...
...

Д.Жаргалсайхан: Надаас болж Ц.Мөнхтөр халагдсан бол харамсалтай байна

 

Нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайханы "Дефакто" ярилцлагын нэвтрүүлгийг МҮОНРТ-ээр гаргахыг хориглосон талаарх мэдээлэл өчигдөр цахим ертөнцөд шуугиан тарисан юм. Уг асуудлын талаар тодруулахаар “Монгол HD” телевиз “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөртөө Д.Жаргалсайханыг урьж оролцуулсан юм.

-"Дефакто" нэвтрүүлгийн сүүлийн дугаарт ҮХЦ-ийн дарга асан Ж.Амарсанаа оролцсон. МҮОНРТ зочноос болж гэрээгээ цуцласан гэж ойлгож болох уу?

-Би хувьдаа тэгж ойлгож байгаа. Өнгөрөгч даваа гаригийн орой ҮХЦ-ийн дарга асан Ж.Амарсанаа гуайг урьж нэвтрүүлэгтээ оруулсан. Нэвтрүүлэгтээ ямар зочноо хэзээ урихаа би өөрөө шийддэг байсан. Гэтэл мягмар гаригийн үдээс хойш "Монголын Мэдээ" сувгийн захирал Ц.Мөнхтөр над руу утсаар яриад “Тантай бид цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй боллоо. Удахгүй сонгууль болно. Сонгуулийн дараа хамтарч ажиллаж болох юм. Нэвтрүүлгийн бодлогын асуудал, тэнцвэртэй мэдээлэл өгөх үүднээс ийм шийдвэр гаргасан бололтой” гэж хэлсэн. Миний хувьд тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс энэ хүнийг яриулсан. Уг нь үндэсний олон нийтийн телевиз учраас ҮХЦ-ийн дарга байсан хүнийг яагаад ажлаас нь болиулчихваа гэдгийг Монголын ард түмэн сонсох эрхтэй, боломжтой гэдэг үүднээс Ж.Амарсанаа гуайг зочноор урьсан юм.

-Та твиттертээ “Монголын Мэдээ" сувгийн захирал Ц.Мөнхтөр " Дээрээс дамжуулсныг уламжиллаа, таны нэвтрүүлгийг дахин эфирээр гаргахгүй боллоо гэсэн" хэмээн жиргэсэн байсан. Энэ өгүүлбэр ямар утга учиртай юм бол?

-Албан ёсоор бол Ц.Мөнхтөр даргын дээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь бий. Ц.Оюундарь даргын дээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл байгаа. Миний мэдэхээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ойрын хугацаанд хуралдаагүй. Үндэсний зөвлөл хуралдаж Д.Жаргалсайханыг болиул гэж хэлээгүй юм бол Ц.Мөнхтөр даргын сонсох хэмжээний аль нэг улс төрийн хүчнээс уг шийдвэрийг гаргасан гэж би ойлгож байгаа. Яг хэн дээрээс тушаасныг би хэлж мэдэхгүй. Би Ц.Мөнхтөр даргад “Ингэж болохгүй. Бид эрх чөлөөтэй, хүмүүс үг хэлэх эрхээ хадгалах гэж энэ бүхнийг хийж байгаа” гэж хэлсэн.

-Танд өмнө нь дээд удирдлагаас зочин урих асуудалд зөвлөмж байдлаар ирж байсан уу?

-Яахав, цаг үеийн асуудлаар тийм хүнийг яриулбал зүгээр гэх мэт ажил хэргийн зүйл байсан л даа. Гэхдээ “чи тэрийг урьж болно, тэрийг урьж болохгүй” гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд халдсан болох гээд байна. Миний хувьд сэтгүүлч, нэвтрүүлэгч биш. Манай өнөөгийн нийгэмд ярилцлагын нэвтрүүлэг хэрэгтэй гэдэг үүднээс "Дефакто"-г хийгээд тав, зургаан жил болж байна. Ярилцлагаар монголчууд бидний үнэ цэнийг баталгаажуулсан, ойлгуулсан, амьдрал дээрээ үлгэр жишээ болсон хүнийг урихыг хичээдэг. Сая бол Ж.Амарсанаа гуайг зочноор урьсан. Цаашид ч нийгэмд ямар нэг асуудал, томоохон арга хэмжээ болоход нөгөө талд байгаа хүмүүсийг заавал яриулах ёстой гэж бодож байна. Дандаа л ялсан, дийлсэн тал нь яриад байж болохгүй. Аль алийг нь яриулах хэрэгтэй. Олон ургальч үзэл бодолтой ардчилсан нийгэмд амьдрах гэж бид ардчиллыг буй болгосон. Үүнийг ямар нэгэн шалтгаанаар ялангуяа сонгуулийн шалтгаанаар хязгаарлана гэдэг бол ойрын харааны ажил гэж бодож байна. Өнөөдөр ардчилсан нийгэмд 25 жил амьдарсны дараа Монголын ард түмэн ийм юмтай учирна гэж бодоогүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь олон түмэнд зөв мэдээллийг хүргэх ёстой.

-ҮХЦ, арилжааны банкууд, УИХ, эрх баригчдын шийдвэрт эсрэг байр суурьтай хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Тантай холбоотой энэ асуудлаас үүдээд эрх баригчид сонгуулийн замаа засч байна гэж ойлгож болох уу?

-Ардчилсан орны эрх баригчид ард түмнийхээ янз бүрийн дуу хоолойг бүрэн сонсож байж л урагшаа явна. Түүнээс биш аль нэг механик техникээр үг хэлэх эрх чөлөөг хааж боож болохгүй л дээ. Өнөөгийн нийгэмд амьдарч буй хүмүүс хоёр талын байр суурийг сонсож, өөрсдийн дүгнэлтээ гаргадаг цаг үед бид амьдарч байна.

-Та цаашид ямар алхам хийхээр төлөвлөж байна вэ?

-Би том инсититуцийн эсрэг алхам хийгээд байхаар хүн биш. Надад ямарваа нэгэн албан тушаал байхгүй. Миний амьдралын хагас нь хуучин, хагас нь шинэ нийгэмд амьдарч яваа хүний хувьд юу болж байна, юу болохгүй байна гэдгийг хэлээд ямар нэг санал тавьдаг дуу хоолой байх ёстой, олон хүмүүс тэгж ажиллах ёстой, хараат бус байх ёстой гэж үзэж байна. Надад бусад телевизүүдээс хамтран ажиллаач гэсэн саналууд ирж байна, би тэдэнтэй хамтран ажиллана гэж бодож байна. Өнөөдөр 21-р зуун гарснаар зөвхөн телевизээр мэдээллийн хэрэгсэл хязгаарлагдахгүй болжээ. Маш хүчтэй, хэн ч хянаж чадахгүй сошиал медиа хэрэгсэл байгаа, тэрүүгээрээ бид явна. Монголын хүн амын хагас нь залуус, тэдний амьдрах ертөнц нь бүр илүү ардчилсан байх ёстой гэж бодож байна. 

-MNB.mn сайт дээр "Монголын Мэдээ" сувгийн захирлын орон тоон дээр ажлын байрны анкет авч байна хэмээн зарласан байсан. Та үүнийг мэдсэн үү?

-Тийм үү. Мэдээгүй юм байна. Хэрвээ тэгж байгаа бол Ц.Мөнхтөр захирал ажлаа больж байна гэсэн үг. Хэрэв миний нэвтрүүлгийн асуудалтай холбогдуулан ийм зүйл болж буй бол харамсалтай байна. Хэрэгтэй үед нь дуугарч чадсан уу гэсэн асуудал амьдралд дандаа гардаг. Хэрвээ чадаагүй гэх юм бол харамсалтай хэрэг. Тийм ч учраас би энэ ажлыг хийж байгаа. Сүүлд нь би худлаа ярьсан, юу ч хийж чадаагүй хоосон хүн байхгүйн үүднээс чадлынхаа хэрээр өнөөдөр энэ нийгэм, эдийн засгийн асуудлаар дуу хоолой болж байгаа. Ямар нэг хэмжээгээр судалгаатай, анализтай, яаж шийдэлд хүрэх вэ гэсэн шийдвэртэй юм бичихийг оролдож байгаа. Энэ бол тийм ч амар зүйл биш юм байна. Яагаад гэвэл дэмжиж дагадаг хүмүүс олон байдаг ч мохоож доромжилдог, амьтны нэр биччихээд хүн доромжилдог соёл хүчтэй дэлгэрч байна. Энэ бол цаг зуурын үзэгдэл юм. Аймхай, бичсэн зүйлийнхээ дор нэрээ ч тавьж чаддаггүй хүмүүс юу шалихав. Ер нь бол нийгмийн байдал ороо бусгаа хэцүү ч гэсэн зөв замаар урагшилж байгаа гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Breakingnews.mn: Н.Цэнгэл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Дарга даамлынхаа даалгавраар сэтгүүлчдийн амыг барьдаг, нэвтрүүлгүүдийг хаадаг МҮОНТ-ийн дарангуйлагч Оюундарийг сэтгүүлчдийн эгнээнээс хасцгаая сэтгүүлчдээ.

  • Энэ одоо юу болоод байнаа. З.Энхболд Гитлерийн дүрд тоглоод, Мөнхтөр нь Гебельсийн үүргийг гүйцэтгээд байгаа юм бишүү олон түмээн. Чимээгүйхэнээр дүр эсгэсэн ардчилсан дарангуйлал айсуй хүмүүсээ. тэмцэцгээе.Сэтгүүлчид ээ дуугараачээ. нөгөө Мөнхбаясгалан энэ тэр хаачиваа. Сонгуулийн сургаар хаалтын гэрээ хийгээд завгүй байна уу.

Онцлох мэдээ