...
...

Монгол ардын үлгэр: “Алтан мөнгөн аргай”

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байжээ. Өвгөнийг,
Найман зуун адуутай
Найр алаг хүлэг морьтой
Найман настай Чагаа хүүтэй
Намтай мэргэн гэдэг юмсанжээ. Найман настай Чагаа хүү нь алтан мөнгөн хоёр аргайгаар тоглодог юмсанжээ. Өвгөн нэг өглөө найман зуун адуугаа наашлуулах гэж арын уулаар ан гөрөө хайж өврийн уулаар адуу малаа хайж явтал гэрийн чинээ гэдэстэй, тогоон чинээ толгойтой том хар мангас эмгэн тосч ирээ: 
“Насан болсон амиа өгөх үү?
Найман зуун адуугаа өгөх үү?
Найман настай хүүгээ өгөх үү?” гэж аймшигтайгаар асууж аван идэн завджээ. Намтай мэргэн өвгөн айгаад:
“Насан болсон намайгаа өршөөж хайрла
Найман зуун адууг минь үлдээж хайрла
Найман настай хүүгээ өгье. Ээжий нь нүдэн дээр ил өгч чадахгүй, манайх нүүвэл ч гурван жилийн газар нүүдэг, суувал ч гурван жил суудаг айл. Одоо алс хол нүүгээд явъя. Алтан мөнгөн аргайг нь бууцан дээрээ хаяад нүүе. Түүнийгээ авахаар ирэхэд нь та хүүгий минь ав даа” гэж гэнэ. Мангас: “За” гээд яваад өгчээ. Өвгөн гэртээ хариад:
“Өвс ногоо муудлаа
Өнтэй зунтай газар нүүнэ” гэж хэлээд нүүгээд явжээ. Шинэ нутагт сэлгэж нүүгээд ширэг зүлгэн дээр гэрээ барьж байтал найман настай хүү нь: “Аав аа!, Аав аа! Алтан мөнгөн шагай минь хаана байна?” гэсэнд аав нь:
“Ай мэдэхгүй, ээжээсээ асуу даа” гэжээ. Ээжээсээ асуутал: “Ай мэдэхгүй, ааваасаа л асуу даа” гэжээ.
“Аав аа!, Аав аа! Алтан мөнгөн шагай минь хаана байна?” гэсэнд аав нь: “Ай мэдэхгүй, бууцан дээрээ хаягдаа биз” гэжээ. “Аав аа, аав аа. Би алтан мөнгөн аргайндаа яваад ирье!” гэтэл аав нь: “Тэг дээ!” гэжээ.
“Аав аа!, Аав аа! Ямар мориороо явах вэ?” гэсэнд “Адууныхаа сүүлд явдаг хамуутай хар даагаараа яв даа гэжээ. “Ээжээ, ээжээ! Ямар мориороо явах вэ? гэсэнд ээж нь “Найман зуун адууныхаа түрүүнд явдаг найман хөлтэй найр алаг мориороо яв даа” гэжээ. Тэгээд найр алаг мориороо явах болов.
“Ааваа!, Ааваа! Би ямар хониороо хүнс хийх вэ?” гэсэнд аав нь: “Хониныхоо сүүлд явдаг хатиартай хар төлгөөрөө хүнс хий” гэв. “Ээжээ!, Ээжээ! Ямар хониороо хүнс хийж явах вэ?” гэсэнд ээж нь: “Түмэн хонины түрүүнд явдаг түнтгэр бор иргээрээ хүнс хий дээ” гэжээ. Хүү түнтгэр бор иргээрээ хүнс хийгээд явах болжээ. Тэгээд найман хөлтэй найр алаг морио унаад хуучин нутаг бууцан дээрээ давхиж ирсэнд алтан мөнгөн аргайг нь мангас эмгэн олсон болж наадаж суулаа. Найман настай Чагаа хүү дэргэд нь очоод мориноосоо буулгүй:
“Эмээ, эмээ! Ээжээс минь ялгаа юу байх вэ! Алтан мөнгөн аргайг минь аваад өгөөч!” гэж гуйжээ. Эмгэн: “Эмээ нь босвол сууж чаддаггүй, суувал босч чаддаггүй хөгшин хүн. Хүү минь буугаад ав!” гэжээ. Гэтэл найман хөлтэй Найр алаг морь нь шивнэв: “Би хотойхын сайнаар хотойё. Чи шүүрэхийн сайнаар шүүр!” гэжээ. Тэгээд Найр алаг морь хотойхын сайнаар хотойж, найман настай Чагаа хүү шүүрэхийн сайнаар шүүрээд алтан мөнгөн шагайгаа аваад эргээд зугатаажээ. Тэгэхлээр мангас эмгэн босон харайгаад хойноос нь хөөжээ. Хөөсөөр хөөсөөр гүйцэж очоод тэр морины нэг хөлийг нь төмөр хянгараараа тас ширвэв. Найман хөлтэй найр алаг морь долоон хөлөөрөө доголон давхиж явлаа. Нэг даваа даваад мангас эмгэн бас л гүйцэн очиж тэр морины нэг хөлийг төмөр хянгараараа тас ширвэв. Тэгсээр тэгсээр найман даваа давахад найр алаг морины найман хөлийг цөмийг нь тас цавчив аа. Тэгсэн энэ морь хөлгүй болж биеэрээ бэмбэгнэн давхиж явлаа. Тэгээд нэг даваа даваад мангас эмгэн бас гүйцэж хянгараараа тэр морины тал биеийг тас цавчив. Тэгэхлээр нь энэ дээд морь цээжээрээ цөмцөгнөн давхиж явлаа. Тэгээд бас нэг даваа даваад мангас эмгэн цээжийг нь тас цавчив. Тэгэхлээр найман хөлт найр алаг морин толгойгоороо тонтгонож давхиж явлаа. Тэгээд бас нэг даваа даваад мангас эмгэн хянгараараа тэр морины толгойг тас цавчив. Тэр морин тэгэн тэгсээр аргагүй үхжээ. Тэгэхлээр Чагаа хүү явган болж явгаар гүйж нэг талд алтан улиасанд гарлаа. Тэгэхлээр мангас “Хянгараараа алтан улиасны үндсийг цавчина” гэж байтал нэг үнэг ирж:“Ээж, ээж энэ улиасыг би унагая. Та нэг хэсэг унтаад аваарай!” гэж тэр үнэг хэлэв. Мангас эмгэн унтаж байлаа. Тэр цагт нь үнэг түүний нүдий нь цавуудаж орхиод хүүг модноос буулгаж өгөв. Хүү тэр мангасыг унтаж хэвтэхэд нь цаашаа бас арилсан билээ. Тэгээд мангас эмгэн сэрж шинэ мөрөөр нь шиншиж гүйгээд хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд очжээ. Нэг далайн захад Чагаа хүүг бас нэг алтан улиасанд суухыг нь харав. “Энэ улиасыг бас цавчиж унагая” гэтэл бас нэг үнэг ирж хэллээ: “Ээж, ээж би энэ улиасыг чинь унагая. Чи нэг хэсэг унтаад аваарай!” гэжээ. Тэгэхлээр нь “Үгүй, болохгүй. Намайг нэг үнэг ингэж хэлээд нүдийг минь цавуудаж орхилоо” гэж мангас эмгэн хэлэв. Тэгэхлээр үнэг,
“Ухай тэр чинь болвол талын үнэг байгаа биз ээ. Би болвол тайгын цагаан үнэг байна. Манай тайгын газарт тийм үйл байхгүй” гэж үнэг хэлэв. Тэгсэн мангас эмгэн унтжээ. Тэгээд энэ тайгын үнэг түүний нүдийг цавуудаж Чагаа хүүг модноос буулгаж гэнээ. Тэгээд мангас эмгэн сэрж бас шинэ мөрөөр нь шиншиж хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд Чагаа хүүг нэхэж явлаа. Тэр хүүг долоон даваа даваад явахад нь их далайн захад бухан бяруу явж явлаа. “Би айж зугатаж явна. Намайг чи унуулаач” гэж Чагаа хүү тэр бухан бяруунд хэлсэнд тэр бухан бяруу энэ хүүг унуулаад цааш явлаа. Ингэж явтал мангас эмгэн гүйцэж ирлээ. Мангасыг иртэл бухан бяруу пар гээд баасаа хамар дээр нь орхижээ. Тэгсэн мангас эмгэн нүүрээ угаах гэж далайн захад очиж далайн ус барагдтал угааж байлаа. Тэгээд мангас эмгэн шинэ мөрөөр нь шиншиж хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд Чагаа хүүг нэхэж явтал хүү долоон даваа даваад явж байлаа. Тэгээд хүү, бух бяруу хоёр нэг айлын бууц хүртэл аавын нь билүүний хагархай, ээжийн самны хугархай байсныг оллоо. Ээжийнх нь тэвнэ бас хэвтэж байлаа. Тэр гурван юмаа олж автал мангас эмгэн гүйцэж ирлээ. Тэгэхлээр нь Чагаа хүү ээжийн самаа “Батганын толгой багтахгүй баг хар ширэнгэ бол!” гэж мангас эмгэний урд хаялаа. Тэгсэн баг хар ширэнгэ болж уналаа. Тэгэхлээр нь мангас эмгэн асуув. “Аа хүү минь, энэ ширэнгий цаад талд яаж гарлаа чи!” гэж. “Нүд амаа сохолж гарлаа би!” гэж Чагаа хүү хэлжээ. Тэгэхлээр нь мангас эмгэн ширэнгээр зад дайрч нүд амаа сохолж гарлаа. Тэгээд бас гүйцэж очихлоор нь хүү аавынхаа билүүний хагархайг “Элгэн улаан хад бол” гээд хаялаа. Тэр их хад болсонд мангас эмгэн асуув. “Аа багачуул минь! Энэ элгэн улаан хадыг яаж гарлаа та?” гэж. “Гар хөлөө хугалж гарлаа би” гэж Чагаа хүү хэлж. Тэгсэн мангас эмгэн гар хөлөө хугалж энэ хадыг гарлаа. Тэгээд бас гүйцэж ирлээ. Тэгэхлээр нь “За зах хязгааргүй мөрөн далай бол” гэж Чагаа хүү тэвнээ орхин хэллээ. Тэгэхлээр хүн гарахгүй мөрөн далай болж, тэр тэвнэ. “Энэ далай мөрнөөр та яаж гарлаа?” гэж мангас эмгэн асуулаа. “Үхрийн чинээ хоёр чулуу хоёр мөрөндөө уяад холбис, холбис гэж гарлаа би” гэж Чагаа хүү хэлжээ. Тэгэхлээр нь мангас эмгэн үхрийн чинээ хоёр чулуу хоёр мөрөндөө уяад далай дотор орж далайн ёроолд живж үхжээ.
Тэгээд Чагаа хүү энэ бухан бяруугаа унаад долоон даваа даваад хээрийн өвс түүнд өгч идүүлж галаа түлж хонов. Маргааш өглөө улаан нарнаар босч яваад үдшийн улаан нарнаар нэг сайн сайхан хээрт ирж хонох боллоо. Тэгээд бух бяруу хэллээ: “Чагаа хүү минь, чи намайг алаад дөрвөн хөлий минь дөрвөн тийш залаад зүрхийг минь өвөртлөөд унтаарай” гэж. Тэгэхлээр нь хүү “Ийм ачтай эвийгээ би яаж ална?” гэж хэллээ. “Чи намайг алахгүй бол миний толгойд ширх эр! Загатнаад байна” гэж бухан бяруу хэлэв. Тэгээд толгойд нь ширх эрж суухлаар нэг их улаан ширх явжээ. “Улаан ширх явна. Үүнийг ална уу?” гэж асуув. “Алж орхи” гэж бухан бяруу хэлжээ. Энэ ширхийг алахаар бухан бяруу үхсэн билээ. Тэгсэн Чагаа хүү уйлж байгаад дөрвөн хөлийг нь дөрвөн тийш залаад толгойг нь урд зүг залаад зүрхийг нь өвөртлөөд унтлаа. Хойт өглөө босоход нь олон мал багширч сайн гэртэй, сайхан авгайтай болсон байлаа. Тэгээд Чагаа хүү алтан мөнгөн аргайгаа аваад аз жаргалаа олоод эргэж ирэхэд аав нь адуундаа явчихсан, ээж нь энгэртээ нэвт уйлчихсан байжээ. Ээж нь хүүгээ үзэж уйлан хайлан угтаад: “Ээж нь хонь алахаараа үнхэлцгийг нь хүүдээ тавьдаг юм. Тэгэхлээр эцэг чинь намайг “Юуны чинь” хүү гээд зоддог юм. Өнөө бас хонь гаргана. Аавынхаа хэлэхийг миний хүү авдрын ард нуугдаж байгаад дуулаарай!гэж хэлжээ. Удахгүй аав нь ирж хонь гаргажээ. Гэдэс чанаад ээж нь: “Хүү минь ирээсэй, үнхэлцгийг нь тавихсан!” гэтэл эцэг нь: “Юун үхсэн хатсаны чинь хүү!” гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ.
Тэгэхлээр нь хүү авдрын араасаа гарч ирээд: “Үхээгүй хатаагүй хүүд үнхэлцэг зүрх тавих ёстой! гээд алтан мөнгөн шагайгаараа “Аргай аргай түг” гээд аавынхаа толгойг цохиод алчихжээ. Тэгээд ээжийгээ гэртээ аваачаад амар сайхан жаргажээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ