...
...

Улаанбуудайн үнээс шалтгаалж гурилын үнэ нэмэгджээ

Хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн гурилын үнэ киллограмм тутамдаа өмнөх сараас 100-485 төгрөгөөр нэмэгдлээ. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн (2022.09.16) хэд хэдэн голлох үйлдвэрийн гурилын үнэд өөрчлөлт оржээ.

Тодруулбал, "Улаанбаатар гурил" ХХК-ийн дээд гурил 350 төгрөг, 1-р гурил 250 төгрөг, 2-р гурил 220 төгрөг, бүхэл үрийн гурил 50-250 төгрөг, эрүүл мэндийн гурил 50-250 төгрөг, хивэгтэй гурил 100-250 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. 

Тэгвэл "Алтан тариа" ХХК дээд гурил 150 төгрөг, 1-р гурил 100 төгрөг, 2-р гурил 100-110 төгрөг, ширхэгтэй дээд гурил 200-210 төгрөг, дээдийн дээд гурил 200-210 төгрөг, бүхэл үрийн гурил 300-485 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Бусад үйлдвэрүүд ч өнгөрсөн долоо хоногийн сүүлээс үнээ шинэчилж, ихэнх зах, худалдааны төвүүдэд борлуулж буй гурилын үнэд тодорхой өөрчлөлт ороод байна. 

Гурилын үнэ ийнхүү нэмэгдэх болсон шалтгаан нь өнгөрсөн наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-наас улаанбуудайн тонн тутмын үнийг зэрэглэлээс нь шалтгаалан шинэчлэн тогтоож, дөрвөн өөр ангиллаар Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-д авах шийдвэр гаргасантай холбоотой. Салбар яамнаас гаргасан дээрх шийдвэрийн хүрээнд аравдугаар сарын 1-нээс эхлээд ХААДС-д өртэй тариаланчид 1 кг улаанбуудайг 1000 төгрөгөөр өгч, бусад нь 1 кг улаанбуудайгаа 1200 төгрөг буюу 1 тонныг 1,200,000 төгрөгөөр өгөхөөр яригдаж байгаа. 

Тэгэхээр ирэх сараас эхлэн гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ дунджаар 40-50 хувиар нэмэгдэх тооцоог гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гаргаад байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ