...
...

Иргэн бүрт тараасан 300 мянга ба 6 сараар царцаах Арбитрын МАРГААН

“Оюу Толгой” компанийн зүгээс  Монголын Засгийн газрыг татварын асуудлаар  хариуцагчаар татсан нэхэмжлэлийг 2020 онд Лондоны арбитрт гаргасан байдаг. Харин Монголын Засгийн газар  Лондоны Олон улсын арбитрын шүүхэд энэ 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр уг нэхэмжлэлийн  хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг  гаргасан юм.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг болон төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй хийж буй хэлэлцээний явцын сүүлийн мэдээллээс үзэхэд айлын тал Арбитрын маргаанд 6 сарын хугацаатай завсарлага авах саналыг гаргаад байна.

Гэхдээ үүнээс өмнө буюу өнгөрсөн наймдугаар сард “Рио Тинто” компани Монголын Засгийн газарт хандан, Лондоны Арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ  царцааж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан байдаг.

Тухайн үед уг асуудлыг Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоогоос тодруулахад "Засгийн газар хоёр үндсэн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компаниудыг маргааны оролцогч талууд болгох хүсэлтийг гаргасан. Анх татварын арбитрын маргаан “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлтэй эхэлж байсан. Бид сөрөг нэхэмжлэлийн агуулгад үндэслэн маргааны оролцогч талуудыг нэмэх хүсэлт гаргасан. Арбитрын маргаан нууцлалын протоколтой учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж байв.

 “Оюу Толгой” ХХК-иас Засгийн газрыг хариуцагчаар татсан татварын маргаан болон манай талаас гаргасан тайлбар,  сөрөг нэхэмжлэлийн талаар тодотгоё.

“Оюу Толгой” ХХК-иас Лондоны Арбитрт гаргасан нэхэмжлэлийн агуулга нь Монгол Улсын Татварын албанаас тавьсан 1 их наяд 24 тэрбум төгрөгийн татварын актуудыг хүлээн зөвшөөрөлгүй, нэхэмжлэл гаргасан юм.

Тодруулбал, Монгол Улсын Татварын албанаас тус компанийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар "Оюу Толгой" ХХК 2020 оны  хоёрдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны Олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм.

Харин Монголын Засгийн газрын зүгээс 2021 оны  дөрөвдүгээр сарын 30-нд авлига, хээл хахуулийн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан.  Арбитрын шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “...Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойз Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан.

Үүнд, “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар эхэнд хэлсэнчлэн, “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ийн зүгээс татварын асуудлаар эвийн журмаар шийдвэрлэх саналыг илэрхийлээд байна.

Нэг зүйлийг тодотгоход, “Оюу Толгой” ХХК Татварын албанаас  ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийг Монгол Улсад шилжүүлсэн. Харин уг мөнгийг ковид цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдалд иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох Засгийн газрын шийдвэрийн хүрээнд тараасан билээ.

Засгийн газар коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 2021 оны  дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хороо тогтоох болсонтой холбоотойгоор Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг олгосон.

Тэгэхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй татварын маргааны хүрээнд “Оюу Толгой” ХХК-иас  орж ирсэн 1 их наяд гаруй төгрөгийг Монгол Улс цар тахлын үед хэрэглэчихсэн. Цаашлаад татварын асуудал хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч энэ мөнгө Монгол Улсын хувьд өр болох уу, орлого болох уу гэдэг нь шийдвэрлэгдэх юм. Мөн нөгөө талаас хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчдийн зүгээс санал болгож байгаачлан татварын асуудлыг эвээр шийдвэрлэсэн тохиолдолд, Засгийн газраас нэгэнтээ зарцуулсан 1 их наяд 26 тэрбум төгрөг бидний хувьд орлого болон үлдэж болох ч, цаашлаад төслийн явцад татвартай холбоотой үүсэх шинэ асуудлууд, эрсдэлүүдэд хэрхэн яаж зохицуулалт хийх вэ гэдэг нь гол асуудал юм.

Түүнчлэн өчигдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан "Оюу толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай" тогтоолын төслийн Зургаадугаарт, Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх хэмээн тусгасныг тодотгоё. Уг асуудлаар талууд хэрхэн тохиролцох нь чухал байна.

 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:  Оюутолгойн ТОГТВОРЖУУЛСАН татварууд ба 92 дугаар тогтоол

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ