...
...

"The Hu" хамтлагийн ахлагч Ц.Галбадрах: Монголын урлагийн хөгжлийг дэлхий дахинд харуулна

"Хүннү рок" урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт "THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо толилуулах гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан "The Hu" хамтлаг болон зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зохион байгуулж, тоглолттой холбоотой мэдээлэл өглөө. 

“Хү” хамтлагийн ахлагч Ц.Галбадрах: "The Hu" хамтлаг Монгол эх орондоо өөрсдийн задгай талбайн анхны тоглолтоо 7 дугаар сарын 10-ны өдөр хийхээр болсондоо баяртай байна. Бэлтгэл ажилдаа орсон, сэтгэгдэл өндөр байна. Энэ удаа тоглолт хийх шинэ бүс бий болгож, "The Hu" хамтлаг тоглолтоо хийж буй анхны хамтлаг нь болж байна. Найруулагчид, продюсерийн баг болон хамтлаг хамтдаа үзэгчдэдээ сайн чанарын тоглолт хүргэхийн төлөө маш шаргуу ажиллаж байна. Үндэсний их баяр наадмынхаа өмнө хамтдаа урлаг соёл, үүх түүхээрээ бахархцгаая гэж уриалж байна. Маш сайхан тоглолт болно гэдгийг ам бардам хэлэх байна. 

Монголчуудтайгаа уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байгаа. Гадна дотнын жуулчид ирсэн энэ үед бүх Монголчуудтайгаа хамт наадахыг хүсэж байна. Улаанбаатар хотдоо энэхүү тоглолтоо зохион байгуулсны дараа орон нутгаар аялангаа "ARA festival"-д мөн оролцож хөгжмийн наадмын headline хэсэгт тоглох болно. 

 

 

Ерөнхий продюсер Халзаа буюу М.Даваасүрэн: Яагаад 7-р сарын 10-ний өдрийг сонгосон бэ гэвэл энэ өдөр Монгол улс Төрийн их хар сүлдээ залдаг өдөр. Энэ өдөр "The Hu" хамтлаг маань тайзнаа гаран ирж үзэгчидтэйгээ хамт тугаа цэнгүүлнэ. Зохион байгуулалтын хувьд ариун цэврийн өрөөний асуудал ихээр яригддаг. Энэ удаад нэг дор 200 гаруй хүн зэрэг үйлчлүүлэх хүчин чадалтай ариун цэврийн өрөө байршуулж байгаа. Талбайн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хоёр дахин том талбайд тоглох болно. Мөн үйлчилгээний газруудыг тоглолт болох газраас зайдуу байрлуулж өгсөн. Зохион байгуулалтыг өмнөх тоглолтуудаас илүү сайжруулахыг зорьж ажиллаж байна. 

 

 

SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар: "The Hu" хамтлагийн тоглолт Хүн соёлыг харуулсан, зөвхөн Монголд л үзэх боломжтой тоглолт зохион байгуулна. Гаднын жуулчдад Монгол өв соёл гэж юу байдаг тухай харуулахын зэрэгцээ Хүннү рок урсгалыг таниулах болно. Энэ бүхнийг тайз засал болон найруулгатай хослуулан үзүүлэх болно. Монгол соёлоо дэлхий дахинаа харуулж, Монголчууд хэрхэн нааддагийг таниулах завшаан тохиож байна гэж харж байна. 

 

 

“Хү” хамтлагийн ахлагч Ц.Галбадрах: Сая дэлхий дахинаа харуулна гэж найруулагч маань ярьлаа. Бид дэлхийн олон оронд тоглож, олон алдартай фестивалиудад оролцож байхад бусад Азийн, тухайлбал к-поп маш их хүчээ авсан харагдаж байсан. Тухайн улс орон үндэстнээрээ урлаг соёлоо дэмжиж байна. Энэ удаад Монголчууд яаж нэгнээ дэмждэгийг, урлаг соёл маань яаж хөгжснийг харуулах боломж учраас үзэгчид маань энэхүү үйлсэд хүчин зүтгэх нь Монголчуудын том бахархал болох байх гэж бодож байна. 

Өмнө нь томоохон хөгжмийн наадмуудад анх тоглоход биднийг олон жил сонссон юм шиг хүлээж авч байсан. Европ, Америк, Австрали, Өмнөд Америк, Азийн орноор явж, 350 гаруй фестивальд оролцлоо. Эх орондоо задгай талбайд анх удаа тоглохдоо бүх хит, “Аянгын нүргээн”, “Гэрэг” цомгийн шилдэг уран бүтээлээ толилуулна. Тоглолтын тайз үндэсний өв соёл, язгуур урлагийг харуулсан шийдэлтэй, үзэгчдэд тав тухтай байхад анхаарч ажиллаж байна. 

Тоглолт долдугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас Шангри-Ла зочид буудлын баруун талын "Hit" паркт болно.

 

Тасалбарыг shoppy.mn/products/the-hu-240710 болон www.ticket.mn/event/2200 холбоосоор худалдан авах боломжтой

Энгийн тасалбар: 99,000 төгрөг

"Fan zone" тасалбар: 600,000 төгрөг

"VIP" тасалбар: 2,000,000 төгрөг

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ