Хүнс ХАА-н салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци Үндэсний чуулган боллоо. Тус чуулганы хүрээнд Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдсан юм.
Хүнс ХАА-н салбарыг улс орны эдийн засгийн тулгуур салбар болгоход чиглэгдсэн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо-инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлоход үндэсний чуулганы зорилго оршино хэмээн зохион байгуулагчид дүгнэж байлаа.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Батболд: Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээлийг дэлгэсэн. Тус хүрээлэн малын халдварт, халдваргүй празит өвчний оношлуур түүнээс урьдчилан сэргийлэх, эмчлэх бэлдмэлүүдийг судалгааныхаа ажлын үр дүнд гаргаж авдаг. Жишээ нь: Мах, махан бүтээгдэхүүний чанар, ариун цэврийн үнэлгээг хийдэг тестийн цомог хөдөө орон нутагт ажилладаг бүх лабораториудад хэрэглэж байгаа. Мөн малын хачиг, шар ширх, хөх ширх, шалз, хувалз зэрэг гадны шимэгчдийн эсрэг хэрэглэх шингэн гаргасан. Хамгийн сүүлд хийгдээд байгаа үхэр, хонины цусан халдварын вакцин жилд нэг удаа тарьдаг, тарих тун нь багассан эдийн засгийн хувьд давуу, чанартай бүтээгдэхүүн байдаг. Дээр нь эрдэс уургийн зэхмэлийг хавар мал төллөх үеэр, ногоо гарахаас өмнө хэрэглэж болно.

“Агь” компани борлуулалтын менежер О.Гэрэл: Манай үйлдвэр 12 төрлийн лапша брэнд гоймон витаминаар баяжуулан үйлдвэрлэдэг. Тус бүтээгдэхүүнүүд органик гэрчилгээ болон ОУ-ын ISO 22000 стандарт бүрэн нэвтэрсэн. Мөн шинэ технологиор лууван, сонгино, сармис, гурвалжин будаатай төрөл бүрийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийнхээ гар дээр тавиад байна. Одоогийн байдлаар өргөн, туузан, савхан гоймонг Казакстан болон БНХАУ-д экспортолж байгаа. Дээр нь өөрийн савалгааны үйлдвэртээ ОХУ-аас дээд зэргийн шар, гурвалжин, хөц будаа болон хүүхдийн будаа, овъёос, зэргийг импортоор оруулж ирж хэрэглэгчдэдээ хүргэдэг болсон.

Ургамал газар тариалангийн хүрээлэн, эрдэмтэн Я.Мягмарсүрэн: Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэн бол газар тариалангийн чиглэлээр судалгаа шинжилгээг хийдэг. Бидний боловсруулсан тариалангийн технологиуд үйлдвэрлэлд нэвтрээд явагддаг. Сүүлийн үед хөрс ихээр эвдэрч, ядуурсан учраас тэг уринш бүх чиглэлд түлхүү зөвлөгөө өгч, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэд тохирсон сорт гаргах, гадаад, дотоодоос Монгол оронд тохирсон сорт шалгаруулах, нутагшуулах, мөн элит үр, нутагшсан сорт бий болгох, үр суулгацыг үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Буудайн хувьд Дархан:144, Дархан 131, Арвин гэсэн шинэ сортуудыг гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлээд инноваци болгож эхэлсэн. Өнгөрсөн жил гантай үр тариалан төлөвлөсөн ургацынхаа талыг ч авч чадаагүй. Харин Монгол оронд нийт судалгааны дүнгээс 28 сорт тариалж байгаагаас 2015 онд дээрх гурван сорт тогтвортой, илүү дасан зохицсон гэдгийг мэдэрсэн. Мөн үрийн хэрэгцээ их байгаа учраас бид үр үйлдвэрлэгч бусад АА нэгжтэй хамтарч ажиллах, гарааны компани байгуулахад тусалж байна.
Ер нь Монгол оронд жилд 5000 мянга тонн орчим үр дутагдаж байдаг. Гэхдээ гаднаас оруулж ирж байгаа үр нутагшаагүй учраас үр өгөөж муутай. Түүнчлэн төмсний үрийг хөрсгүй орчинд тариалж өвчингүй үрээр бүрэн хангадаг, чацарганы олон сортуудыг шалгаруулж суулгацыг нь үржүүлж байна. Сүүлийн жилүүдэд 20 –иод тарималын 30 орчим сортуудыг судалгаа хийж шалгаруулсан.
Монгол орны МАА-н салбар, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарт нийт 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтэрч хэрэглэгч, олон нийтийн гар дээр очоод байгаа юм байна.
Эх сурвалж: Breakingnews.mn
Д.Дугтуй
Лапша гоймонгийн оноо цуглуулаад утас авч чадаагүй байсан ч битгий шантраарай. УДахгүй супер азтан шалгаруулж гадагшаа аялуулах гэж байна