Дунд сургуулийн тааруу сурлагатан хүү багшийнхаа зөвлөгөөг даган зураач болжээ. Зураач маань харин төд удалгүй самбо бөхийн Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга, Монгол улсын Гавьяат тамирчин боллоо. Гавьяат тамирчин цол түүний карьерийн дөнгөж эхлэл байсан юм. Сингапураас цахилгаан бараа зөөж худалдаалж эхэлсэн тэрээр чадварлаг бизнесмен болж, улмаар улс төрд ороод төрийн сайдын сэнтийд хүрч үзсэн. Азтай ч гэмээр олон тохиолыг ашиглаж, өөрийн хөдөлмөрч цуцашгүй зангийнхаа хүчээр амжилттай яваа энэ хүнийг бид тэр бүхэн мэдэхгүй. Д.Төрмөнх сэтгүүлчийн бичсэн “МИНИЙ МЭДЭХ ЖЕНКО” номыг уншсан байлаа ч гэсэн жинхэнэ Женко-г мэдэж чадахгүй нь ойлгомжтой. Хорин жилийн бизнесийн түүх, арван хоёр жилийн улс төрийн замналд юу эс тохиолдож, тэр чухам юуг нь өгүүлж, юуг нь нуусан гэдгийг бид мэдэж чадахгүй. Чухам улс төрд түүнийг орж ирэх үед хэн ч ийм амжилттай явна гэж төсөөлөөгүй нь үнэн юм. Тамирчин хүний цуцашгүй чанар, зураач хүний бүтээлч байдал, бизнесмен хүний тооцоотой үйлдэл зэргийг гол имиж болгон ашигласан түүний улс төрийн нүүдлүүд нь зарим талаар эх оронч, зарим талаар популист хэмээн харагдахуйц байдаг. Өнөөдөр нийгмийн зарим хэсэгт тэр аль хэдийн ардын баатар болсон байна. Ингээд улстөрийн тавцанд түүнтэй холбоотойгоор өрнөөд буй үйл явдлуудын талаар цувралаар нийтлэхээр зорилоо.
“Женко”-гийн улс төр
Магадгүй цуутай арван долоон чингэлэг спиртийн хэрэг түүнийг намын үйл хэрэг, түүнээс ул баалан улс төрд хүчтэй зүтгэх хэрэгтэйг ойлгуулсан байх. Өөрөө хэлэхдээ 2001-2002 оны зудаар нутагтаа тусламж хүргэж явахдаа улс төрд үзвэл гэсэн бодолтой болсон гэдэг юм билээ. Юу л болдоо, харин ч улс төрд орох бэлтгэлээ базааж тусламж тарааж явсан гэвэл үнэмшилтэй байх болов уу? Угаасаа хотын хүүхдүүд хөдөө нэр дэвшихдээ аав, ээжийнхээ нутгаар явж, өөрийгөө тухайн нутгийн унаган хүүхэд гэж танилцуулаад, орон нутгийнхаа хөгжил муу байгааг гайхаж, өөрөө бол бараг дэлхийн хөгжилтэй чацуулах байсан шахуу юм яриад, хажуугаар нь элдэв тусламж тараадаг нь үнэн.
Ардчилсан нам хамгийн олон фракцтай, фракцууд нь ч түнжин муутай нь түүний улс төрд амжилт олсон шалтгаануудын нэг юм. МоАХ бараг түүний хувийнх болсон гэхэд хилсдэхгүй. МоАХ-ын хүчээр тэр хоёр удаа сайд болсон. Фракц хооронд нэг нэгнээ шантаажилж албан тушаалд хүрдэг ардчилсан намын зарчим түүнийг ийнхүү эрх мэдэлд хүргэсэн. Бүр МоАХ-ын зарим гишүүд түүнийг хууль ёсны дарга биш, дүрэм журмаа үл тоон хувийн эрх ашигтаа МоАХ-ыг ашиглаж байна гэсэн асуудал гарч байсан ч тэгс хийгээд намжсан нь түүний фракцтаа хэр нөлөөтэйг илтгэнэ.
Нэг үе түүний үйл хөдлөл бүр хувийн карьертаа чиглэгдэж байсан бол МоАХ-ыг санхүүжүүлж ирсэн тэр үеэс намын тэргүүлэх карьеристуудын нэг болсон. Нам доторх эрх мэдлийн тэмцэлд эртнээс Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж хоёр өрсөлдөж ирсэн байдаг. Эдгээр тэмцлүүдэд Х.Баттулга Эбигийн талд байсан юм. Ер нь анх ардчилсан намаас нэр дэвшихдээ л тэр Эбитэй нөхөрлөсөн. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болж, Н.Алтанхуяг намын дарга болоход Х.Баттулга Н.Алтанхуягтай олон асуудлаар санал зөрөн сөргөлдөөн үүсгэж, улмаар нам доторх эрх мэдлийн тэмцлийг зориудаар хурцатгасан юм. Ардчилсан нам засаг барих эсвэл засагт орж ажиллах болсон үед фракцууд бүгд ямар нэгэн албан тушаал, сайд, дэд сайдын суудал горилдог нь нууц биш. Чухам энэ маягаар олж авсан сайдын суудлаа “давхар дээл” гэсэн шалтгаанаар орхиж, тухайн үеийн намынхаа дарга Н.Алтанхуягийн дургүйг эхэлж хүргэсэн. Үүнээсээ улбаалаад Алтанхуягийг унагахад намынхнаасаа эсрэг санал өгснөөрөө намаасаа хөөгдөхөд ч хүрч үзсэн. Тэр бүү хэл, өөр нам байгуулах магадлалтай талаар ч гадуур яригдаж байсан цаг саяхан.
Их хуралд сонгогдохоосоо өмнө их хурлын гишүүний эрх мэдэл, ажил гүйцэтгэх боломжийг тэр болгон мэдэхгүй зарим нэг нь бөөн амлалт өгч сонгогдсоныхоо дараа түүнээ хүсээд ч биелүүлж чадахгүй хэл аманд ороогдож байдаг шиг асуудал түүнд байхгүй. Тэр мөнгөтэй, бас хангалттай бүтээлч хүн. Тойрогтоо бүү хэл улс орны хэмжээний бүтээн байгуулалтыг санаачлан хийсээр ирсэн. Энэ үүднээсээ тэр нам дотроо хэчнээн дайсантай байх нь хамаагүй, сонгууль болгонд нэр дэвших тэргүүн фронтод нэр нь явах нь гарцаагүй нэгэн болжээ. “Монгол тулгатны зуун эрхэм”, “Зуун чухал сэдэв” зэрэгт ач холбогдол өгдөг нь мэдээж ирэх сонгуулийн бэлтгэл биз. Гэхдээ сонгуулийн бэлтгэлийг тэр ганцаараа хийгээгүй нь тодорхой. Зарим нэг нь сав суулга тараагаад эхэлсэн байсан. Мөн зарим нэг нь ирэх сонгуульд унагах хүнийхээ эсрэг ч ажиллаад эхэлсэн. Х.Баттулгын гарын хүн болох Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлан шалгаж байгаа нь ч түүнийг унагах эхний алхам гэгдэж байна. Харин түүнийг унагах сонирхол хэнд байна вэ? Өнгөрсөн хугацаанд тэр олон шалтгаанаар олон дайсантай болсон.
Жeнкогийн баруун гарыг тайрсан нь буюу оршил
Зуун чухал сэдэв нэвтрүүлэг үзсэн хүн бол Х.Баттулгыг Монгол улсын төлөө их зүйл хийхээр төлөвлөж, зүтгэж байгаа хүн юм байна гэсэн ойлголттой болно. Гэхдээ эдийн засгийн тооцоо, бодит тоо баримт тэр болгон тэгж харагдахгүй. Нөгөө талаас төмөр зам, тавантолгойтой холбоотой асуудлууд дээр түүнийг оросын талын хүн гэх дам яриа байдаг. Бүр Оросын мафи, засгийн газар түүний ард байдаг, тэр ч үүднээсээ мань Женко юунаас ч айдаггүй гэх нь бий. Улс эх орны сайн сайхны төлөө юу аль эсвэл гадны эрх ашгийн төлөөлөл үү гэдгийг яг таг тодорхойлж чадах хүн мэдээж үгүй. Ямартаа ч Б.Батзаяа гэх бие хамгаалагчаас дотнын туслах, хамтран зүтгэгч болтлоо итгэлийг нь олсон хүнийг анхлан МТЗ гэх томоохон байгууллагын захирлаар томилохдоо тэр өөрийн санасан бодсон болгоноо хэрэгжүүлэх гэсэн нь гарцаагүй юм. Тиймээс Б.Батзаяагийн баривчилгааг улс төрийн сэдэлтэй гэж хардах бүрэн үндэслэлтэй юм.
Б.Батзаяа гэж хэн бэ?
Баасандоржийн Батзаяа нь биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй. Цагдаагийн тусгай хүчинд ажиллаж байгаад, 1999 оноос мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг олон улсын холбооны сургалтад сууж олон улсын сургагч багш болсон байдаг. 2000 онд гэрээт харуул хамгаалалтын компани байгуулж, “Женко болон түүний охин компаниудын хамгаалалтыг хариуцах болсон. Тэрээр өөрөө Х.Баттулгын бие хамгаалагч хийдэг байсан гэгддэг. Түүний намтарын тухай үүнээс өөр дорвитой мэдээлэл олддоггүй. Б.Батзаяаг 2011 оны эхээр “Монголын төмөр зам” төрийн өмчит ХК-ийн захирлаар гэнэт томилогдоход “Женко Баттулга өөрийнхөө бие хамгаалагчийг өөд нь татаж, төмөр замд хүссэнээ хийлгэх замаа заслаа” гэсэн хэл ам дэгдэж байлаа. Энэ үед Х.Баттулга гишүүн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байв. Б.Батзаяа ч өөрийгөө Х.Баттулгын хүн гэдгээ бүр эхнээсээ нуулгүйгээр “Би Монголд их зүйлийг бүтээсэн, бас илүү ихийг бүтээх Х.Баттулгын багийн гишүүн. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын, дараа нь Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын аль алинд Х.Баттулга гишүүний санал болгосны дагуу ажилласан” гэж бахархалтай хэлсэн байдаг. Www.politik.mn сайтад 2015 оны 11-р сарын 16-нд түүний тухай дэлгэрэнгүй нийтлэл гарсан байдаг. Уг нийтлэлд ”Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар томилогдоод төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг ашигтай ажиллуулах, шинэ төмөр замын төслийг урагшлуулахаар хичээн ажилласан, харин Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа салбарын хөгжлийг бүхэлд нь харж, улс орны тээврийн нэгдсэн бодлогын концепцыг цаг алдалгүй гаргах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байна гэж тэрбээр сэтгүүлчид ярьж байжээ.Тухайлбал “Монголын төмөр зам” ТӨХК шинэ төмөр замын ТЭЗҮ-г боловсруулах гэрээг “МакКинсей энд Со” компаниар ахлуулсан багаар хийлгэсэн, Дорноговийн Сайншанд сумын Хар тойромд шинэ замынхаа шавыг тавьсан, төмөр замын төслийн техникийн зураг төсөл хийх компанийг шалгаруулсан, Ухаахудаг-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр замын далангууд босгож эхэлсэн байна. Гэсэн хэдий ч зарим ажил нь бүр эхнээсээ хэл ам дагуулжээ. Ялангуяа Хонконгт бүртгэлтэй, Солонгос-Хятадын хамтарсан “Монголын төмөр замын суурь бүтэц” ХХК-тай Засгийн газарт мэдэгдэлгүй нууц гэрээ хийсэн гэх дуулиан дэгдэж компанийн захирал Батзаяа болон сайд Х.Баттулга нарыг буруутгалаа. Х.Баттулга Засгийн газрын гишүүний бүрэн эрхийнхээ дагуу гэрээг байгуулсан гэж тайлбарласан ч, Засгийн газрын хуралдаанаар огт хэлэлцээгүй асуудлаар аль нэг сайд дураараа гэрээ байгуулах ёсгүй гэх хатуу сануулгыг авчээ. Энэ үеэр Б.Батзаяа, тийм нууц гэрээ байгуулсныг “үзээгүй, хараагүй хирнээ, үзсэн харсан мэт үнэнийг гуйвуулагчдыг үхэх ялаар цээрлүүл. Их засаг хууль”гэж өөрийн твиттер хуудсандаа бичээд хэд хэдэн сайдыг АТГ-т шалгуулахаа мэдэгдэж байлаа. Гэтэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Б.Баттзаяа, “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-ийн захирал Уилиам Ван, ахлах зөвлөх Ион Жу Ким нар гарын үсэг зурж, үүнийг нь Х.Баттулга сайд зөвшөөрч гарын үсгээ зурсан 20 хуудас бүхий гэрээг нүдээр үзсэн гэдгээ УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж нар нотолж байжээ. Энэ асуудлаар Б.Батзаяад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тухай ч яригдаж байв. 2012 оны тавдугаар сарын 10-нд Б.Батзаяаг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Энэ нь дээрх нууц гэрээтэй холбоотой байсан ч байж болох. Б.Батзаяа энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй, шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр түүний талд гарснаар ТӨХ түүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар эргүүлэн томилсон байна. Нууц гэрээний асуудал 2012 оны 3 дугаар сард дахин сөхөгдөж байлаа. Тухайлбал Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж 51-ээс доошгүй хувь нь төрийн өмчид байх “Үндэсний төмөр замын суурь бүтэц” нэртэй компани байгуулах саналыг Засгийн газраар хэлэлцүүлсний дараа Ерөнхий сайд Сү.Батболд “далдуур хийгдсэн ямар нэгэн гэрээ хэлцлийг Засгийн газрын төвшинд ярихгүй” гэж мэдэгджээ.
2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад “МоАХ” фракцийн А.Гансүх Зам, тээврийн сайдаар томилогдоод Б.Батзаяаг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болгов . Энэ томилгоо мөн л хэл ам дагуулав. УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд Б.Батзаяа ирдэггүй том толгой гаргадаг, цаг хоцордог, ер нь том толгой гаргадагтаа ч биш, гишүүдийн асуултад хариулж чадахгүй учраас ирдэггүй юм байна гэх зэргээр чихэндээ үе үе хонх уяулж байлаа. Түүнтэй холбоотой ноцтой хоёр зүйл яригдсаны нэг нь БНХАУ-аас худалдаж авсан вагон зүтгүүрүүд байв. Тэрээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа Хятадын “China CNP Corporation Limited ” корпорацаас 60 сая доллараар вагон зүтгүүрүүд, засварын машин, өргүүр худалдан авсан нь Монгол Улсад ашиглагдах боломжгүй гэсэн дүгнэлт гарч, олон сая долларын хохирол учрууллаа гэж буруутгагдаж байв. Нөгөө нь П.Бат-Эрдэнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар томилон ажиллуулахдаа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөлд 487 сая,1800 км төмөр замын зураг төсөл хийлгэхэд 11,8 сая, хуулийн үйлчилгээнд 4,5 сая, эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд 1,9 сая, хяналтын зөвлөх үйлчилгээнд 5,5 сая, нийтдээ 510 сая долларын гэрээ хийлгэж гарын үсэг зуруулсан явдал байлаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, шинэ төмөр зам барих ажлыг эдгээр нөхөд 7 жил саатууллаа. Тэгсэн одоо “Чингис” бондын мөнгөөр энэ төмөр замыг барина гээд сууж байх юм. Төмөр замын урьдчилсан судалгаа гэдэг зүйл хийлгэнэ гэж 2-3 жил болчхоод 3 вагоноо ХААН банканд барьцаанд тавьж байж 12 сая доллар зээлсэн. Одоо тэр мөнгө нь байхгүй болсон. Энэ асуудлыг ярихаар би үнэхээр ганцаарддаг. Манай МАН-ынхан үүнийг ярихгүй байгаа. Шулуухан байх хэрэгтэй. АН-ынхан энэ тухай тас нуудаг. Хэзээ энэ асуудлаар хариуцлага тооцох юм бэ? гэж УИХ-ын Байнгын хорооны хурал дээр асууж байлаа. Б.Батзаяаг буруутгасан бас нэг зүйл нь Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон явдал. Уг нь энэ төмөр замыг 2016 онд ашиглалтад оруулснаар манай улс 2018 онд коксжсон нүүрсний экспортын хэмжээг 30 сая тн-д хүргэхээр төлөвлөж байсан гэдэг. Ухаахудаг- Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсан боловч эрхийг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “Монголын төмөр зам” ТӨХК-д авч өгсөн юм. Ингээд тус компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung C&T” ,”SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулах болжээ. Одоо энэ замын газар шорооны ажил л 80 хувьтай байгаа гэлцдэг. Үүнд “Чингис” бондоос гаргасан 200 сая долларын зарцуулалтыг хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой ч гэж бичигддэг юм.
Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг “ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг” хэмээн зэмлэж, сануулж, цалинг нь тодорхой хувиар хасаж шийтгэж байсан ба 2014 -08-08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Б.Батзаяаг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ Харин Б.Батзаяа сурсан заншлаараа энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийг нь хууль бусаар чөлөөлсөн, улс төрийн золиос болголоо гэж үзэж байгаагаа хэлсэн байдаг.” хэмээн бичжээ. Энэ нийтлэлээс үзэхэд Б.Батзаяа нь Х.Баттулгын баруун гар гэдэг нь тодорхой бөгөөд түүнийг улс төрөөс зайлуулж чадвал Х.Баттулгад томоохон цохилт болох нь дамжиггүй юм. Б.Батзаяагийн хэрэгтэй холбоотойгоор А.Гансүх, Х.Баттулга нарыг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан ч дээрх эрхмүүд үүнийг үгүйсгэсэн юм. Б.Батзаяагийн хэргийн талаар Х.Баттулга хэлэхдээ “Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяагийн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэл хийх байх. Миний хувьд үүнтэй холбоотойгоор Таван Толгойн асуудал цаашид хөврөх байх. 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аар төмөр замын бодлого батлагдсанаас хойш энэ асуудал дээр эсрэг тэсрэг байр суурь тулгарч эхэлсэн. Тиймээс цаашдаа нэлээд зохион байгуулалттайгаар хөврөх болов уу” гэжээ. Тэрээр ямар ч байсан энэ хэргийг улс төрийн сэдэлтэй гэж үзэж байгаа юм. Х.Баттулгын гарын хүн хэмээгддэг А.Гансүх мөн энэ талаар ярихдаа “Би энэ талаар тодорхой мэдээлэл өгмөөргүй байна. Хэвлэлүүдээр миний хилээр гарах эрхийг хаасан талаар мэдээлсэн байна лээ. Би өчигдөр томилолтоор Японд ажиллаад ирсэн. Маргааш албан томилолтоор АНУ руу явна. Ажлаа хэвийн хийгээд, байнгын хорооны хуралдаандаа оролцоод явж байна. Ялангуяа найман хувийн асуудлаар ажлын хэсэгт оролцон ажиллаж байна. Энэ сардаа багтаан найман хувийн зээлийг хэвийн олгох, цаашлаад хүүг нь буулгах асуудлыг шийдвэрлэнэ гэж мэдэгдэх байна” гээд ер нь төмөр замын хэргийг шалгах хэрэгтэй зөв бурууг нь тогтоох ёстой, үүнээс болж гүтгүүлж байсан талаараа хэлжээ. Энэ хэргийн талаар эх сурвалжийн мэдээлснээр Б.Батзаяагаас гадна БНСУ-ын иргэн, “SCTECM” компанийн гүйцэтгэх захирал Ли Жон Ёл, “МТЗ” ТӨХК-ийн хэлтсийн даргаар ажиллаж байсан 3, “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Б нарыг цагдан хорьжээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, 161,1.2 буюу зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм. Гэвч энэ шалгалт нь үнэхээр хэн нэгний найруулсан “ТАВИЛТ“ бол чухам хэнийх байх боломжтой вэ?
С.Амаржаргал
Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын өмнүүр жуулчдад зурагаа нэг доллараар зардаг байсан гэсэн
Chi bas genco n hunuu hamag idej uusan ym ni il bolchijood bhad