Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэн үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байгааг мэргэжлийнхэн онцлох болсон. Тэр дундаа 18-30 насны залуусын дунд бэлгийн замын халдварт өвчин ихэсч, өсвөр насныхан уг аюулын эгнээг өргөсгөж байгаа гэх харамсалтай судалгааны дүн ч гарах боллоо. Үүний гол шалтгаан нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл дутмаг, түүнчлэн гэр бүлийн гишүүдийн дунд энэ сэдэв хаалттай байдаг нь үүний бас нэгэн шалтгаан болдог гэнэ.
Тиймээс Австралийн Засгийн Газрын тусламжаар богино хугацааны “Happy Healthy Life” төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Тодруулбал, уул уурхай хурдацтай хөгжиж, хотжилт нэмэгдэж байгаа алслагдсан аймаг болох Өмнөговь аймгийн Даланзадгад, Баяндалай, Гурвантэс сумдад байрлах ЕБС болон МСҮТ-ийн 14-17 насны залууст чиглэсэн сэтгэл зүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх явуулын сургалт зохион байгуулах юм.
Уг сургалт нь “Өсвөр насны залуусын сэтгэл зүйн онцлог”, “Өсвөр насны залуусын нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Гэр бүл төлөвлөлт”, "Гэр бүлийн харилцаа” зэрэг сэдвээр явагдах бөгөөд сурагчдын оролцоотойгоор өөрсдийн асуудлыг нь илрүүлэн, тухайн сэдвийг хамтран судлах өртөөчилсөн арга хэлбэрээр явагдахаараа давуу талтай гэнэ.
Сургалтыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын сургагч багш нар Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсролын газар, Эрүүл Мэндийн Газар, Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо болон сэтгэл зүйн чиглэлээр төгсөж байгаа оюутан залуус Монголын Залуучуудын Холбоотой хамтран зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн дунд үе тэнгийн сургагч бэлтгэж, найзууд болон дүү нартаа хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх боломжийг нээж байгаа юм байна.
Д.Өөдөө
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250