...
...

Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг уламжлалт арга

Монголчууд нэн эрт үеэс үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн үндсэн таван арга байжээ. Жилийн дөрвөн улиралд мал маллах, ан гөрөө хийх, аян жин тээх зэрэг аж төрөх арга ухаанд сургадаг уламжлал нь юуны өмнө оюун ухааныг нь хөгжүүлж, байгаль эх дэлхийгээ танин мэдэж, ном бичигт суралцаж,
цаашилбал хүн байх үндэс болсон ёс зүйн хүмүүжлийг олгохдоо эх орон, эх дэлхий, өвөг дээдсээ хайрлан хүндэтгэх хүмүүжлийг төлөвшүүлдэг байжээ. Нөгөө талаас ирээдүйд эрүүл аж төрөх үндэс болсон бие махбодийн хүмүүжлийг олгож үүнээс улбаалан хөдөлмөрийн дадал зуршил
эзэмшүүлдэг байсан байна. Уламжилж сурсан үндсэн мэдлэгээ ашиглан үр хүүхдээ сайн, сайхан хүн болгож хүмүүжүүлэхийн хамт өөрөө давхар суралцдаг байжээ. Хүүхдийг бага балчир гэж ялгахгүйгээр хэр чинээнд нь таарсан энгийн хөдөлмөрт оролцуулан хөдөлмөрийн сайхныг багаас
нь мэдрүүлдэг байв. Хөлд орж алхах үеэс ойр зуурын зүйлийг зөөлгөж энд тэнд тавиулах, 3-4 насанд нь аяга шаазан угаалгах, хурга ишиг эргүүлэх, 5-6 наснаас нь хурга ишиг, тугал хариулах, аргал түүлгэх, айраг цагаа бүлүүлэх, даага унуулах зэрэг нүүдэлчдийн аж амьдралын нэн
тэргүүний хэрэгцээт дадал чадварыг олгож ирсэн байна.

Монголчууд ном эрдэмтэй хүн болох хүүхдийг багаас нь шинжин тогтоогоод гэрийн сургуулиар ном зааж ирсэн уламжлалтай. Хүүхдийн оюун билгийг нээгдүүлж, бичиг үсэг, ёс зүйн хүмүүжил сургах, баатарлаг зоригтой болгох, аж төрөх чадварыг олгох зэрэг олон талтай хүмүүжлийн аргыг бий болгосон. Аливаа хөдөлмөрийг хэрхэн гүйцэтгэхийг хий хоосон номлох биш харин өөрийн биеэр үзүүлж дуурайлган сургадаг байсан нь монгол гэрийн хүмүүжлийн гол онцлог давуу тал байлаа. Монгол хүүхдүүд шаардуулж шавдуулахгүйгээр эцэг эх ахмад хүмүүсийг дуурайн хөдөлмөрлөсөөр амьдралын ухаанд суралцдаг байжээ. Монгол хүний эрхэм сайхан чанарыг
илтгэсэн хүнлэг энэрэнгүй, ахан дүүсэг, төлөв даруу, хөдөлмөрч хичээнгүй, зоригтой, намба ёсорхог, ухаалаг, уужим сэтгэлийн ундарга нь монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанаас эхтэй.

Эртнээс нааш Монголчууд шулуун шударга зан, цагаан цайлган сэтгэл, найрсаг ёсорхог заншил, харамлах хаахыг мэдэхгүй зочломтгой өгөөмөр зан төрх гадаадын аялагч, жуулчин, худалдаачин, эрдэмтдийн гайхлыг төрүүлж байсан билээ. Талын цайдамд торойсон Монгол хүний бор гэрт европын ямар ч тохилог дэн буудлаас илүү өөриймсөг байж болох тухай, нар салхинд борлосон монгол хүний царайг хармагц түүнд итгэж, түүнд найдаж болох, сайн дүүтэйгээ, сайн ахтайгаа учирсан санагддаг тухайгаа тэд дүрслэн бичсэн нь олон. Монголчуудын амьдралын “бичигдээгүй сурах бичиг” болсон монгол сурган хүмүүжүүлэх уламжлалын баялаг сан хөмрөгөөс жинхэнэ дэвшилтэт соёлтойг нь тунгаан үзэж авах нь шинэ үеэ
хүмүүжүүлэхэд үнэлж баршгүй эрдэнэ билээ. Энэхүү үнэт эрдэнэ нь ардын аман зохиол, тоглоом наадам, зан заншилд хадгалагдсан бөлгөө. Улс үндэстэн үүссэн цагаасаа эхлэн түүхэн хөгжлийхөө явцад мянга мянган жилийн турш үе уламжлан боловсруулан сайжруулсаар ирсэн сурган
хүмүүжүүлэх арга барилтай бөгөөд тэр нь орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны эх болдог. Үүнийг сурган хүмүүжүүлэх нэр томьёонд “Ардын сурган хүмүүжүүлэх зүй” гэдэг билээ.

Монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний үүсэл хөгжлийг монгол үндэстэн хэзээ бүрэлдэн тогтсон тэр үетэй холбон үзэж болно. Хөгжлийн энэ урт хугацаанд нийгмийн хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр хүнээр хүн хийх зорилго чухлаар дэвшигдэж, сурган хүмүүжүүлэх үзэл санаа арга хэрэглүүр ч мөн баяжин боловсорч иржээ. Монголын ард түмний олон үеийн турш хуримтлуулж ирсэн сурган хүмүүжүүлэх өв уламжлал хэд хэдэн эх булагтай.

1. Монгол ардын аман зохиол

2. Түүхийн он цагийг даган журамласаар ирсэн бичигдээгүй хууль, ардын зан заншил

3. Эх хэл

4. Гэрийн сургуулийн их туршлага

5. Тоглоом наадам

6. Бичмэл зохиол бүтээлүүд зэрэг болно.

Аман бичгийн зохиол, зан заншил, эх хэл, тоглоом наадгай нь монголын ард түмний өсвөр үеийнхнээ сурган хүмүүжүүлэх үндсэн арга барил болсоор иржээ. Үүний сацуу гэрийн сургууль бүхэлд бүтэн тогтолцоо болж хөгжсөн байна. Эртний монголчуудын байгалийг шүтэх үзэл буюу эцэг тэнгэр, эх газар, ээж нар, галыг шүтэх үзэл нь яван явсаар эцэг эхийн гал голомтыг дээдлэх ёс болж улмаар “гэр түвшин бол төр түвшин” хэмээн төр улсыг бат түвшин тохинуулах арга туршлагын бүхэл бүтэн тогтолцоог бүрдүүлэн уламжлуулжээ. Гэр бүлд хүн төлөвших энэхүү тогтолцооны нэн чухал хоёр талын нэг нь эцэг эх нөгөө тал нь үр хүүхэд юм. 

Манай ард түмэн “эцэг асралтай, эх энэрэлтэй, үр тахимдуу, эгч элэгсэг, дүү бишрэлтэй” байхыг “Монгол их ёс” гэж үздэг нь хүний хүмүүжил, гэр бүлийн хүмүүжлээс эхтэйг тодорхойлсон хэрэг юм. Манай ард түмний боловсруулан баримталж ирсэн, хүмүүжлийн нэг үндсэн зарчим нь хүнээр хүн хийх зорилго бүхий аливаа үлйдэл, үйл ажиллагааг ямагт ажил хөдөлмөртэй нягт холбон авч үздэгт оршино. Энэ нь амьдралд олон үйлээр илрэх бөгөөд “Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог” гэсэн мэргэн үгээр тодорхойлогдоно. Ер нь Монголчууд ажил гэдэг ойлголтыг аж амьдрал, амьд явахын учир утгатай дүйцүүлэн ухаардаг байсан нь илэрхий. Тэгээд ажил хөдөлмөрийн үр дүнд хүн шиг хүн болно шүү хэмээсэн нь чухамдаа хөдөлмөр л хүнийг бий болгосон гэснээс юуны өөр вэ? Энэ санаагаар ар давж, зам туулж, хал үзэж хатуужсан хүлэг морьтой зүйрлэн тодотгосон нь манай ардын сэтгэхүйн үндэсний онцлог юм. Хүнээр хүн хийх хүнд бэрх энэ ажил бол ямагт хамтын хүчээр хэрэгждэг. Өөрөөр хэлбэл бие хүн гэдэг бол нийгэм, хамт олны бүтээгдэхүүн бөгөөд мөн тэндээ л оршин тогтнох хувь тавилан бүхий өөрийн ухамсарт хүн гэсэн дүгнэлтийг манай мэргэн ард түмэн хэдийнээ хийжээ. Хүмүүжлийн энэ зарчмыг тусгал болгосон, эв эеийг эрхэмлэсэн, хамт олон байна гэдэг бол хүний мөс ноён нурууг илэрхийлэх гол үзүүлэлт юм. Иймээс хүмүүжлийн үйл ажиллагаа нь ямар ч хэлбэртэй байсан энэ зарчимд нийцдэг. Хүмүүжлийн хамт олонч байх зарчмыг баримтлана гэдэг бол зөвхөн тоон талын ойлголт биш харин чанартай холбоотой болохыг ч анхаарулсан нь цөөнгүй. Жишээ нь: “олны хүч эвэндээ, олсны хүч эрчиндээ” гэсэн нь юуны өмнө олон хүний хүчний давууг онцолсон хэрэг. Олсонд хичнээн ширхэг утас байлаа ч эрчлээгүй бол яахин олс байж чадах билээ. 

Үүний нэгэн адил олон хүн байлаа ч гэсэн эв найрамдалгүй бол хамт олон болж чадахгүй. Хамт олонч байх зарчмыг ажилд баримтална гэдэг нь олонхийг буюу хүчтэйг ухамсаргүйгээр аялдан дагалдахын нэр биш, ухамсартай сонголт зайлшгүй хэрэгтэй гэдгийг “сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могоон хорлол” хэмээн хэлжээ. Энэ бол найз нөхрөө сонгох тухайд биш уг үзэгдлийн шалтгаан, үр дагаварын диалектик холбооны тухай өгүүлж ухамсартай сонголт хийхийг анхаруулсан үг. Энд өгүүлж буй сайн ба муу нь шалтгаан бөгөөд түүнээс гарах сарны гэрэл, могойн хорлол нь үр дагавар, муу шалтгаанаас муу үр дагавар гарна гэдгийг сануулан, юуны өмнө танин мэдэж сонголт хий гэсэн сургаал юм.

Үр хүүхдээ хүн болгоход баримталж ирсэн бас нэг зарчим бол “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэдэг цэцэн үгээр илэрчээ. Энэ нь бодит ерөнцийн юмс үзэгдэлд түүнийг тусгасан ухамсар нь эсрэг тэсрэг 2 талтай бөгөөд нэг нь нөгөөгөө үгүйсгэхийн хамт, нөхцөлдүүлж, хөгжлийн эх ундарга нь
болж өгдөг диалектик хуулинд үндэслэсэн байна. Хайр, хал хоёрын зөрчил, түүний нэгдэл нь монголын гүн ухааны нэр томьёогоор бол арга билэг юм. Хайр хал хоёрын аль нэг рүү хэлбийхгүйгээр тэр хоёрын тэнцвэрийг тогтоож дундыг барьж “төв ёс” болгох учиртай ажээ. Сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд хайр хал хоёрын голчийг дагаж чадваас хүмүүжүүлэх ажилд эндэл ташаа гарах нь бага. Хааяа аль нэг тал уруу хазайвал даруй нөгөө тийш нь залан төв замаа сахин барих нь ардын хүмүүжлийн ёсны мөн чанар болой. Сэнхрүүлэн зааж сайтар томьёолсон
энэ онол бол монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн түүхэн дэх чандмань эрдэнийн нэг мөн. Мөнөөх цэцэн үгийн дотроо, гаднаа гэсэн нь ямар утгатайгаар нэг дор зэрэгцэн оршив гэдгийг авч үзье. Дотоод гадаад гэдэг диалектик категори бий. Гадаад дотоод 2 бол бүхэл юмны нэгдмэл 2 тал
бөгөөд харилцан бие биеэ нөхцөлдүүлдэг амин холбоотой. Дотоод гэдэг нь юмс үзэгдлийн уг чанар агуулгыг тодорхойлж гадаад тал нь юмсын хэлбэрийг тодорхойлдог боловч уг юмсын оршин хөгжих зайлшгүй нөхцөл гэдэг. Чингэвэл хүн хүмүүжүүлэх зарчмын дотоод тал нь хайр, гадаад тал нь хал юм. Хүн хүмүүжүүлэхэд хайр нь дотоод талдаа, хал нь гадаад
талдаа байх ёстой хэмээн энэ хоёр категорийн философи утгыг
тодорхойлсон байна. Дотроо байх хайр нь хүмүүжүүлэх ажлын гол
судас болно. Хүмүүжлийн ажлыг зохион байгуулахдаа гадна байдаг халд тулгуурлах нь диалектикийн агуулга, хэлбэр хоёрын нэгдэлд хүргэх ажээ.
Ингэж ойлговол хайр гэдэг нь агуулга, хал гэдэг нь хэлбэр бөгөөд хайр
нь дотроо оршиж халаар илрэх хөгжлийн нэгэн явц байх нээ. Хайр, хал
гэдэг нь их л өргөн хүрээтэй ухагдахуун болно. Ердийн нэг хайр төдий
бус асрах нигүүлсэх сэтгэлтэй, сайн явдал, саруул ухаан энэ биеийн нь
чимэг болсон зөв хүн болох зорилго бүгд хайр гэдэг ухагдахуунд
багтаж, зэмлэх буруушаах залхаах шийтгэх, шахаж шаардах “ажлын
хар, дээлийн бор”
гэх мэт нь халд багтана. Халыг зөвхөн шийтгэл гэж
бодож болохгүй. Шийтгэл нь халын нэг сэжүүр нь юм.

Ингээд үзвэл гол үндэс гадаад тал болсон халын хэлбэр нь солигдож
хөгжих замыг туулж ирсэн түүхтэй байна. Ардын сурган хүмүүжүүлэх
зүйн хал гэдэг хэлбэрт нь зодох айлгах үйл голлосон эртний нэг үе
байсан бол орчин үед тэр нь гол бус зэмлэх шахаж, шаардах зэргээр
солигдож дэвшсээр байхад хайр гэдэг дотоод тал нь тогтвортой байх
ажээ. Хүүхэд бол “харах нүдний цөцгий, хайрлах зүрхний тольт,
хавтгай ясны тасархай”
билээ. Гэхдээ аргадах тутамд арзайж, таалах
тусам тонгочиж, хүү минь, хүү минь гэхээр хүний толгой дээр гардаг
амьтан юм шүү.

Гэм хэнд байна, зэмийг түүнд өг! Гэвч ухаантай хүн үгээрээ, ууртай хүн
нударгаараа сургадаг гэсэн үг. Нударгаар сургавал хор л болохоос бус
ямар ашиг байх вэ? Зодуурын үзүүрт цус, сургаалийн үзүүрт тос гэдэг
юм. Ороо морийг уургаар барьдаг шиг ууртай хүнийг аргаар л сургана.
“Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” болоод хавиргатай
гэдсэнд багтсан хүү чинь хана¬тай гэртээ багтахаа болиод ирэхийн
үед ямар ч үг хэлээд тусгүй болно. Иймд хүүхдийн насны бага, цусны
шингэнээс нь хайраа дотоо агуулж халаа гаднаа гаргаж сурагтун гэж
хүмүүжүүлэгчдэд хандан хэлье. Хүмүүжигчдэд бас хандаж: “Магтаал
гэж бүү баяс, мууллаа гэж бүү гунь, зэмлэх үгний ил нь бахтай, магтах
үгний далд нь урамтай”
байдаг юм шүү, ер нь арвайн гурил ус даадаг,
аавын хүү үг даадаг юм, “Сурахад бүү алжаа, зовлонг сөрж, жаргалыг
дааж, ажлын харыг хийж, дээлийн борыг өмсөж, зүйд нийлж ёсонд
таарсан хүн болдог юм” гэсэн сэнхэрмээр сургаалийг сануулмаар байна.
Монголын ард түмний боловсруулсан хүмүүжлийн нэг зарчим бол хүний
нэр төрийг туйлаас эрхэмлэн хүндэтгэхэд оршино. 

Чухамдаа энэ зарчмын үүднээс хүн болгох зорилго бүхий аливаа үйл ажил-лагааны эсрэг чиглэсэн, хүний нэр хүндийг хохироосон үйлдлийг жигшин
“Хүний муу хүн дайрдаг, хүрзний муу чулуу дайрдаг” гэж сургасан нь
бий. Иймд аливаа сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь хүний нэр
төрийг дээдэлж сайн талд нь түшиглэх, зарчмыг тууштай баримтлах
ёстой бөгөөд энэ нь монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд
уламжлагдан иржээ. Манай ард түмэн хүмүүжлийн энэ зарчмын үүднээс
хүний алдаа эндэгдлийг уучилж, сайн талыг нь хөгжүүлэх, ямагт
хүнлэг энэрэнгүй байх зэрэг сурган хүмүүжүүлэх ёс зүйн хэм хэмжээг
тогтоон төлөвшүүлж иржээ. Түүнчлэн хүн болгоно гэдэг нь нэгдсэн жороор нэгмөсөн хийчих ажил биш гэдгийг аль эртнээс ойлгон, хүн тус бүрийн онцлогийг харгалзан ялгавартай хандах зарчмыг баримталж байв. Энэ нь “хүн бүр адилгүй
хүлэг болгон жороогүй”
гэсэн хураангуй томьёоллоор илрэх бөгөөд
сурган хүмүүжүүлэгчдийн зохиол бүтээлд:

Ууртай хүнийг ширүүн хэлбэл аюул болох тул ухуул!
Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга!
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс хэрэг гарах тул битгий хэрэгс!
Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна!
Харамч хүн нэгэн ширхэг утсыг ч харамлах тул арилжаа бүү хий!
(Д.Равжаа “Цаасан шувуу”) хэмээн тод томруунаар тусгажээ. Хүн болгох үйл ажил¬лагаанд амьдрал бүхэлдээ багтдаг. Өөрөөр хэлбэл хүний хөгжил хүмүүжилд нөлөөлдөггүй хүн гэж байхгүй. Түүхч Амарын хэлснээр “Амьдралын сайн ч миний багш, муу нь ч миний багш мөн” юм.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ