...
...

МЕГА ТӨСӨЛ-2 буюу Тавантолгой цахилгаан станц

    Монголын эрчим хүчний салбарт хэрэгжих гэж байгаа бас нэгэн Мега төсөл бол Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн баригдах “ТАВАНТОЛГОЙ ЦАХИЛГААН СТАНЦ” юм. Мега төслийг тодорхойлогч М.Энхсайхан “Мега төсөл эхний цэгээс эцсийн цэгээ хүртэл маш нарийн бодож боловсруулагдсан байх ёстой. Бүхэлд нь шинжлэх ухааны хэсэг, бизнесийн хэсэг, төслийн өөрөөр нь нөхцөлдсөн хэсэг гээд томоор хуваавал бид мега төслийн асуудалд хандахдаа эхэлж шинжлэх ухаан хэсгийг нь буруу харснаар цаашаа буруу явчихдаг. Нэлээд явж байтал шинжлэх ухааных нь буруу, дутуу бодсон зүйл гарч ирээд төслийг унагадаг. Мега төслүүд зах зээлийн үнийн өсөлт, уналтад хамгийн мэдрэг. Яагаад гэвэл эдийн засгийн бүх гинжин холбооны хамгийн төгсгөлд, түүхий эдийг нь гаргаж өгдөг байрлалд байгаа учраас ерөнхий зах зээл унахад маш хурдтайгаар уул уурхайд хүчтэй нөлөөлдөг” хэмээн бичиж байсан. Тэр үүднээсээ “ТАВАНТОЛГОЙ ЦАХИЛГААН СТАНЦ” төслийг эхний цэгээсээ эцсийн цэг хүртэл маш нарийн бодож боловсруулсан төсөл гэж үзэх бүрэн үндэстэй. Гэхдээ цаг хугацааны хувьд энэ төслийн ТЭЗҮ бүү хэл баригдах шийдвэр нь тун саяхан буюу 2013 онд маш богино хугацаанд гарсан. Төслийн санхүүгийн зөвлөхөөр “Sumitomo Mitsui Banking Corporation” /SMBC/, техникийн зөвлөхөөр Австралийн “Worlay Parsons” компаниуд ажиллаж байна. АНУ-ын “Shearman & Sterling” хуулийн фирмтэй 2014 он дуустал хуулийн бүх тендер дээр ажиллажээ. 
        2013 онд төслийн санхүүжилтийг хэрхэн босгох талаар санхүүгийн зөвлөх компанитайгаа судалгаа хийсний үндсэн дээр дэлхийд нэр хүндтэй компаниудад урилга хүргэж, ирсэн саналууд дээр үнэлгээ хийн, хөрөнгө оруулагчаа шалгаруулахаар шийдвэрлэсэн. 25 компанийн нэрс гаргаж, захидал илгээснээс 10 компаниас төсөлд оролцох санал авчээ. Улмаар энэ арван компанид үнэлгээ өгч 4 хөрөнгө оруулагчийг шалгаруулснаар Японы “Марубени” корпораци, “Кansai electric” болон Өмнөд Солонгосын “Posco Energy”, Францын “GDF Suez” компаниудын хамтарсан консорциум төслийн урьдчилсан хөрөнгө оруулагчаар сонгогдсон боловч эхнээсээ зарим нь нэрээ татсан. Энэ нь 2013 оны дундаас АНУ-ын “ЭксИм” банк, 2014 онд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт хөгжлийн банк, норвегийн сан зэрэг томоохон хөрөнгө оруулагч нар дэлхий дээр нүүрс ашиглаж байгаа уурхай, нүүрс химийн үйлдвэр, цахилгаан станцад хөрөнгө оруулахаа больж, оруулсан хөрөнгөө татаад эхэлсэнтэй шууд холбоотой юм. Эндээс үүдэн хувийн хэвшил энэ салбарт бизнес хийхэд асуудалтай боллоо гэж үзэн үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж эхэлж байна. Яг ийм шалтгаанаар Францын Engie болон Солонгосын Поскогийн хамтарсан консерциум саналаа татаж авснаа илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар хөрөнгө оруулагч шалгаруулах үйл явц үргэлжилж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчийг шалгаруулах явц дундын уулзалтыг 2015 оны сүүлээр Токио, Сөүл хотуудад зохион байгуулсан. Японы Kansai Electric, Marubeni Corporation, Солонгосын Daewoo C&E гэсэн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын гурван компани хөрөнгө оруулагчаар оролцохоор уралдаант шалгаруулалтад оролцож буй юм. Хөрөнгө оруулагч шалгарч төслийг амжилттай хэрэгжүүлэх нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцааны шинэ алхам болно гэж төслийн багийнхан сайт дээрээ дурдсан байна.

        Энэхүү харилцааны шинэ алхмын эхлэлийг тавьсан засгийн газрын 2013 оны 80 болон 129-р тогтоолуудад

1.   Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 мегаваттын чадалтай цахилгаан станц барих

2.  Санхүүжилтийн эхний ээлжид шаардагдах 50 сая ам.долларыг шийдвэрлэх;

3. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад хөрөнгийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар босгох

4.  Цахилгаан станцыг “түлхүүр гардуулах” нөхцлөөр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллах

5. Тусгай зориулалтын компани байгуулах, холбогдох зөвшөөрлүүдийг олгох гэсэн шийдвэрүүд тусгагдаж ажил хэрэг болох гараа нь тавигдсан. Төсөл хэрэгжсэнээр Монгол улсын нийгэм, эдийн засагт үлэмж том нөлөө үзүүлнэ.

        Үр өгөөж горьдох болоогүй байгаа төсөл маань жилдээ нэлээд өндөр зардалтай ажиллаж байгааг дурдахгүй байх аргагүй. Учир нь энэ төслийн 2015 оны үйл ажиллагааны зардлын төсөв 17.756.629.731 төгрөгөөр батлагдаж байсан байна. Эдийн засгийн хямралын үед дөрвөн оронтой тоо их болж харагддаг болсон Монголчуудын хувьд бол тун том тоо. Тэр тусмаа 21 хүн ажиллаж байгаа гэх энэ төслийн жилийн нийт цалингийн төсөв бараг тэрбум төгрөг буюу 969.080.000 төгрөг байгаа нь мөн л тамтаггүй их тоо. Хар таамгаар бодоод үзэхэд нэг ажилтны жилийн цалин 46.14 сая төгрөгийн дундажтай байна гэсэн үг. Хэдийгээр өндөр зардалтай байгаа хэдий ч сайшаалтай нэг зүйл нь 2013 онд засгийн газраас Чингис бондын 50 сая ам.долларыг төсөл хэрэгжүүлэх үеийн үйл ажиллагаанд зориулан хуваарилж өгснийг төслийн нэгжээс ахин тооцоо хийхдээ хэмнэлтийн зарчмыг баримтлан 15,9 сая долларт багтааж төсөл хөгжүүлэх үе шатыг дуусгаж чадна гэж үзээд, үлдэгдэл мөнгийг Хөгжлийн банканд буцаан өгсөн байдаг. Өнөөдрийн үйл ажиллагааны зардал бүхэн энэ 15.9 сая доллараас гарч байгаа. Өнөөдрийн байдлаар энэ мөнгөний гучин хувь нь үрэгдсэн гэж төслийн захирал Б.Тэмүүжин ярьсан байдаг. Чингис бондоос оруулсан энэ мөнгийг яваандаа Монгол улсын засгийн газар давуу эрхтэй хувьцаанд хөрвөх зээл буюу мезанин хэлбэрээр буцаан авах боломжтой юм. Анхнаасаа төслийг төрд ямар нэгэн дарамтгүй хийнэ хэмээн зорьж 100 хувь хувийнх байж болно гэж тусгасан байна.

        Төслийн ач холбогдол, эрсдэл, хамтын ажиллагааны зарчмын хувьд нэгдмэл ойлголттой байж хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр тогтсон схемийн дагуу, төсөлд оролцогч бүх талууд үйл ажиллагаагаа уялдаатай, харилцан дэмжиж ажиллана хэмээн зорьдог боловч ач холбогдол, эрсдэлийн хувьд хамтран ажиллах талууд нэгдмэл ойлголттой болж чадаагүй бололтой. Энэ нь дээр дурдагдсан хөрөнгө оруулагч шалгаруулах явц дундын уулзалтад оролцогчид Цахилгаан станцын төслийн санхүүгийн баталгаа түүний дотор “Туркойз Хилл Ресурс” компанийн зүгээс Тавантолгой Цахилгаан Станц төсөлд гарган өгөх “1 тэрбум ам.доллар”-ын санхүүгийн баталгааны схем онцгойлон сонирхож байснаас харагдана.  Асуудал дагуулаад байгаа Дубайн гэрээ буюу Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд Тавантолгой Цахилгаан станц төсөлд баталгаа гаргаж өгөх асуудлыг тусгасан байдаг. Уг төсөл төлөвлөсний дагуу бол өнгөрөгч 2015 оны дунд үе гэхэд хөрөнгө оруулагчтай болсон байх ёстой байсан. Хөрөнгө оруулагч тодорсны дараа банкуудтай ажиллаж, өнгөрөгч ондоо багтаан төслийн санхүүжилтээ босгоно гэсэн өөдрөг зорилготой ажиллаж байсан. Сунжирч буй хөрөнгө оруулагч шалгаруулах явц гээч нь хурдан дуусч эх ажил өрнөж эхлэх цагийг Монголын тал тун их хүлээж байгаа.

        Төслийн нийт өртөг 1 тэрбум орчим ам.доллар хэмээгдсэн байдаг боловч эцсийн бүтээгдэхүүнээ борлуулах суваг буюу цахилгаан дамжуулах шугамын өртөг нь ороогүй гэхээр ТЭЗҮ-д бүрэн болсон гэж үзэх үндэслэл буураад ирэх шиг болно. Оюутолгойгоос өөрөөр чухам хаана хэнд хэрхэн цахилгаанаа дамжуулах нь тодорхойгүй байгаагаас үүдэлтэй байж болох юм даа.

Төсөлд оролцогч талууд

ЭХЯ:     Эрчим Хүчний Яам – Төслийн удирдах хороонд төлөөлөл оруулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, бодлогын болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

ЭЗХЯ:    Эдийн засгийн хөгжлийн яам – Төслийн удирдах хороонд төлөөлөл оруулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, санхүүжилтийн асуудлыг шийдүүлэх;

ЭХЗХ:    Эрчим хүчний зохицуулах хороо - Шаардлагатай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

ХБ:    Хөгжлийн банк - Гэрээний үндсэн дээр хуваарийн дагуу санхүүжилт хийх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих;

ТУХ:    Төслийн удирдах хороо - Төслийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох шийдвэр гаргах;

ТН:    Төслийн нэгж - Төслийн үйл ажиллагааг удирдах, хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх, зөвлөх үйлчилгээг зохион байгуулах, тусгай зориулалтын компани байгуулах, үйл ажиллагаагаа дээрх байгууллагуудад тайлагнах;

Стр.Хөр. Орч:    Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид;

Банк:    Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай шууд хөрөнгө оруулалтаас бусад зээлийн эх үүсвэр бүрдүүлэх гадаад, дотоодын бодлогын болон арилжааны банкнууд;

SPV:    Хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдах төсөл хэрэгжүүлэгч, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах тусгай зориулалтын компани;

Зөвлөхүүд:     Ижил төрлийн төсөл дээр ажиллаж байсан туршлагатай, олон улсад нэр хүнд бүхий Хуулийн, Техникийн, Санхүүгийн зөвлөх компаниуд

            Уг төсөл хэрэгжсэнээр Өмнийн цэнхэр говьд 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц бий болж, Оюутолгойн 260 мегаваттын эрчим хүчний хэрэглээг тасралтгүй найдвартай хангах боломжтой болно. Урд хөршид 1Квт тутамд 12 цент буюу 80 сая ам.доллар урсаж байгааг эх орондоо авч үлдэх, цаашлаад гадагшаа эрчим хүч экспортлох, төвийн бүсийн эрчим хүчний хангамжид эерэг нөлөө үзүүлэх, улсын төсөвт жилд 55 сая ам.долларын татвар төлөх зэрэг олон ач холбогдолтой. Ямартай ч Эгийн голын усан цахилгаан станцын төсөл шиг хорь гаруй жилээр сунжралгүйгээр 2020-2021 ондоо багтаад ашиглалтад ороосой билээ.

С.Амаржаргал

Энэ цуврал нийтлэлийн өмнөх дугаарыг эндээс уншаарай!

http://www.breakingnews.mn/c/r/23695

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ