...
...

Бээжин-2022 I Аавынхаа 34 жилийн өмнөх амжилтыг давтсан ОЛИМПЫН АВАРГА

Йоханнес Штрольц: Аавынхаа алт авч буй зургийг хараад уйлахгүй байж чадаагүй 

Австрийн цаначин Йоханнес Штрольц уулын цанын “Combined” хосолсон төрөлд Норвехгийн алдарт Александр Омодт Килде, Канадын Жеймс Кроуфорд нарыг ялж, олимпын аварга болсон билээ.

34 жилийн өмнө 1988 онд түүний аав Хуберт Штрольц Канадын Калгарид болсон өвлийн олимпоос мөн энэ төрөлд алтан медаль хүртэж байв. “Бээжин-2022” олимпыг “Анх удаа аав, хүү хоёр олимпын аварга болсон олимп” хэмээн тодотгож байна.

29 настай Йоханнес Штрольц олимпын аварга болохын сацуу рекордын эзэн болсон билээ. Түүний аав Хуберт Штрольц Калгаригийн олимпоос алт болон мөнгөн медаль хүртэж байсан юм. 

Йоханнес амжилтынхаа талаар “Энэ бол миний хувьд маш чухал зүйл. Яагаад гэвэл өнгөрсөн зун би шигшээ багтаа багтаагүй байсан. Гэхдээ багтаа багтаж, эргээд тэднийхээ дэмжлэгийг авсан. Аавынхаа түүхийг давтсан энэ амжилт миний хувьд маш том зүйл. Намайг дэмжсэн бүх хүн, гэр бүлдээ баярлалаа. Та бүхэн надад үргэлж итгэдэг байсан. Аавынхаа авсан медалийг авч, мөрөөдөл минь биеллээ” хэмээн ярьжээ.

Түүнийг энэ амжилтад хүрэхэд нь дасгалжуулагч нарынх нь хатуу чанга зөвлөгөө их тус болсон гэдгийг олимпын аварга цаначин ярьсан байна.

Цаначин залуу мөн “Аавынхаа алтан медаль авч байгаа зургийг хараад уйлахгүй байж чадахгүй нь. Бүхий л амьдралын минь мөрөөдөл биеллээ. Бүхий л золиос, тэсвэр тэвчээрийн минь үр дүн гарлаа. Бууж өгөхгүй байхын том жишээ боллоо. Хэрвээ та өөртөө итгэж байвал эрсдэл гаргаж, урагшлах хэрэгтэй” гэжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ