Өнөөдөр намын бүх шатны шийдвэр гаргах түвшинд төлөөлөлтэй, 98 мянган гишүүнтэй, АН-ын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо /АЭХ/-ны IY чуулганы нээлт боллоо. Энэ удаагийн дээд чуулганаараа ардчилсан эмэгтэйчүүд өөрийн байгууллагын тэргүүнээ сонгох юм. Тус Холбооны тэргүүнд өрсөлдөхөөр Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Л.Нармандах, З.Нарантуяа, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг гэсэн 11 бүсгүйн нэр дэвшиж, батламжаа гардан авсан билээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2010 онд АЭХ-ны тэргүүнээр сонгогдон, өдгөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд энэ байгууллагын тэргүүнээр улиран нэр дэвшихгүй, эмэгтэй удирдагчдыг олноор төрүүлэн, дараагийн үеэ бэлдэх хэрэгтэй гэсэн үзэл бодлоо сонгогдох үедээ эмэгтэйчүүддээ хэлж байсан юм. Иймээс ч ахин нэр дэвших боломж байсан хэдий ч тэгсэнгүй.
Түүнийг тус байгууллагын тэргүүнээр сонгогдсон тэртээх 2010 онд улстөр, нийгмийн хүрээний шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ маш бага байсан бөгөөд тэрхүү үзүүлэлтийг өсгөх тал дээр ихээхэн анхаарч ажилласан байна. Тэрээр эмэгтэй удирдагчтай олон жил болж буй Герман улсын туршлагаас суралцахаар тус улсын байгууллагуудтай хамтран нягт хамтын ажиллагааг явуулсаар иржээ. Энэ нь ч зохих үр дүнгээ өгч, 2012 оны сонгуулиар урд өмнөхөөс олон тооны бүсгүйчүүд Их хуралд сонгогдож чадав. Мөн АЭХ-ны тэргүүн өөрөө болон бас ч үгүй 2-3 эмэгтэйчүүд салбарын сайд болсон нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн явдал боллоо.
Тэрээр улстөрөөс түр хөндийрч, номын уран бүтээлдээ илүүтэй анхаарахаар шийдсэн тухайгаа өөрийн олон нийтийн сүлжээ хуудсандаа мэдэгдэж байсан. Эндээс харахад, Монгол зохиолчийн бүтээл олон улсын тавцанд хэрхэн түгээгдэж, үнэлэгдэх талаарх сорилтыг өөрийн номуудаар туршин үзэх “онгод-амбиц” нь ихээхэн хөдөлж буй бололтой.
Өчигдөр Ц.Оюунгэрэл гишүүн өөрийн твиттер хуудаснаа: “Маргааш АЭХ-ны тэргүүний ажлаа хүлээлгэн өгөх гээд тун завгүй сууна. Удахгүй ингээд хөгжилдөх завтай болно оо” гээд нэгэн хөөрхөн зургийг постолжээ.

Д.Мөрөн
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250