...
...

Хос дуучны нийгмийн хариуцлагын мэдрэмжийг магтан дуулмаар санагдав

Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрын халуун сэтгэл дуулчихна. Дуулиан шуугианд нэр холбогдоод нийтийн од болчихно. Нийтийн дууныхаа отгон гүнж гэгддэг “мөөм” Х.Мөнгөнцэцэгтэй суучихна. Гурван хүүхэдтэй болчихно. Болоогүй нийтийн дууны талбартаа шоу бизнесийг нь атгачихна.

Адтай сэргэлэн, аатай хөөрхөн ааштай гэж нийтийн дууныхан нь өхөөрдөн үнэлдэг энэ хүн бол дуучин Б.Болд. Хаа байсан оюутан ахуйдаа үүсгэн байгуулсан түүний “B sound” продакшны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд юуны тулд продакшнтай билээ, юуны хоёулаа дуучин билээ, ойн тоглолтоо нижгэр хийх нь дамжиггүй биз ээ.

Гэхдээ ойн тоглолтын мэдээнээс илүү хос дуучны нийгмийн хариуцлагын мэдрэмжийг магтан дуулмаар санагдав.

Тэд 5 жилийн өмнө “B sound” продакшныхаа 5 жилийн ойгоор UBS телевизийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлэгтэй хамтарч 6 хүүхэдтэй өрхөд гал тогооны иж бүрэн тавилга, 1 сая төгрөг, өвлийн идэш, хүүхдүүдэд нь шинэ хувцас, мөрөөдлийнх нь тоглоом өгч байсан бол өнөөдөр “Ургац” брэндтэй хамтран Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүдэд 3 тонн гурил бэлэглэсэн байна.

Тэдний өглөг, буяны сэтгэл зөвхөн энэ хоёр фактаар хэмжигдэхгүй аж. Өмнө нь 21 аймгаар аялан тоглолт хийж явахдаа “Малчдаа дэмжих аян” гэгчийг санаачилж, өвөлжилт хүнд аймгуудын малчдад өвс тэжээл, хүнс хоол өгөхөөс өгсүүлээд нийтийн дууныхаа ертөнцөд шинээр гарч ирж буй дүү залуу уран бүтээлчдээ ч гэсэн чадах хэрээрээ дэмжиж, бодитойгоор тусалдаг юм билээ.

Ний нуугүй хэлэхэд манай урлагийнхан авахаа л мэдэхээс өгөхдөө маруухан улс. Харин хос дуучид маань энэ мэтээр зөв соёл, сайн жишиг тогтоож байгаа нь магтууштай.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ