...
...

Ш Баярмагнай: Ажил олгогчид сэтгэл сайтай хүнийг л илүүд үзэх болсон

Дөнгөж сургуулиа төгсөөд ажил хайж байгаа залуучууд ажил олгогчдын шаардлагад нийцэж, хүссэн ажилдаа орно гэдэг тийм ч амар биш.  Тиймээс тэдгээр залуучуудад зориулан хүний нөөцийн чиглэлээр салбартаа манлайлан ажиллаж байгаа “Хүний Нөөцийн Клуб”-ын Тэргүүн Ш Баярмагнайтай ярилцлаа.

-Би таныг хүний нөөцийн чиглэлээр нэлээн амжилттай яваа залуу гэж ойлгодог. Тиймээс хоёулаа таны хийж буй ажил, удирдаж буй байгууллагаас яриагаа эхлүүлмээр байна. 

-Миний хувьд гадны хөрөнгө оруулалттай компанид хүний нөөцийн менежментийн чиглэлээр одоогоор ажилладаг  мөн HR Сlub-Айч Ар Клуб (Human Resource Club-Хүний Нөөцийн Клуб)-г үүсгэн байуулж, удирдан ажилладаг.  Энэ клуб нь хүний нөөцийн чиглэлээр ажилладаг 5000 орчим мэргэжилтэнгүүдийг нэгтгэсэн сайн дурын төрийн бус байгууллага юм. Өнөөдөр клубээ төлөөлөн ярилцлага өгөх гэж байна. 
HR Сlub нь 2012 онд байгууллагдсан, үйл ажиллагааны чиглэл нь нэгдүгээрт уг чиглэлээр ажиллаж байгаа менежер, мэргэжилтэн, ажилтангуудын боловсролд нь хөрөнгө оруулалт хийх, хоёрдугаарт тэдний холбоо харицааг сайжруулах, гуравдугаарт хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн дуу хоолойг салбарт хүргэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн түүнчлэн манай клуб нийгэмд чиглэсэн үйл ажиллагаануудыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулдаг. Үүний нэг нь Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулж, их дээд сургуульд элсэн орохдоо эцэг эх, найз нөхөд, нийгмийн нөлөөлөлөөр мэргэжлээ сонгох биш, өөрийн үнэт зүйл, зан төрхөд тулгуурлан мэргэжлээ сонгох нь таны цаашидын амжилтанд хэрхэн нөлөөлдөг талаар зөвлөгөө өгч, сургалт явуулдаг.

Мөн их дээд сургууль төгсөөд, ажил дээр гарч ирээд ажил олгогчид гологдоод, дутуу үнэлэгдээд байгаа залуучуудад зориулж “Үнэ цэнэтэй ажилтан” гэсэн сургалтыг зохион байгуулж байна. 
түүнчлан ажилгүй иргэдэд зориулж, нээлттэй ажлын байрны мэдээллийг хаанаас авах, ажилд орох ярилцлаганд юуг анхаарах, анкетаа хэрхэн зөв бөглөх зэрэг ажилд ороход нэн шаардлагатай энгийн сургалт, уулзалтыг зохион байгуулдаг. Энэ гурван сургалтыг бид нийгэмд чиглэсэн буюу үнэ төлбөргүй зохион байгуулж байна. 
-Та ажилд хүн сонгон шалгаруулж авахдаа дөнгөж их, дээд сургууль төгссөн залуу хүн, туршлагатай ажилтан хоёрын алийг нь илүүд үздэг вэ? Мэдээж аль аль нь өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай байдаг байх. Чухам таны хувьд аль нь чухал уу?

-Нөхцөл байдлаас шалтгаална л даа. Туршлагагүй хүнийг би цагаан цаастай зүйрлэдэг. Шинэ цагаан цаасан дээр юм бичиж, зурахад гоё биздээ, харин туршлагатай хүн гэдэг өмнө нь их баллуурдсан цаас шиг байдаг. Тийм цаасан дээр юм бичихэд хэцүү шүү дээ. Иймд миний хувьд  хэрвээ тухайн хүнийг сургах цаг хугацаа байвал шинэ хүнийг авахыг  хичээдэг. 

-Би нэг зүйлийг ажигладаг юм . Маш сайн ажлыг гүйцэтгэдэг хэрнээ өөрийгөө илэрхийлэх чадвар тааруугаас болж ажилд орж чаддаггүй тохиолдол олон.  Гэтэл эсрэгээрээ, хичээл зүтгэлтэй биш хэрнээ өөрийгөө их зөвөөр илэрхийлдэг залуус илүү сайн ажилд ороод байх шиг байдаг. Таны хувьд тэр хүмүүсийн алийг илүү үздэг вэ?

-Ажил горилогчын гадаад үзэмжинд хууртах, гадаад үзэмж дээр тулгуурлаж ажилд авах шийдвэрийг гаргана гэдэг бол туршлага сул хүний нөөцийн мэргэжилтэн, менежерүүдийн гаргадаг алдаа. Би ч гэсэн тийм алдааг гаргаж байсан үе байгаа. Хүний нөөцийн мэргэжилтэн, менежерүүд туршлагатай болохын хэрээр гадаад үзэмжийг бус дотоод хүнийг хардаг. Энэ чинь л ажлын туршлага юм даа. 
-Хот болон хөдөө боловсрол эзэмшсэн хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр гарахад ямар ялгаанууд байдаг вэ? Давуу, сул талын тухайд

-Ялгаа байдаг гэхдээ сүүийн үед мэдээллийн технологи хөгжихийн хэрээр энэ ялгааг багасгаж байна. Нэгдүгээрт  хөдөө орон нутагт боловсрол эзэмшээд хотод ирж байгаа залуучууд нэг өөр, Хоёрдугаарт хотод төгсөөд,  мөн л хотод хүмүүжсэн залуучууд бас нэг өөр, Гуравдугаарт гадаадад боловсрол эзэмшээд тэндээ ажиллаад, сураад ирсэн залуучуудын сэтгэл зүй  бас өөр байдаг. Ялгаатай байна гэдэг нь тухайн залуучуудын юманд хандах хандлага, ажилд хандах хандлага, өөртөө хандах хандлага, байгууллагад хандах хандлага нь өөр өөр гэсэн үг юм. Гэхдээ өөр байна гэдэг нь сул тал гэсэн үг биш, үүнийг бизнесийн байгууллага маш богино хугацаад засч өөрийн соёлдоо уусган авч ижил соёлыг түгээдэг.-

- Хилийн чанадад болон дотоодод боловсрол эзэмшсэн залуучуудын тухай ярилаа. Эндээс нэг зүйл тодруулмаар байна. Гадаадад сургууль төгссөн залуучууд дотоодод боловсрол эзэмшсэн залуучуудаас хэр ялгаатай байдаг вэ?

- Монголд төгссөн залуучууд ажлын ярилцлаганд орохдоо би л бүгдийг чадна гэсэн эрмэлзэл дүүрэн байдаг. Гэхдээ бүхнийг чаддаг хүн хэзээ ч байхгүй. Тэгээд ажил дээр гарахаараа би чадна гээд үүрэг даалгавар авдаг,  гэтэл яг хугацаа нь болохоор амжсангүй гэдэг. Бүхнийг чадна гэдэг энэ хүсэл нь ажилд их саад болдог. Гэтэл гадаадад төгссөн залуучуудын хувьд чадахгүй гэдгээ зоригтой хэлж чаддаг. Дааж авсан ажлаа цаг хугацаанд нь хийдэг, цаг хугацааны үнэ цэнийг сайн мэддэг, тийм л дотоод ертөнцийг бий болгосон байдаг. Гадаадад төгссөн залуучууд албан тушаалын сонгон шалгаруулалтанд давуу талтай байж чаддаг уу гэвэл би тийм гэж хэлж чадахгүй гэхдээ хөгжиж байгаа жижиг байгууллагууд одоогоор үүнийг чухалчлан үзэх хандлага байгаа. Тэдний давуу тал гэвэл мэдээж гадаад хэлний чадвар  сайн.  Бусад ажлын шаардлага тал дээр дотооддоо боловсрол эзэмшсэн залуучуудаас тийм их давуу талтай байж чаддаггүй. Жишээ нь надтай хамт ажилладаг манай хэлтсийн бичиг хэргийн ажилтан байгаа. Тэр Англид баклавраа хамгаалсан, Хятадад мастер хамгаалсан. Англи, орос, хятад япон хэлтэй, гэтэл тэр хүний чадвар нь бичиг хэргийн ажилтнаас ахихгүй байна л гэсэн үг. Гадаад хэл гэдэг зүйл ямар ч албан тушаал дээр тодорхой хэмжээнд байх хэрэгтэй, гэхдээ ажлын байранд онцгой давуу талыг бий болгож чадахгүй л дээ.

-Нөгөө талд манай боловсролын систем янз бүр байгаа. Сургалт муу их дээд сургуулиуд байна. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр төгсөгчид нь гараад гологддог. Тэр хэсгийн талаар ямар дүгнэлттэй байдаг вэ, Магадгүй сургалт хийж байхдаа анзаардаг байх л даа.

-Манай Клуб нь consulting, outsourcing хэлбэрээр ажилладаг. Consulting гэдэг нь тухайн байгууллагад хүний нөөцийн менежментийн чиглэлээр ямар асуудал тулгараад байна түүний дагуу зөвлөгөө өгдөг. Outsourcing гэдэг нь тухайн байгуулагад хагас цагаар ажиллаж, тухайн байгуулагын холбогдох ажлыг гардан гүйцэтгэдэг. Ийм үйлчилгээг ихэвчлэн жижиг бөгөөд хөгжиж байгаа байгууллагууд их авдаг. Дээрх байгууллагад хандаж байгаа ажил горилогчид нь ихэвчлэн туршлага сул, чадвар дутмаг хүмүүс байдаг. Гэхдээ энэ харьцангуй ойлголт. Муу хүн, чадваргүй хүн гэж байдаггүй. Сүүлийн үед хүний нөөцийн менежментийн чиглэл Харвардын их сургууль төгссөн байна уу, МУИС төгссөн байна уу, нэг жижиг хувийн сургууль төгссөн байна уу гэдэг нь чухал биш гэж үзэх болсон. Гол нь  ямар хүнийг байгууллагууд хайгаад байна вэ гэхээр дотортой хүнийг хайгаад байна. Дотортой гэдэг нь худлаа ярьдагггүй, хулгай хийдэггүй, хариуцлагатай, ажилдаа дуртай хүнийг л хайгаад байна. 

Хоёулаа хувийн байгууллагын түвшинд их ярилаа. Та төрийн байгууллага дээр outsourcing ч юм уу эвсэл сургалт, судалгаа шинжилгээний хүрээнд ажиллаж байсан уу? Иргэдийн дунд төрийн албанд дарга нарын хамаатан садан , найз нөхөд, танилууд ороод байна гэсэн шүүмж байдаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ салбарт сургалт, судалгаа хийж байсан туршлага байгаа. Хувийн салбарт амжилттай ажиллаж байгаа залуучуудын хандлага нь төрийн албанд орох сонирхол бага байна. Уг нь тэр залуучууд орж төрийн үйлчилгээг сайжруулах ёстой. Бид төрийн үйлчилгээг авна гэж татвар төлдөг. Гэтэл тэр үйлчилгээгээ сэтгэл ханамжтай авч чадахгүй байна. Яагаад чадахгүй байна гэхээр мэргэжилдээ хайртай, хүнийг хүн ёсоор хардаг, ёс зүйтэй, чадалтай залуучууд төрийн албанд орохгүй байгаа нь гол шалтгаан байна, нөгөө талаар төрийн албаны хүний нөөцийн менежментийн сургалтын бодлого нь сул хөгжсөн. Мэргэжлийн чиглэлийн сургалтыг зохион байгуулдагаас биш хувь хүний хөгжил, хандлагад нөлөөлсөн сургалт зохион байгуулдаггүй. Монголын төрийн байгууллагын Хүний нөөцийн менежмент үнэхээр сул. Гадаад орны туршлагыг судлахаар төрийн албаны хүний нөөцийн менежментээс бизнесийн байгууллагын хүний нөөцийн менежмент суралцаж байдаг. Гэтэл манайд эсрэгээр бизнесийн байгууллагуудын хүний нөөцийн менежмент хөгжөөд байхад, төрийн албаны менежмент нь хэвээрээ.Мөн сонгуулиас шалтгаалж хүний томилгоо хийгддэг. Энд л асуудал байна.

-Өөрийн  клубээрээ дамжуулж, залуучуудынхаа төлөө хийхээр төлөвлөж байгаа зүйл байна уу?
-Миний боддог бодол, баримтладаг нэг зарчим байдаг. Хүн чадах зүйлээ л хийх хэрэгтэй гэж. Хүн болгон чаддаг зүйлээ хийгээд л байх юм бол тухайн сум, аймаг, улс орон өөрийн зүй тогтлоороо хөгжнө. Хөндлөнгөөс харахад эдийн засгийн хэрэгцээ, нийгмийн нөлөөлөлөөс болж залуучууд чаддаг, дуртай ажлаа хийж чадахгүй байна. Миний хувьд сум, орон нутгийнхаа оюутан, залуучуудын оюунд нь хөрөнгө оруулалт хийсэн сургалт, уулзалтыг хийж болно. Энэ нь миний нутагтаа оруулж буй хувь нэмэр юм уу даа.

-Таньтай богино хугацаанд ярилцахад өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, хийж байгаа ажилдаа чин сэтгэлэээсээ ханддаг өөрийн үнэт зүйлээ олчихсон байгаа нь мэдрэгдэж байна. Тэгэхээр таны бага нас хаана өнгөрөв, хаана боловсрол эзэмшсэн бэ?

-Би 8-р анги хүртлээ Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд сурсан. Миний анхны багш н.Түмэндэмбэрэл багш. Энэ хүн намайг өдий зэрэгтэй явахад суурь боловсролыг маш сайн өгсөн. 5-р ангиас 8-р анги хүртлээ н.Дэмиднямбуу гэж бас мундаг багшийн анги байсан. 8-р ангиа төгсөөд 9,10-р ангиа аймгийнхаа 1-р сургуулийг төгссөн. Хүн бие хүн бий болох, төлөвших хугацааны 80, 90 хувийг бага насандаа бий болгодог гэж үздэг. Миний системтэй боловсрол, зөв бодол, эерэг бүхнийг сум орон нутаг 10 жил, эцэг эх маань өгсөн. Дээд боловсролын хувьд 2008 онд ШУТИС-ийн КТМС-ыг энэ мэргэжлээр төгссөн. Хүний нөөцийн менежмент гэсэн мэргэжилтэй. 2012 онд тухайн сургуульдаа Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан, одоо энэ чиглэлээрээ мөн л тэр сургуульдаа Докторт сурч байна.

Төгсөөд хаанаас ажлыг гараагаа эхэлсэн бэ?

-Анх  2007 онд “Монгол газарт” ХХК-аас ажлын гараагаа эхэлж, “Таван Богд” Групп-д мөн ажиллаж байсан одоо гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хүний нөөцийн сургалт, хөгжил хариуцсан ахлах менежерээр ажиллаж байна. 

- Нутагтаа хэр их очдог вэ? Сумын хөгжлийн хөшүүрэг нь юу гэж боддог уу?

-Зун наадмын үеэр заавал очдог. Сум орон нутаг хөгжих процесс зүй тогтол нь нутгаасаа гарсан чадвартай залуучуудыг л татах хэрэгтэй. Тэгж байж л хөгжнө. 
 -Амжилттай ажиллахын зэрэгцээ, нийгэмд чиглэсэн ТББ удирдаад явж байгаа залуу хүний ирээдүйн зорилго нь юу бол?

-Би хамтарч ажилладаг залуучууддаа хэлдэг юм. Асах юм бол ассан шиг асах хэрэгтэй. Битгий май тавь гэж Тэгэхээр цаашдын зорилго бол салбар /Хүний нөөцийн менежмент/-аа хөгжүүлэхийн төлөө л чин зорилго, алсын хараа, эрхэм зорилгоо болгоод  ажиллаж байна. 

-Хүн удирдах чадварыг сурдаг зүйл үү эсвэл  байгалиасаа төрдөг үү?

-Сургаж болно. Манлайлалын сүүлийн үеийн чиглэл бол манлайлагчыг  бий болгож болно гэсэн үзэл. Тийм ч учраас ажилтанг сургах сургалтын хэрэгцээ өсөж байна. Суурь сайтай барилга дээр олон давхар байшин барьж болно. Хувь хүний төлөвшил зөв бол байгууллагууд сургаад ажлын чадвар, туршлагыг суулгаж болно.
Залуучууд бид нийгэмдээ чаддаг зүйлээрээ хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Ажлыг эхлүүлсэн бол шантарч болохгүй, дуусгах хэрэгтэй. Бас ёс зүйтэй байх хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ