...
...

О.Самбуудорж: Эх хэлдээ анхаарахгүй бол улс орны хөгжил, дэвшилд маш хор нөлөөтэй

Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч доктор О.Самбуудоржоос “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” эрдэм шинжилгээний хурлын талаар тодруулга авлаа.

 

-“Олон Улсын Эх хэлний өдөр”-т зориулсан нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүргийн тухай хэлэлцлээ. Цахим ертөнц хөгжиж байгаа энэ үед хэвлэл мэдээлэлд сэтгүүлчид ямар түвшний хэл найруулгаар бичиж байна вэ?

-Нийгмийн хөгжлөө дагаад монгол хэл цэцэглэн хөгжиж байгаа гэж ойлгож болно. “Олон Улсын Эх хэлний өдөр”-т зориулсан хурлын зорилго нь нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд  ямар нэгэн талаар тус хүргэх юм.Сүүлийн үед ард иргэдийн эх хэлний боловсрол сул болсон байна. Эх хэлээ хайрлах үзэл бодол сайн биш байна. Манай хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид эх хэлний хэм хэмжээг дагахгүй дураараа бичиж, ярьж байгаа байдал хавтгайрах хандлагатай болсон. Тиймээс ард түмнийг гэгээрүүлэх, соёлжуулахад дайчин манлай болсон хэвлэл мэдээллийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тэдний ажилтан, сэтгүүлчдийн боловсролд тус болох үүднээс энэ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ хурлаас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулж зөвлөмж гаргасан. Та бүхэн тэр зөвлөмжийг уншиж, биелүүлээрэй.

-Таны үзэж байгаагаар сэтгүүлчид мэдээ, нийтлэлийнхээ хэл найруулгад хамгийн гол нь ямар хэм хэмжээ, соёлыг мөрдөх ёстойг  товчхон хэлнэ үү?

-Аливаа үндэстэн, тусгаар тогтносон улс өөрийн утга зохиол, бичгийн хэл соёлтой байдаг. Утга зохиол, бичгийн хэлтэй ард түмэн утга зохиолын хэл найруулгын хэм хэмжээ гэсэн дүрмийг дагаж мөрдөх ёстой. Хэрэв тэр дүрмийг дагаж биелүүлэхгүй бол тухайн үндэстэн хэл соёлын хувьд доройтох, хөгжил, дэвшилд нь сөрөг нөлөө үзүүлэх хандлага хүчтэй бий болдог. Жишээ нь, утга зохиолын тогтсон хэм хэмжээнд зөв бичих, зөв дуудах, зөв найруулан бичих, үгсийн сангийн, хэл зүйн сангийн хэм хэмжээнүүдийг сэтгүүлчид биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөв бичихийн хэм хэмжээ ямар үүрэгтэй вэ гэвэл жолоочийн дүрэм, замын хөдөлгөөний дүрэмтэй жишиж үзье. Явган зорчигч, жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчвөл маш сөрөг нөлөөтэй, аюултай. Үүнтэй адил сэтгүүлчид төдийгүй иргэд эх хэлдээ анхаарахгүй бол улс орны нийгмийн хөгжил, дэвшилд маш хор нөлөөтэй юм гэдгийг ойлгоосой гэж бодож байна. Манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид аливаа зүйлийг шинжлэх ухааны үндэстэй, судалгаатай бичиж, ард түмнээ соён гэгээрүүлэхэд үргэлж манлайлагч болж байх ёстой.

 

Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ