Өнөөдөр “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” сэдэвт олон улсын семинар Гадаад хэргийн яаманд боллоо. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү семинарт Монгол, Киргиз, Зүүн-Тимор болон Норвегийн уул уурхайн салбарын хөгжил болон ашигт малтмалын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож туршлага хуваалцаж байна.
Олон улсын семинарыг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхээр өөрийн орны туршлага, ололт амжилтаас ардчилсан улсуудтай хуваалцаж, хамтран ажиллахыг зорьж байгаа юм. Энэ хүрээнд Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулан Афганистан, Киргиз, Мьянмар улсуудтай сайн засаглалыг хөгжүүлэх, ардчилсан сонгууль явуулахад хамтран ажиллаж байна. Түүнчлэн байгалийн баялгийг зөв зохистой ашиглах асуудлаар хамтран ажиллаж байгаа” гэв.

Энэ семинарын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид “Монгол Улсын уул уурхайн салбарын стратеги, хөгжил” сэдвээр илтгэл тавьж, гадаадын төлөөлөгчдийн сонирхсон асуултад тодорхой хариулт өгсөн гэж Гадаад хэргийн яамны сайтад онцолжээ. Олон улсын семинарт гадаадын өндөр албаны төлөөлөгчид оролцож байна.
Зарим тодорхой улсаас дурдвал, Зүүн Тимор Улсын Газрын тосны сайд Алфредо Мануэл да Крюз Валерио Пайрес, Бүгд Найрамдах Киргиз Улсын Геологи, Ашигт Малтмалын газрын дарга Зилалиев Душенбек Текшербекович болон Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис, ахлах зөвлөх Стиинснэс Эйнэр нар уул уурхайн салбарын хөгжил, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах асуудалд тулгарч буй сорилтуудын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна.
Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250