90 жил ээ гэж...Өнгөрсөн гурван жилд аймаг сумдын тэгш ой тохиогоод орон нутгийн уугуул, суугуул иргэд сайхан л баярлалаа. Морь уралдаж, бөх барилдаж, сур харваж байвал таатайхан наадаад л байна шүү дээ, бид чинь.
Манай улс нийт 360-аад сумтай. Түүнээс бараг 130-аад нь 90 жилийнхээ түүхт ойг тэмдэглэсэн гэх. Хүнээр бол нэлээн хөгширч, улс нийгмээр бол нэлээд хөгжсөн байх учиртай. Улсын минь нийслэлд сайхан барилга, байгууламж нэмэгдсээр, өнгө орсоор. Харин яагаад 90 жилийн түүхтэй сум өнөөх л “дээр үе” шигээ байгааг ер ойлгохгүй юм.
Намрын сүүл сард Дорнод аймгийн “Халх гол” сум руу ажлаар явах болов. Хотоос 1000 км-ийн зайд Халхгол буюу Сүмбэр сум оршино. Алдарт Мэнэнгийн тал 300 гаруй км үргэлжлэх ажээ. Талын жавар ихтэйг ч хэлэх үү хүйтний эрч чангарсан байлаа. Нэгэн цагт дайны хөлд дарагдаж, цэрэг эрс халуун амиа алдаж, олон үрс өнчирч байсан энэ газарт одоо Халх гол сумын 4000 гаран айл өрх энх тунх, нам гүм аж төрж байна.
Харамсалтай нь энд орчин цагийн хөгжил гэхээр олигтой юм байсангүй. Нэг үеэ бодвол тог цахилгаантай, засмал зам, харилцаа холбоо, хурдны тэрэгтэй болжээ, бид. Гэсэн ч үүнийг хөгжил гэх үү? Энэ газарт Халх голын домогт отряд болох Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит хилийн цэргийн 0198-р анги байдаг. Эх орныхоо дархан хилийг манахаар хавар, намрын цагт цэргүүд татагдаж 0198-р ангийн 11 заставууд руу хуваарилагддаг аж. Мөн түүхийн 30-аад дурсгалт газруудтай юм. Хүн бүхний мэддэг 90 баатрын хөшөө, Халхголын ялалтын хөшөө, Нөмрөгийн дархан цаазат газар, Бурхантын застав гээд үзэж сонирхох зүйл ихтэй. Нутгийн хүний яриагаар бол зуны цагт энд тэндгүй майхан зоолтоостой, гадны хүмүүс яваа харагддаг гэнэ.
Дэлхийн улсуудын эдийн засгаа сайжруулах, өсгөх нэг гарц нь аялал жуулчлал байдаг. Тэд улсынхаа өвөрмөц онцлог, түүхт газар, үзэсгэлэнт байгалиар жуулчдыг татаж, дотооддоо хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл онгон зэрлэг байгаль, хэдэн зуун жилийн түүхтэй манай улсад л аялал жуулчлал хөгжихгүй байна уу даа гэж харагдах юм.
Монголын аялал жуулчлалын томоохон цэгийг байгуулж болох тус сумын иргэдийн өнөөгийн амьдрал 21-р зуунд амьдардаг гэхэд тун бэрх. Бараа нь тэнгэрт хадсан үнэтэй хэдхэн дэлгүүр, гадны хүмүүс ирээд буудаллах гайгүй зочид буудал ч үгүй, Нутгийн удирдлагын ордон гэж хоёр давхар шар барилгаас өөр тэнд нүдэнд торойж харагдах зүйлгүй гэхээр.
Сумын төвөөс 60-хан километрийн цаана орших Манжуурыг зарим иргэд мэдэх байлгүй. Гэтэл хилийн наана цаана амьдрал өнгөт, хар зураг шиг тэс ондоо байгаа нь тун харамсалтай. Би Манжуур шиг байя гэж хэлээгүй юм шүү. Ямартай ч хөгжих нөөц бололцоотой газраа ингэж орхигдуулж байгаа нь улс төрчдийн хэр харалганг харуулж байх шиг. Нэг талаараа төрийн бодлого аймгаас цаашилж хөдөөд очихгүй байна даа гэж бодогдов. Эндээс харахад, зөвхөн Халхгол ч биш бусад сумд ч гэсэн нэг иймэрхүү л дүр зурагтай байгаа болов уу гэж бодогдлоо. Хотын нягтаршсан их хүн амыг сийрэгжүүлэх ганц арга бол хөдөө орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, тэнд ажлын байр бий болгох. Тиймээс Халхголыг төр халамжиндаа авч, алслагдсан сумд руугаа хөгжлийн бодлогоо чиглүүлвэл элгээрээ хэвтсэн эдийн засагт ч тэр, ажилгүй холхих иргэдэд ч тэр тун хэрэгтэй юмсан даа. Хэдий болтол сумын төвийг хэдхэн малчдаараа төсөөлж явах вэ дээ. Тэнд амьд хүмүүс амьдарч, Монгол улсын ирээдүй сурч боловсорч байна, тэд 21-р зуунд амьдарч байна.
Б.Энх-Уянга
Unen um bichsen un bish uu
Ih uneneer bichjee.sum bish aimgiin tuv ch iimerhuu bna.irgediig yagaad iim bolgoj baiaam be.bagsh.eceg ehchuuded helj anhaaruulaachee.denduu haranhui humuus.haranhui gudamj.
teneg setguulchee chi uneheer gazar dr ni ocson um bol heden zurag daraad oruulcij bolsongui uy, chi ochoch bizdee malaa