Бизнес эрхлэгчид МАН-ын бүлэгт хандлаа. Тэд Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн хэрэгжүүлэх явцад хүндрэл бэрхшээл тулгарч байгаагаа онцлоод, санал хүсэлтээ УИХ дахь МАН-ын бүлэгт хаяглан ирүүлсээр байна. Тухайлбал, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дэлгүүр ажиллуулдаг иргэд хандсан байна.
Мөн Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, "Даа хүрээ трейд" ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, "Нарантуул трейд" ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе бар рестораны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны 1500 гаруй бизнес эрхлэгчид уг хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.


Эдгээр бизнес эрхлэгчдийн хүсэлтээр МАН-ын бүлгээс "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн худалдааны төв, хүнс барааны захуудад худалдаа эрхлэгчид, найман нэрийн барааны дэлгүүр, хоршоо ажиллуулдаг иргэдийн төлөөлөл оролцжээ.
Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн санал бодлыг сонсож, шийдэх арга зам, гарц гаргалгааг гаргаж ажиллахаар болов.

Энэ үеэр эдийн засгийн хямралтай байгаа үед НӨАТ-ын хууль жижиг бизнес эрхлэгчдэд ашиг тусгүй, өр зээлийн сүлжээнд орсон тухай иргэд ярьсан байна. Түүнчлэн тэд өнөөг хүртэл төрөөс юу ч хүсэлгүй, өөрсдийнхөө амьдрал ахуйг боломжийн хэмжээнд авч явж ирсэн. Гэтэл НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх нэрээр төр засаг бизнес эрхлэгчид, улмаар иргэдийн халаас руу гар дүрж, "шахааны бизнес" хийж байна хэмээн онцлон шүүмжиллээ. Бизнес эрхлэгчдийн тавьж байгаа онцгой хүсэлт бол улсад татвар төлөх үүрэг хариуцлагаа ухамсарладаг. Татвараа төлөхөд ч бэлэн байна. Гэхдээ дарамт шахалтгүй төлмөөр байна гэж мэдэгдэж байна.
Тэдний ярьж байгаагаар кассын машин, баримт хэвлэх төхөөрөмж, бар код уншигч, интернэт модемыг худалдан авахад дор хаяж хоёр сая төгрөгийн зардал гаргаж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор татварын байгууллагууд тэднийг улам их дарамталж, орлого нь хумигдах, дэлгүүр хоршоогоо хаах, ажлын байраа алдахад хүрээд байгаагаа иргэд төр засагт уламжилав.
Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn
чадахгүй бол хаагдах л хэрэгтэй.татвараас зугтах л арга болохоос НӨАТ шинэ хууль буруу өиш л байхгүй юу,МАН ч гэсэн гар өргөөд батлалцсан.Сонгуулийн шоу болгож та нарт туслана.НӨАТ хууль ер нь буруу гэж матрын нулимс унагах байхдаа