...
...

Илбэчин Ц.Баярсайхан: Би загас шиг дуугүй байж чадсангүй

Илбэчин Ц.Баярсайхан гэх Монголын циркийн урлагийн нэрт төлөөлөгч нэгэн эрхэм байх. Амьдралынхаа тэнгээс ихийг илбийн урлагт зориулж, одоо хойчоо бэлтгэж буй. Харамсалтай нь түүний залуу үе Монголын "циркийн урлаг"-ийг огт байхгүй, тасарсан хэмээн 75 жилийн түүхийг үгүйсгэсэн нь ахмад хүн багш хүний хувьд огт таалагдаагүй бололтой. 

Тэрээр "Би загас шиг дуугүй байж чадсангүй. Санамсаргүй хайлт хийж байгаад "Мэдээ.мн" гэдэг сайтруу орчихлоо.Тэгсэн тэрхүү сайт дээр нэг мундаг илбэчний ярилцлага гарчээ.Тэгээд зарим нэг юман дээр залруулж дуугармаар санагдлаа. Хэн нэгэнд таалагдахгүй бол урьдчилаад уучлаарай гээд хэлчихье! Битгий яаран дүгнэлт хийгээрэй гэж зөвлөх байна.Тэр бандийн өгүүлсэнээр Монголд илбэ байхгүй бүр тасарчихсан юм байна. Гэнэт нэг өөрөө телевизээр илбэ үзэж сууснаа цоороод одоо монголын илбийг хөгжүүлэх гээд махаа зулгаагаад яваа юм байна зайлуул! Цирк бол тайз юм байна! тэр бандийхаар. /манеж гэдэг юмаа дүү хүү/ Циркийн илбэ бараг л хүүхдийн тоглоом юм байх, харин гудамжны илбэ бол мундаг юм гэнэ. Монголд илбэ ерөөсөө байхгүй байсан гэсэн далд санаа яваад байнаа даа. За тэгвэл ах нь хариулъя. Монголын циркийн урлаг 75 жилийн түүхтэй том урлаг юм.Түүний нэг жанр илбийн урлаг мөн л тэр хэмжээний настай юм шүү дээ. Дэлхийд гэвэл илбэ дундад зууны үеэс эхтэй юм. Нэг банди TV үзэж сууснаа гэнэт зохиочихсон юм биш. Та монгол циркийг, монголын илбийг үгүйсгэвэл Монголын зуу зуун циркчдийн сөрөг довтолгоонд өртөнө шүү. Монголын илбэ таныг байтугай эцгийг чинь төрөөгүй байхад УГЖ.Раднаабазар, УГЖ Х.Цэнд-аюуш, Ц.Алтанхуяг, П.Даваахүү, Чулуунцэцэг, Д.Баатар гээд ахмадууд түүчээлэн авч ирсэн юм шүү дээ. Ном уншдаг бол "Монголын циркийн түүх","Монгол циркийн инцоклипед"-г олоод үзчихэд илүүдэхгүй. Монгол улсын циркийн дунд сургуульд бүр 1942 онд тэр үеийн зөвлөлтийн багш илбийн сургалт явуулсан байдаг. Хожмоо 1991 онд миний багш УГЖ.Хандсүрэнгийн Цэнд-Аюуш шавь сургалт явуулж түүний бүтээгдэхүүн нь одоо үүнийг бичээд сууж байна. Дараа нь 1999-2000 онд Улсын циркийн дэргэд Х.Цэнд-Аюушийн нэрэмжит илбэ ухааны сургалтын студи хичээллэж эхэлсэн юм шүү дээ.Түүний бүтээгдэхүүнүүд ч өнөөдөр тоглоод явж байна. Харин тэр Нак гээч нөхөр хаагуур явж байсныг бүү мэд. Харь гаригаас л ирээгүй юм бол лав төрөө ч үгүй байсан биз. Тэгэхээр дүү хүү ингэж амны зоргоор шүршиж болохгүй ээ. Уламжлал үгүй шинэчлэл байдаггүй юм. Тэр дундаа урлагт. Илбэ бол гудамжны шоу ч бас яг биш, энэ бол урлаг юм шүү дээ. Гудамжинд 5 хүн цуглуулаад интернетээс сурсан жаал юмаа үзүүлэх нэг хэрэг, 2000 үзэгчийн өмнө нөгөө таны тайз гэж нэрлээд байгаа дугуй манежинд чинь ар өврөөсөө нууж хаах ямар ч хаалтгүй эргэн тойрноос чинь 4000 нүд харж байгаа нөхцөлд илбэ тоглоноо гэдэг бол нөгөө хэрэг шүү. Дээр нь гадаадын юм үзэж нүд тайлсан мянга мянган үзэгчидийн өмнө Монголын нэрийн өмнөөс тоглох бол бүүр өөр хэрэг юм шүү дээ. Тэгэхээр дүү хүү үгээ бодож ярь, элдэв сайтууд, сэтгүүлч нэр зүүсэн улсууд энэ мэт логикгүй юмыг шүүрч авч сайтынхаа нэр хүндийг битгий унагаа. "Монголын Илбэчдийн Холбоо" гэж хууль ёсны байгууллага 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж, олон улсын илбийн холбоодтой хамтарч ажилладаг, илбийн сургалт явуулдаг, илбийн аппарат хэрэгслийн худалдаа нийлүүлт явуулж, гишүүддээ үйлчилдэг хууль зүйн яамны зөвшөөрөлтэй тусдаа тамга тэмдэг, данстай бие даасан байгууллага илбэтэй холбоотой оюуны өмчийн патентыг эзэмшин оршдог гэдгийг дашрамд дуулгачихъя! Тиймээс хэн дуртай бөөн дурын уран сайханч Монголын илбийн урлагыг монгол цирктэй нь үгүйсгээд бухын баалтаар баагаад байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг үүгээр уламжилж байна. Дашрамд хэлэхэд саяхан оны өмнөхөн TV-9 телевиз Монголын Илбэчдийн Холбооноос 20 саяын шагналын сантай илбэчдийн тэмцээн явуулах гээд та нар маань ирсэнгүй,айгаад!!! Энэ сошиалаар би илбэчин тэр, тэр гэж цээжээ дэлдээд байгаа банди нарыг уг нь дуэльд дуудсан юм шүү дээ. Даанч та нар минь хулчийсан. Ганц нэг хүн утсаар холбогдсоон холбогдсон. Шагнал нь хэд юм, бусад нь яахав хэмээн утасны цаанаас бүлтрээд, өөрөө бүртгэдэг хүн нь үү? гэж бараг л загнах нь холгүй юм болсоноо уучлаарай би Баярсайхан байнаа гээд цааш ярих гэхээр дуу нь сулраад утсаа тасалчихаад байсан даа.За ийм л байна.Хатуу санагдсан бол дахиад уучлаарай! Өнгөрсөн үеэ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна! Цаг гаргаж уншсан бүх хүмүүст баярлалаа!" хэмээжээ.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ