдийн засгийн хөгжилд ирээдүй байна. Би Хятад, Америкийн эдийн засагт ямар өөрчлөлт, шинэ сорилт, шийдлүүд гарч байгааг судалж, ажиглаж байна. Одоо дэлхийн улс орнууд, компаниуд эдийн засгийн ирээдүйгээ тодорхойлж байгаа үе эхэлсэн. Тэгэхээр Монголд жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийг том бизнес эрхлэгчидтэй холбож, үйл ажиллагааг өргөжүүлэх тухай ямар төсөл, хөтөлбөрүүд байж болох тухай би их бодож байгаа.

Одоогийн байдлаар монголын төдийгүй, олон улсын эдийн засагчдын нүдэнд ашигт малтмалын үнэ унасан нь ил байгаа. Хамгийн чухал нь Монголын Засгийн газрын бодлого тогтвортой шийдлүүд гаргах, бодлогын орчноо тодорхой болгох ёстой. Үүний зэрэгцээ Монголын шинэ залуу, эсвэл ил гараагүй хийж бүтээх хүмүүс дэлхийн хэмжээнд ажиллах сонирхол зорилготой яваа. Тэднийг дэмжээсэй гэж хүсч байна.
Вивек Патхак: Олон улсын томоохон уулзвар
цэг Монголд бий

Ер нь одоо Ази Тив дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр болж байгаа. Монголын хувьд гол хүндрэл нь худалдааны ганц түнштэй байх юм. Аялал, жуулчлал, барилга, хүнсний салбарыг хөгжүүлбэл олон улсын томоохон уулзвар цэг Монголд бий гэдгийг цохон хэлье. Эдгээр нь Монголын хувьд амжилт олох боломж болно” хэмээн маш бодлоготой үг хэлсэн юм.
Ноён Вивек Патхакийн онцолж хэлсэн энэхүү үг манай төрийн гурван өндөрлөгт төдийгүй УИХ, Засгийн газрын бүх гишүүд, түүнчлэн үндэсний томоохон бизнесмэнүүдэд анхааруулсан чухал дохио боллоо.
Дараа нь Олон улсын валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Саккэр хэлэхдээ “Олон улсын түвшинд эдийн засгийн эрсдэл гарч, түүнийг хамтдаа даван туулж чадаж байна. Жишээ нь, Америк, Хятад Улсын төрийн бодлогын шийдвэр шинэлэг болж эхэллээ. Монголын хувьд уул уурхайн салбарт Оюутолгойн уурхай болон барилгын салбарт ахиц гаргаж байна" гэсэн бол Эрнст энд Янг Банк, Санхүүгийн Салбарыг Баталгаажуулалтын Үйлчилгээний тэргүүн Кейт Погсон “Цаашид яах вэ, ямар замаар урагшлах вэ гэдэг талаар мэдрэмж бидэнд түрүүлж төрөхгүй байгаа нь бодит байдлаас харагдаж байгаа шүү дээ. Хувьцаа гаргахыг олон компаниуд хүлээж байна. Эдийн засгийн хямралтай жилүүдэд Энэтхэг хамгийн их хувьцаа гаргасан ч эдийн засаг хүнд байна. Бразилийн эдийн засаг сайжирсан бол Хятадад эдийн засгийн өсөлт саарсан. Одоо Хятад Улс эдийн засгийн шилжилтийн үедээ байгаа учир тэд Засгийн газрын бодлогынхоо хүрээнд “Нэг бүс, нэг зам”-ын стратеги баримталж байна. Энэ нь Хятад Улс бусад орнуудтай харилцан ашигтай хамтран ашиг хүртэх бодлого юм. Энэ бодлогын хүрээнд олон улс орны эдийн засаг өсөх хандлагатай гэж эдийн засгийн судлаач, шинжээчид таамаглаж байна. Харин эдийн засгийн хямралд өртсөн гадаадын орнууд гадаадаас зээл олж авах боломжийг хайж, зарим нь авч байна”гэж хэллээ.

Чуулганы үдийн өмнөх “Дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг” хуралдааны хэлэлцүүлэг ингээд завсарласан юм.
Сурвалжилсан Б.Баярмаа
Эх сурвалж:Breakingnews.mn