Орон сууцны урт хугацааны зээлийн хүү таван хувь болно гэх чихэнд чимэгтэй мэдээний сураг сүүлийн үед их гарах боллоо. Ард түмэн башийх нь л дээ. Бидний хэд чинь дөрвөн жил тутамд нэг сонголт хийх эрхтэй байдгийнхаа ачаар 2020 он гэхэд бараг хүүгүй ч байр авдаг болж мэдэх нь байна. Чухам орон сууц, толгой хоргодох байр сав гэдэг хүн төрөлхтний амин чухал, мөнхийн хэрэглээ байсаар ирсэн. Байртай болно гэдэг нь хувийн эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх өөрийн гэсэн орон зайтай болно гэсэн үг. Өвлүүлэн үлдээх өв, үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаараа үнэ цэнээ алдах нь бага болохоор “толгой хорогдох” байрны үнэ аль ч цаг үед өндөр байсаар ирсэн. Эрэлт ихэсвэл үнэ өсдөг зах зээлийн хууль юм л даа. Өндөр үнэтэй байрыг ажил хийгээд авна гэдэг цалин багатай Монголд бэрх асуудал. Тийм болохоор ипотекийн зээл нь ард түмний хувьд хамгийн сайхан мөрөөдлийг нь биелүүлэх боломж юм. Хүү нь багасаад л урьдчилгаа нь буураад л байвал бидний хэдэн байр горилогчдод тун чиг их тус хүргэж байгаа нь тэр. Ингэж тус хүргэсэн хүнийг ажил хийсэнд тооцож сонгох нь ч зүйн хэрэг биз. Гэхдээ асуудал хялбар болох тусмаа хор хохирол их байдаг гэдгийг мартаж болохгүй. Ард түмний саналыг худалдаж авдаг сонгуулийн шоу Монгол оронд их гай тарьсан. Чухам ирэх сонгуулийн ганц нэгхэн саналд санаа тавьж энэ бодлогыг гаргаж тавьж байна уу? Эсвэл үнэхээр сайтар тооцоо харилцан зөвшилцөл дээр бий болсон эрсдэлгүй зээлийн тухай яриа юу гэдгийг ялгаж харах хэрэгтэй!
2013 оноос эхлэн олгогдож эхэлсэн найман хувийн хүүтэй ипотекийн зээл бол бараг арван жилийн турш хийгдсэн судалгаа, шинжилгээ, хуулийн болон, дүрэм журмын боловсруулалтын үр дүнд олгогдож эхэлсэн байдаг. Анх олгогдож эхлэх үед нь найм, наймхан хувь, орон сууцанд амьдрахыг хүсэгч хэн бүхэнд том боломж хэмээн бичиж байлаа. Тухайн үед орон сууцны урт хугацааны зээлийн жилийн хүү дунджаар хорь гаран хувь байсантай харьцуулахад энэ зээл нь үнэхээр том боломж байсан нь гарцаагүй юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний арав хоногтоо л 30.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байдаг. Улмаар жилийн дотор 1400 гаруй иргэнд 77 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг банкнууд олгосон байна. Харамсалтай нь үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11-р тогтоолоор үл хөдлөх хөрөнгө барьцаалуулагч нь банкны зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгөө шилжүүлж болох нөхцөл үүссэн. Энэхүү тогтоолоор зээлдэгч иргэдийн эрх нэмэгдэж байгаа мэт боловч зээлийн эрсдэл өссөн тул арилжааны банкнууд ипотекийн зээл олголтоо зогсоогоод байгаа юм. Банкны хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёр шууд харилцан хамааралтай байдаг. Энэхүү харилцан хамаарлыг төв банк бодлогын хүүгээр тогтоож өгнө. Энэ нь иргэдийн хадгаламжийг чанаргүй зээл олгож хийсгэхээс сэргийлсэн арга юм. Банк гэдэг манай иргэдийн боддог шиг бөөн бөөн мөнгө эргэлдсэн газар биш. Хадгаламж эзэмшигчийн мөнгөн хуримтлалаас бүрдсэн байгууллагыг л ерөнхийдөө бол банк гэж ойлгодог. Энэ үүднээсээ Монгол шиг жижиг зах зээлд хадгаламж эзэмшигчдийн тоо цөөн, зээл хүсэгчдийн тоо өндөр байх нь зээл болгоны чанарт сөргөөр нөлөөлдөг. Харин хүү бага байх нь нэг талаасаа эргэн төлөлт найдвартай хийгдэх боломж, нөгөө талаасаа төлөх хүүндээ тааруулсан орлоготой иргэд зээл авах боломж бүрдэнэ гэдэг нь асуудал байдаг. Ипотекийн зээлд урьдчилгаа төлбөр нь банкны эрсдэл бууруулж байгаа нэг арга юм.
УИХ-ын дарга З.Энхболдын ярьж буй таван хувийн зээлийн хүүг хамгийн түрүүнд барилгын компаниуд уухайлан дэмжсэн юм. Ингэхэд З.Энхболд дарга өөрөө 2012 оны хавар 6-н хувьтай ипотекийн зээлийн тухай яриаг сонгуулийн шоу гэж хэлсэн нь http://www.enkhbold.mn/?p=809 холбоос дээр байна билээ. Зургаан хувьтай нь сонгуулийн шоу байсан бол таван хувьтай нь ч сонгуулийн шоу л баймаар санагдаад байх юм. Үнэнийг хэлэхэд таван хувийн зээл гэдэг сонсоход сайхан ч иргэдийн гар дээр бэлэн мөнгө бараг байхгүй болсон үед байр авах эрэлт нэмэгдэнэ гэдэг юу л бол. Хямралын шуурганаар байр авах гэхээсээ илүүтэй хуримтлал үүсгэж, эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хүлээх хандлага давамгайлж байгаа. Тийм болохоор найман хувь зогсоод, иргэд хүнд байдалд орчоод байгаа нь төдийлөн ховор. Яг байраа авах гээд шийдчихсэн, хөөцөлдөж эхэлж байсан хүмүүс л юу ю гэхээс биш, найман хувь зогссон нь иргэдэд сүр дуулиан болгохоор асуудал болж тусаагүй юм. Харин ипотекийн зээлийг таван хувь болговол түгжрэлд ороод байгаа эрэлтээ давсан их орон сууцнуудыг ганц нэгээр нь ч болов явуулах гарц тэр болно гэж барилгын компаниуд л ихээхэн найдлага тавьж хүлээж байна. Тэгэхээс ч аргагүй юм. Хямрал тэднийг туйлдуулж гүйцээд байгаа. Ямартаа ч таван хувийн зээл ногоон гэрлээр явах нь тодорхой боллоо. Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг шинэ хуулинд тусгана гэж байгаа. Их хурлын гишүүд зориглож хориглоно гэж байхгүй. Сонгууль дөхөж байхад ард түмний эсрэг хүн болж харагдана гэдгээ тэд мэдэлгүй яахав. Барилгын компаниуд бол бараг лобидоод ч болтугай батлуулах нь мэдээж. Банкнуудад ч таван хувийн хүү гэдэг бага ч гэсэн орлого. Иргэдэд бол бас л боломж нэмэгдэж байна гэсэн үг. Бүх талдаа л ашигтай юм. Гэхдээ ашигтай гэсэн өнцөгт нүдээ сохлуулаад 2008 оны АНУ-ын түүхийг давтах вий... Олон жилийн турш хуримтлагдаж ирсэн моргейжийн чанаргүй зээлээс үүдэлтэй АНУ-ын эдийн засгийн хямрал даамжирч дэлхийн эдийн засгийн хямрал болсон нь одоо ч үргэлжилсээр байна. Ээ дээ энийг л марталгүй анхаарч байдаг юм шүү дээ төрийн түшээд минь!
С.Амаржаргал
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Balarhiin dohio,honhiig n hanginuulvhihlaa
5%-ийн зээлийг иргэдэд олгоёо. Зээлийн хүүг банкууд идэж, татвар энэ тэрээрээ улсыг хангаж байгаа юм шиг тайлбарлах юм. Энэ улсад оруулсан мөнгө нь иргэдээс зээлийн хүү нэрийн дор шулсан мөнгөний хажууд өчүүхэн бага. Монголд энэ олон банкууд хэрэггүй. Бодит материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидийгээ дэмжицгээе