...
...

Барцадтангуудаасаа салж, байх ёстойгоо дэмжих учиртай нэгдүгээр тойрог

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд нийлж сонгуулийн нэгдүгээр тойрог хэмээн нэрлэгдэж байна. Тус гурван аймагт есөн мандат ногдож байгаа. Өөрөөр хэлбэл, гурван аймаг дундаасаа УИХ-ын тийм тооны гишүүнийг сонгож парламентад илгээх юм.

Одоогийн УИХ-д Архангай аймгийнхан Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарыг, Өвөрхангайн сонгогчид С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд гурвыг, Баянхонгорчууд Г.Занданшатар, Д.Ганбат, А.Адъяасүрэн нарыг сонгон суулгасан. Сүүлийн хоёр гишүүн Ардчилсан нам, бусад нь МАН-ын төлөөлөл. Өмнө нь гурван аймгийг есөн гишүүн төлөөлж байсан, холимог тогтолцоо, бүсчилсэн тойрог бүхий энэ удаагийн сонгуулиар нэгдүгээр тойргоос мөн л төдий тооны төлөөлөлийг парламентад илгээнэ гэдгийг дээр дурдсан.

Өнөөгийн есөн гишүүн дундаас Г.Занданшатар гишүүн байнгын ажиллагаатай парламентын түүхэнд анх удаа УИХ-ын даргаар улиран сонгогдсон. Д.Тогтохсүрэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна. Засгийн газрын гишүүд ч хэд хэд гарав. Гэхдээ энэ гурван аймгийн иргэдийг төлөөлөн УИХ-д суусан гишүүдээс өнгөрсөн дөрвөн жилд барцадтан ч бас мундахгүй төрлөө. Архангайн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат хоёр байна. Аймгийн Засаг дарга, бас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж, магтуулж сайшаагдаж явсан Ё.Баатарбилэг гишүүн нэг л мэдэхэд Хөгжлийн банкийг хохироогчдын нэгээр тодорсон. Тэрбээр авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм. ХОМ-ээ АТГ-т ташаа мэдээлж, наад зах нь 393 сая төгрөгийн хөрөнгө, орлогын эх үүсвэрээ шалгалтын явцад тайлбарлаж чадаагүй нь тогтоогдсон байдаг.

Ингээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлигачин, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээх хэрэгт унаж гэм буруутайд тооцогдож, улмаар нийтийн албанд томилогдох эрхээ дөрвөн жилээр хасуулж, зургаан жил хорих ял сонссон юм. Түүний бүрэн эрхийг хараахан түдгэлзүүлээгүй ч чуулганы хуралдаанд суухаа больсон.

Архангайн нөгөө гишүүн Ж.Мөнхбат нүүрсний хэрэгт татагдсан ч “Бүрэн эрхээсээ түдгэлзэж хууль хяналтын байгууллагад өөрөө шалгуулна. Бие тааруу байгаа өндөр настай ээжийгээ эмчлүүлнэ” гэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж БНСУ яваад, одоо найр наадам дээр л дүр нь харагддаг “чөлөөт” иргэн болчихсон яваа. Бас болоогүй, “Ард түмний хайртай хүү, соён гэгээрүүлэгч, нэрт яруу найрагч” хэмээн зарлуулж, өөрийнхөө нэрэмжит яруу найргийн уралдаан зарласан гэх чимээ дуулдсан. Ийнхүү гурван гишүүний хоёр нь хэрэгт “онхолдож” арын хангайчуудын 2020 оны сонголт “мэргэн бус” болсон юм. Тэр хоёрын хувьд энэ удаа улс төрийн карьер нь ийнхүү өндөрлөж байна. Ганц Г.Тэмүүлэн л тойргоо төлөөлж бүрэн эрхээ дуусгах гэж явна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй түүнд дахин нэр дэвших бүрэн боломж бий. Тэрбээр сайн өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор орно.

Баянхонгорын гурваас Г.Занданшатар дарга ирэх сонгуульд нэг номерт нэр дэвшинэ. Харин АН-ын төлөөлөл А.Адъяасүрэн нүүрсний хэрэгт ороогдож нэр сүр нь унаж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй. Саяхан экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэн гарч ирэхэд арын фон болон зогсож харагдсан нь “Ах аа, намайг сонгуульд бодоорой” л гээд яваа янзтай. Угаасаа ч нутгийн ах нь 2020 онд ихээхэн дэмжиж түүнийг УИХ-д гаргасан л даа. Энэ удаа харин жагсаалтаар л юу бол гэхээс бүсчилсэн тойрогт явцгүй. АН-ын нөгөө төлөөлөл Д.Ганбат хөнгөн цагаан бидон тарааж Баянхонгорынхоо сонгуульд ялдаг нэгэн. Харин энэ удаа тойрог томорсон тул цагаан идээ сайтайгаар нь Архангай руу бидон ганзгалаад явж магадгүй юм.

Өвөрхангайн гурвын хувьд С.Чинзориг Эрүүл мэндийн сайд, Д.Тогтохсүрэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, гай, гавьяа хоёрын аль альд өртөлгүй шиг бүрэн эрхээ өндөрлүүлэх гэж явна. Д.Тогтохсүрэн гишүүний тухайд 2020 оны үед Австралид айлчлахдаа казино тоглосон гэсэн дуулиан нэг хэсэг дэгдээд “Би бооцоо гэж мэдэхгүй, тоглож ч чадахгүй. Сонирхож л орсон юм. Зураг дарчихаж” хэмээн ам хааж шуугиан намжсан.

Г.Ганболд гишүүн өмнө нь Өвөрхангай аймгийн Засаг дарга явсан, одоо бол УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга. Нүүрсний сонсгол хэрэгжүүлэх түр хорооны бүрэлдэхүүнд орж “ангийн нөхөд”-өө “шүүх” ажлыг хийгээд авсан. Нөгөө хоёр аймгийн гишүүдийг бодвол арай дөнгүүр нь Өвөрхангайн хэд. Энэ гурвын аль аль нь дахин нэр дэвших боломжтой.

 

Тэгвэл шинээр тус тойргийг онилсон хэн хэн байж болох вэ?

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг дуун дээр нэрлэж болно. Тэрбээр Архангай, Өвөрхангайн зааг нутгийнх хэмээн өөрийгөө хэлдэг нь халаасан дахь том оноо. Хуучин УИХ-ын гишүүн байсан, одоо ч нэр сүр алдаагүй түүнийг Баянхонгорт танигдаагүй гэж хэлэхгүй.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бол ёстой аль ч талаараа ганган нэр дэвшигч. Түрүүчийн 2020 оны сонгуульд баянхонгорчууд түүнийг бус А.Адъяасүрэнг сонгож том алдсан. Мэдээж А.Адъяасүрэнд тухайн үед Төрийн тэргүүн байсан мөнөөх “Том ах”-ынх нь нөлөө, түлхээс байсан л даа. Харин УИХ, Засгийн газраас Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайдаар томилсноор гадна тал ээдрээтэй буй өнөөгийн нөхцөлд харин ч Монгол Улс оносон. Б.Батцэцэг сайд өнөө хэр ажлаа өгөөгүйгээс харахад тойрогт өрсөлдөх биш, намын жагсаалтын дээгүүр бичигдэж орж ирж таарна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангайгаас салахаа больсон, байнга эргэж тойрч байгаа гэсэн яриа бараг хоёр жилийн өмнөөс дуулдсан. Баяр болгоноор л Архангайн наадмын хойморт сууж харагддаг болсон. Бүсчилсэн тойрогт тэрбээр нөгөө хоёр аймгаа “командлахаар” зүтгэж болох ч жагсаалтад орохыг ч үгүйсгэмгүй. Архангайн Засаг дарга Ц.Цэрэннадмид гэх залуугийн нэр дуулдаж буй ч Өвөрхангай, Баянхонгороос оноо халааслах нь эргэлзээтэй.

УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг ХҮН-аас, УИХ-ын гишүүн асан, Фортуна хэмээх Н.Батбаярын охин Б.Жаргалан АН-аас тус тус аавын шийрийг хатаахаар нэгдүгээр тойрогт нэр дэвших сурагтай. Аль аль нь Архангайн гаралтай. Нөгөө хоёр аймагт эцгийн нэрээр “давших” магадлал бий. Баянхонгорт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Эрдэнийн нэр МАН-аас тодорч магадгүй гэнэ. Тэрбээр Ардын багш С.Дуламын хүү. Баянхонгорт баараггүй байж мэдэх ч нөгөө хоёр аймагтаа балчирдаж мэднэ.

Өвөрхангайчууд УИХ-ын дэд дарга агсан Г.Батхүүгийн дүү АН-ын П.Батчимэгийг нэр дэвшээд ирвэл хүлээж авах боломжтой хэдий боловч нөгөө хоёр аймагт хэрхэхийг таашгүй. Тиймээс П.Батчимэг АН-ын жагсаалтад багтаж магадгүй юм. Уг нь НИТХ-д хэдэнтээ сонгогдсон улстөрчийн нэг.

Тус нэгдүгээр тойрогт АН-аас П.Мөнхтулга, Э.Мөнхсайхан П.Нүрзэд, О.Алтангэрэл нарын “битүү улстөрч” -дөө дэвшүүлэхээр ярилцаж байгаа сурагтай бол МАН-аас Архангай аймгийн Засаг дарга Ц.Цэрэннадмид, МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр нарыг дэвшүүлэх горьдлого бий гэх.

Удахгүй болох сар шинийн баяраар улсын сайн малчнаар шалгарсан гэр бүлүүдэд шагнал хүртээх эрхмүүдийг дагаад хэн хэн дээрх гурван аймагт намирч очихыг харахад л нэр дэвшихээр горилогчид бараг мэдэгдэнэ дээ.

Ямар ч гэсэн нэгдүгээр тойрогт багтсан гурван аймаг, ялангуяа архангайчууд өмнөх бүтэл муутай, барцад ихтэй гишүүдээсээ салж төр түшиж болох горилогчдоо дээш татах учиртай нэгэн сонголтын өмнө тун удахгүй ирэх гэж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ