...
...

Форум: Дархан хотод хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой

Дарханы хөгжил олон улсын эдийн засгийн форумд  "Дархан хотын хөгжлийн төлөв", Дарханы аж үйлдвэрийн хөгжил", "Дархан хотод хөрөнгө оруулалт хийх боломжууд" гэсэн гурван сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж байна. 

Дархан хотын өнөөгийн хөгжлийг тодорхойлж, цаашид хэрхэн хөгжиж болохыг тодорхой судалсны үндсэн дээр "Жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг" Гавьяат барилгачин Я.Шархүү тайлбарлаж, зочид төлөөлөгчдөд илтгэл тавилаа. Харин МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан илтгэлдээ "Дархан хотын хөгжиж ирсэн түүхийг задлан шинжилж цаашид хэрхэн, яаж хөгжиж болох төлвийг дөрвөн янзаар тодорхойллоо. Нэгдүгээрт, улсын төсвөөс хамааралгүй өөртөө хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Энэ нь заавал гадных байх шаардлагагүй, дотоодын хөрөнгө оруулагчид ч чухал юм. Хоёрдугаарт, импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Хамгийн гол нь олон зүйлийг хийх гэж оролдох биш тодорхой зүйлүүд дээр төвлөрч ажиллах нь чухал. Дараа нь иргэдийнхээ санаа бодлыг сонсдог, тэдэнд хүрсэн ажил хийх хэрэгтэй. Мөн засаг солигдохоор өмнөх хүнийхээ хийсэн зүйлийг үйгүйсгэж, шинэ зүйл санаачилж, өөр зүйл хийх гэж оролддогоо болих хэрэгтэй. Хамгийн гол нь юу болохгүй байгаа вэ гэдгээ эхлээд тодорхойлчих. Дараа нь асуудлуудыг шийдэхэд бүр хялбар болно шүү дээ" гэсэн юм. 

Илтгэлийн хоёр дахь үе болох "Дарханы аж үйлдвэрийн хөгжил"-ийн талаар "Үйлдвэр технологийн паркийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил сэдвээр Дархан үйлдвэр технологийн паркийн захирал Ц.Давааням, Ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Ph.D Н.Баярсүх, Тахь Ко ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Буянбат, Поликом ХХК-ийн захирал Ц.Ламжав нар илтгэл тавилаа. 

Харин гуравдугаар үе болох "Дарханд хөрөнгө оруулалт хийх боломжууд" сэдвийн хүрээнд Эдийн засагч Д.Жаргалсайхан, Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал К.Энхчулуун болон ОХУ, БНХАУ-ын төлөөлөгч нар илтгэл тавьсан юм. Эдийн засагч Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ "Монгол улс хөгжлийн шинэ замыг сонгоод 25 жил боллоо. Гэвч эдгээр жилүүд эдийн засгийн онцгой сорилтын жил болж байна. Бид уул уурхайн баялгаар өрсөлдөх чадвар бий болгож чадсангүй. Уул уурхайн баялаг хамгийн их үедээ их өртэй боллоо. Эдийн засаг гадаад өрөөс их хамааралтай боллоо. Энэ нь нэгдүгээрт, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бий болгож чадсангүй. Хоёрдугаарт, засаглалаа бүрэн тогтоож чадсангүй. Үүний тод илрэл бол засаглал авлигад баригдсан байгаа өнөөгийн дүр зураг юм.  Бид үүнийг яах ёстой юм бэ. Өнөөдрийн эдийн засаг бол Монголын улс төрийн өнөөгийн нүүр царай. Тэгэхээр авлигыг ялан дийлэхгүй бол улс хөгжихгүй. Улс төрийн намуудын мөнгө хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй байна. Ганцхан дарга нь л мөнгөө мэддэг системийг Мафи гэж нэрлэдэг юм шүү дээ. Бид улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгож чадахгүй бол авлигаас салж чадахгүй. Шилэн түрийвч яагаад улс төрийн намуудад хамаарахгүй байгаа юм. Үүнийг ихэд гайхаж байна. Бид энэ 25 жилд Монголчуудыг өмчтэй болгох ёстой байсан. Аливаа юм эзэнтэй байх ёстой. Тийм биш учраас л нийтийн хөрөнгийг энэ хүмүүс завшиж, баяжиж байгаа юм. Тиймээс саад болж байгаа зүйлээ бодитой дүгнэмээр байна. Тэгж байж бид хөгжинө шүү дээ. Энэ боломж Дарханд бүрэн бий" хэмээсэн юм. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ