...
...

Цанын спортыг хөгжүүлэхэд материаллаг бааз, боловсон хүчин дутагдаж байна

Бээжин-2022 өвлийн олимпын наадам энэ сарын 20-нд хаалтаа хийлээ. Манай улсын баг тамирчдын хувьд өвлийн олимпын тэмцээнүүд өндөрлөөд буй юм. Цанын спортын төрөлд улсаа төлөөлөн анх удаа олимпод оролцсон ОУХМ А.Энхтуултай ярилцлаа.


-Олимпод анх удаа оролцож байна шүү дээ. Нээлтийн үеэр төрийн далбаагаа барьж алхах мэдрэмж ямар байсан бэ?

-Төрийнхөө далбааг барьж нээлтийн ажиллагаанд оролцох үед их тайван, амгалан мэдрэмж төрсөн. Харин сүүлд бодохнээ их омогшиж, догдолж байлаа.

-Олимпын наадамд оролцох нь бусад тэмцээн уралдаанд оролцохтой ижил үү?

-Олимпод оролцох нь бусад тэмцээн уралдаанд орохтой адилгүй. Ихэвчлэн олон улсын тэмцээнд өрсөлдөх үед тэмцээндээ оролцоод, оноогоо аваад явдаг байсан. Харин олимпод оролцох үедээ бүхий л зүйлд санаа зовж байлаа. Олимпын наадамд оролцож, өрсөлдөж байгаа учраас энд бүхий л ур чадвараа гаргах хэрэгтэй гэх бодол л их төрсөн дөө.

-Бэлтгэлээ хаана, хэрхэн хийж байсан бэ?

-Өнгөрсөн өвөл болон намар Швейцарьт бэлтгэлээ хийсэн. Мөн олимпод оролцохоос өмнө Монголд Скай ресортод 10 хоног бэлтгэлээ хийсэн. Скай ресортын талбай зориулалтынх биш учраас мэргэжлийн тамирчдад бэлтгэл хийхэд хүндрэлтэй. Харин зуны улиралд дотооддоо бэлтгэл хийсэн. Зуны бэлтгэлээ багшийнхаа удирдлага дор Кувейтийн ам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн юм. Харин хүчний бэлтгэлийг фитнесс заалуудад хийдэг.

-Тамирчдын хувьд биеийн бэлтгэлээс гадна сэтгэлийн бэлтгэл хийдэг. Сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж байв?

-Өвлийн олимпын наадамд бэлдэх үеэр мэргэжлийн сэтгэл зүйчтэй ажиллаагүй. Гэхдээ эмч маань бидэнтэй ойр байж, эмчилгээ хийдэг байсан. Олимпын хороо, Цанын холбоо гэх мэт бүхий л талаасаа дэмжлэг авсаар ирсэн тул сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудал байгаагүй. Зарим тэмцээнд оролцох үед ямар нэгэн дутагдалтай зүйлсээс улбаалан сэтгэл зүй хямрах үе байсан. Харин олимпын наадамд оролцоход сэтгэл зүйн хувьд ямарваа нэгэн хямрал, асуудал үүсээгүй.

-Олимпын цанын спортын ойрын зайн төрөлд манай улсаас анх удаа орж байгаа юм билээ. Хол болон ойрын зайд уралдахад ялгаа байв уу?

-Манай улсын тамирчид цанын спортын хоёр төрөлд анх удаа орсон. Баг тамирчдын хувьд холын зайд зориулж бэлтгэлээ голчлон хийсэн. Гэхдээ ойрын зайд бэлтгэл хийгээгүй гэж ойлгож болохгүй. Хурд, хүчний бэлтгэлийг тогтмол хийж байсан учраас ойрын зайд уралдахад биеийн хүчний хувьд асуудал үүсээгүй гэж бодож байна.

-Эцсийн тэмцээнийхээ дараа өөртөө сэтгэл дундуур үлдсэн тохиолдол гарсан уу?

-Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил бэлтгэл хийхэд хүндрэлтэй байсан. Ерөнхийдөө үеэр бэлтгэл тасалдсан л даа. Сүүлийн нэг жилийн турш боломжоороо чармайж, хичээж бэлтгэлээ хийсэн учраас сэтгэл дундуур үлдсэн эсвэл өөртөө урам хугарсан гэж хэлэхийг хүсэхгүй байна.

-Олимпод оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

-Олимпын тэмцээний өмнө зохиогддог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зайлшгүй оролцсон байх шаардлагатай байдаг. Мөн хувь хүний оноо болох 300-гаас доошгүй оноогоо авсан байх ёстой. Миний хувьд 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Мөн Швейцарь улсад зохиогдсон тэмцээнүүдэд оролцож, олимпын эрхээ авсан. Энэ ташрамд дэмжсэн бүх хүмүүс болон Монголын үнэдсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог багшдаа талархаж буйгаа илэрхийлмээр байна.

-Цар тахлын үеэр гаднын улсад тэмцээн, уралдаанд оролцоход багагүй бэрхшээл тулгардаг. Танд ямар бэрхшээлүүд тулгарч байсан бэ?

-Тухайн үед цар тахлын улмаас багагүй бэрхшээлүүд тулгарсан. Тухайлбал, тэмцээнийг зохион байгуулах өдөр хойшлох, цуцлагдах зэрэг тамирчдаас үл шалтгаалах асуудлууд байсан. Тамирчнаас шалтгаалах асуудал нь халдвараар өвдсөн тохиолдолд тэмцээнд оролцох эрхгүй болох юм. Тиймээс гаднын улсад зохиогдох тэмцээнийг зорихдоо баг хамт олноороо халдвараар өвдөхгүй байхыг их хичээсэн.

-Хэдэн жилийн турш энэ спортоор хичээллэж байгаа вэ. Анх хэрхэн цанын спортод хөл тавьж байсан талаараа хуваалцахгүй юү?

-Энэ спортын нэг хэсэг болоод хэдийнээ 11 жил өнгөрсөн байна. Анх эгчийгээ дагаж цанын спортоор хичээллэж эхэлсэн. Би Булган аймагт сурдаг байсан юм. Орхон аймагт 2011 онд амьдрахаар очсон. Тэр цагаас эхэлж цанын спортоор хичээллэх болсон доо.

-Олон тэмцээн уралдаанд оролцсон шүү дээ. Хамгийн онцлог гэж санагдсан нь ямар тэмцээн уралдаан байв?

-Тийм ээ. Их олон тэмцээнд оролцож явсан. Томоохон тэмцээнүүд ер нь их онцлог юм шиг санагддаг. Оюутны универсал, Дэлхийн аварга шалгаруулах, 2017 оны Азийн тоглолт зэргийг дурдмаар байна.

-Анхны цанын тэмцээнийхээ талаар хуваалцаач. Ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн миний анхны тэмцээн байсан. Тэр үед 14 настай байлаа. Цана дээр гараад хоёрхон сар болсон хүн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж байна шүү дээ. Хүүхэд байсан болоод ч тэр үү уралдаж байх үедээ юу ч бодоогүй. Бүр медаль авна ч гэж бодолгүй уралдаж байсан юм. Тэмцээндээ уралдчихаад амрах үеэр шагнал гардуулж буй хэсгээс намайг дуудав. Би ч гайхсан гэж жигтэйхэн. Тэр тэмцээнд дэд байранд орсон учраас намайг шагнал гардуулах хэсгээс дуудсаныг мэдсэн дээ.

-Цанаар хичээллээд 11 жилийг өнгөрөөж буй Энхтуулын хувьд спортоос олж авсан хамгийн том зүйлийг юу гэж харж байгаа вэ?

-Зан чанарын хувьд их зүйлийг олж авсан гэж боддог. Спортоор хичээллээд эхлэхээр аливаа зүйлд бодолтой ханддаг зан сурдаг юм байна. Мөн их буурь суурьтай болсон. Хааяа жоохон онгирох нь бий. Түрүүлж хөдлөхгүйгээр нухацтай хандах зан ч бас илэрдэг.

-Мэргэжлийн тамирчин хүний хувьд манай улсын цанын спортын хөгжлийг хэрхэн дүгнэж байна бэ?

-Улсынхаа цанын спортыг хөгжих шатандаа явж буй спорт гэж боддог. Зориулалтын цанын бааз байхгүйгээс улбаалан энэхүү спортын төрөл хангалттай хэмжээнд хөгжиж чадахгүй байна. Ямар ч спортод материаллаг бааз дутагддаг. Материаллаг баазаас гадна уур амьсгал ч мөн нөлөөтэй. Манайх өвлийн улиралтай ч цас маш бага унадаг. Эдгээр асуудлуудаас улбаалан цанын спортыг сонирхох хүүхэд залуус ховор байна. Хөдөө орон нутагт шагайгаар татсан цасан дээр хэн бэлтгэл хийхэв дээ. Тийм хэмжээний цасан дээр гулгах бол зугаа гаргах зүйл. Товчхондоо цанын спортыг хөгжүүлэхэд мэргэжлийн цанын бааз зайлшгүй шаардлагатай л гэсэн үг. Манай улсад олон улсын оноо авах тэмцээн уралдаан зохиогддоггүй. Яагаад гэвэл зориулалтын талбайгүй, тэмцээн зохиох зам нь маш ховор. Байхгүйтэй ижил гэсэн үг л дээ.

-Цаашдаа цанын спортыг хөгжүүлэхэд ямар боломж бололцоо, шийдэл байгаа гэж харж байна вэ. Энэ талаараа хуваалцаач?

-Өсвөр насны тамирчдыг бэлтгэх боловсон хүчин бидэнд асар дутагдалтай. Тэдний сонирхлыг төрүүлж, чадварлаг тамирчин болгон бэлдэх шаардлагатай байна шүү дээ. Мөн тэднийг бэлтгэх багш, дасгалжуулагч хэрэгтэй. ЕБС-ийн биеийн тамирын багш нар л спортын талаарх боловсролыг олгож байна. Тэдний ур чадвар ч харилцан адилгүй. Учир нь сургуулийнхаа бүхий л спортод анхаарах шаардлага тулгардаг. Тэдгээр ирээдүйн тамирчдад зориулсан, зориулалтын багш нарыг л сайн бэлдэх хэрэгтэй дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ