...
...

“”Таван хувийн зээлд шууд хамрагдах боломжтой 9000 иргэд байна”

Сүүлийн өдрүүдэд ипотекийн таван хувийн зээлийн тухай мэдээлэл иргэдийн анхаарлыг ихээр татаж буй. Тэгвэл яг энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа “Bloomberg” телевизэд тодруулга ярилцлага өгснийг уншигчдадаа буулган хүргэж байна.

-Ипотекийн таван хувийн зээлийн журам батлагдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн тав дахь өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бид Засгийн газрын тогтоол гаргасан байгаа. Энэ тогтоолоор санхүүжилтийнхээ журмыг баталж өгсөн. Энэ журманд эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууц, 21 аймгийн орон сууц, мөн Багахангай, Багануур зэрэг алслагдсан дүүргийн шинэ суурьшлын бүсэд баригдсан орон сууцыг таван хувийн зээлд хамруулъя гэж байгаа. Дээр дурдсан байршлууд дээр өнгөрсөн хугацаанд нийтдээ 8 хувийн ипотекийн зээлд хамрагдсан 18450 айл өрх байгаа. Энэ айл өрхийн 8 хувийн ипотекийн зээл 5 хувь руу шилжих эрх нь нээгдэж байна гэсэн үг. Мөн дээрх байршлууд дээр орон сууц авч байгаа хүмүүс 5 хувийн зээлд хамрагдах орчин нөхцөл нь бүрдлээ гэж ойлгож болно. Бидний тооцоолж буйгаар Засгийн газрын энэ журам хэрэгжсэнээр таван хувийн зээлд шууд хамрагдаад явах 9000 /дунджаар/ айл өрх байгаа юм. Тэгэхээр энэ маань арилжааны банкин дээр очихоор нэлээд цаг хугацааг шаардана. Тухайн зээлдэгч найман хувиас таван хувь руу шилжихдээ банкин дээрээ очоод найман хувийнхаа зээлийн гэрээ хэлцлийг эцэслээд таван хувийн зээлийн гэрээг шинээр хийх байгаа.

-Таван хувийн зээл яг хэзээнээс хэрэгжих боломжтой байна вэ?

-Бид Засгийн газрын тогтоол гарсны дагуу холбогдох газруудтай гэрээ хэлцэл хийж, журмууд дээр яг одоо ажиллаж байна. “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-гийн хуулиар олгогдсон санг Нийгмийн хамгааллын яам Монгол банкнаас шилжүүлэх гэрээ хэлцлийг хийж байна. Мөн энэ долоо хоногтоо багтаад “Монгол банкнаас арилжааны банкуудтай ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхэд ямар нөхцөл шаардлагуудыг тавьж болох вэ” гэдэг дээр хэлэлцэж ярилцаад гэрээ байгуулах ажлуудыг хийж байна. Энэ ажлууд бүрэн дүүрэн хэрэгжээд явбал бид 3 дугаар сарын 15-наас эхлээд найман хувийн болон таван хувийн зээл бодит байдал дээр хэрэгжинэ.

-Зээлийн эх үүсвэрийн талаар?

-Ипотекийн зээлээр баталгаажсан бондын хөрөнгө оруулалтаар энэхүү таван хувийн зээл хэрэгжиж байгаа. Ирээдүйн тэтгэврийн даатгалын сангийн 2,5 их наяд төгрөгийг энэ сандаа эргэлдүүлж, барилгын салбарт эргэлдүүлэх энэ боломжийг хуулиар батлаад өгсөн. Тиймээс энэ сангийн бүрэн дүүрэн хэрэгжилтэн дээр анхаарлаа хандуулаад ажиллах болно. Бидний энэ гаргаж ирж байгаа хувилбар бол өмнөх найман хувь болон одоо яригдаж буй таван хувь хэрэгжих бүх боломжит шаардлагыг хангасан байгаа. Таван хувийн зээл нь өмнөх найман хувийг бодоход хугацааг нь сунгаж өгсөн байгаа. Тодруулбал, 30 жил хүртэлх хугацаанд эргэн төлөх боломжтой. Гэхдээ тухайн зээлдэгч банктайгаа ярьж байгаад хугацаанаасаа өмнө төлөөд явах боломж нь байгаа.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ