...
...

Олон улсын ганц бие залуусын танилцах уулзалт болно

Говь-Алтай аймаг өнгөрөгч 2022 оны наймдугаар сард "Алтайн залуус" хэмээх ганц бие залуусын чуулга уулзалтыг зохион байгуулсан нь нийгмийн дунд нэлээд анхаарал татсан.

Гаднын улс орнуудад ганц бие залууст зориулсан олон төрлийн арга хэмжээ, энтертайнмент хөтөлбөрүүд явагддаг. Манай улсын хувьд цус ойртолт ихсэж, хүйсийн тэнцвэргүй байдал алдагдаж байгаа тухай Говь- Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Сүүлийн 30 жилд хөдөө орон нутагт хүний хөгжлийн асуудал хаягдсан. Ялангуяа гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигдсон. Хөдөө орон нутгийн иргэд хүүгээ мал дээр гаргах, эмэгтэй хүүхдээ боловсролтой болгох хандлага их. Өнөөдөр хөдөө орон нутагт хүйсийн харьцаа алдагдсан. Залуучуудтай уулзалт хийхэд тэд хоорондоо танилцах, уулзах боломжоор хангаж өгөх хүсэлт ихээр гаргадаг. Иймээс гэр бүл зохиож амжаагүй ганц бие залуучуудыг танилцуулах зорилгоор “Алтайн залуус” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Мөн манай аймагт цус ойртолтын асуудал их бий. Залуучууд дунд даралт ихсэх зэрэг өвчлөл их байна. Чуулга уулзалтын үеэр энэ талаар мэдээлэл өгнө" хэмээн 2022 онд мэдээлж байжээ. 

 

Уг чуулга уулзалтаа тус аймгийн хэмжээнд тун амжилттай зохион байгуулсан аж. Тодруулбал, өнгөрсөн жил байгалийн үзэсгэлэнт "Дөргөн нуур"-ын эрэг дээр зохион байгуулагдсан "Алтайн залуус" чуулга уулзалтад 700 гаруй залуус оролцсон нь хэр чухал, үр өгөөжтэй уулзалт болсныг батлан харуулж, оролцогч залууст сэтгэл маш өндөр байсан аж. 

Тэгвэл энэ жилийн хувьд уг уулзалтыг илүү өргөжүүлж, бусад аймаг, нийслэл хот болон олон улсын оролцогчдыг хамруулан наймдугаар сарын эхээр дахин зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Байгалийн үзэсгэлэнт "Дөргөн нуур"-ын эрэг, Их монгол элс дээр зохиох уулзалтыг урлаг, хөгжим хослуулан өргөн цар хүрээтэй фестиваль болгон зохиох болсон талаар яригдаж эхэлжээ.   

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ