...
...

Н.Учрал: Төр боловсролын тогтолцооныхоо загварыг ойлгомжтой болгох хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралтай Монгол Улсын боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Монголын залуу багш нарын холбоо байгуулагдаад хэдэн жил өнгөрлөө. Хурал зөвлөгөөн хийж байна, багш нарыг шагнаж байна гэж дуулддаг. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас товчхон танилцуулахгүй юу?

-Би УИХ-д сонгогдсоноосоо хойш боловсролын салбарын шинэчлэлийн асуудлаар ярьж, анхаарал тавьж ирсэн. Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгчөөр 2015 оноос хойш ажиллаж байна. Манай холбоо 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбар зөвлөлтэй. Ер нь боловсролын асуудлыг ярихын тулд хүний нөөцийн асуудлыг ярих хэрэгтэй болдог. Хүний нөөц гэдэг бол багш, сурган хүмүүжүүлэгчдийн ур чадварын асуудал. Ур чадварыг ярих гэхээр мэдээж багш нарын цалин хөлс, ажлын гүйцэтгэл, хөгжиж дэвших бололцооны асуудал яригдана.

Тиймээс өргөн хүрээний хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх үүднээс Монголын залуу багш нарын холбооноос 2015 онд нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байлаа. Мөн Мянган багшийн чуулга уулзалт хийж, “Багш нараа сонсъё” гэдэг аян өрнүүлсэн. Тэдгээрийн дүнд Боловсролын хуультай холбогдуулаад багш нарыг хөгжүүлэх ямар асуудлуудыг сайжруулах шаардлагатай байна вэ гэдэг судалгаануудыг хийгээд, багш нарын саналуудыг сонсоод нэгтгэсэн байдлаар тухайн үеийн УИХ-д саналаа хүргүүлж байсан.

-Тэгвэл УИХ-д сонгогдохоосоо өмнө ч боловсролын салбарын төлөө ажиллаж байжээ?

-Ер нь бол тийм. 2016 онд УИХ-д сонгогдоод “Багш нараа сонсъё” аянаас гарсан саналуудыг үр дүнд хүргэхийн тулд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачилсан. Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль 2018 онд батлагдсан. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг манай улс анх удаа баталснаар багш нарынхаа хөгжлийг хуулиар баталгаажуулсан дэлхийн долоо дахь улс болсон юм. Багшийн хөгжлийг дэмжих нь өөрөө боловсролын салбарыг урагшлуулахад хамгийн том түлхэц үзүүлэх юм байна гэж үзсэн.

-Багшийн хөгжлийг дэмжих хууль гэхээр гол үзэл санаа нь ямар зүйл байх бол?

-Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн хамгийн гол концепц нь бид багш нарын цалин хөлсийг ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан тогтолцоонд шилжүүлэхийг анх зохицуулж өгсөн. Нэг ёсондоо бол гүйцэтгэлийн үнэлгээгээр цалин хөлсөө авна гэсэн үг. Эцэг эх, суралцагчийн сэтгэл ханамж, хамт олон нь тухайн багшийг дүгнэж байгаа байдлаар үнэлнэ. Дээрээс нь багшийн хөгжлийг дэмжих зардалд сургууль өөрөө төсөв хуваарилах эрхийг нь энэ хуулиар олгосон. Сургуулиуд багшийн хөгжлийг дэмжих зардалдаа тодорхой төсөв хуваарилах эрхийг авсан. Багшийн хөгжлийг дэмжих төвүүдийг бид албан ёсоор хуулийн дагуу сургууль болгон дээр байгуулж байгаа. Боловсролын яамнаас Багшийн хөгжлийг дэмжих институцээрээ дамжуулаад багш нарыг дахин сургах, заах арга зүйн чадварыг нь дээшлүүлэх замаар багш нараа хөгжүүлэх асуудлыг шийдэх боломжийг нээсэн. Багш мэргэжлээр төгссөн бол багшлах эрхийн шалгалт авдаггүй болгосон. Багшийн их сургуулийг багш мэргэжлээр төгссөн төгсөгч нарт бол шууд багшлах эрхийг нь олгож байгаа. Кредитийн төлбөр төлдөг, багш мэргэжлээр төгсчихсөн хүнээс дахиж шалгалт авдаг гэх мэтээр босго нь өндөр болчихоод байлаа. Гэтэл эцэстээ багш нарын цалин хөлс өнөөдөр тун хангалтгүй байгаа шүү дээ.

-Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль долоон оронд байдаг гэдэг их сонирхолтой санагдаж байна?

-Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль их үр дүнд хүрсэн. Тухайн үед би Олон улсын парламентын холбооны хуралд очиход ЮНЕСКО-гийн зүгээс “Монгол Улс бол Багшийн хөгжлийг дэмжих тухай хуультай орон юм. Энэ бол дэлхий дахинд бас томоохон мессэж өгсөн үйл хэрэг болсон. Сайн хуулийн шинэчлэл”  гэдэг талархал хэлж байсан. Дараа нь манай оронд болсон Олон улсын парламентын холбооны бүсийн хуралдааны үеэр ч гэсэн “Ер нь Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн сайн жишгүүдийг нутаг орондоо нэвтрүүлэх нь зөв юм байна” гэж байлаа.

Монгол Улс бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай адилхан багшийг ч мөн хуулиараа хамгаалсан орон. Би багш нарт байнга нэг зүйлийг хэлдэг. Та нар бол хуулиар хамгаалагдсан. Энэ хуулийг засаж сайжруулах бололцоо бий. Цогц шийдэгдсэн зүйл биш. Манай Монголын залуу багш нарын холбооны хийсэн  хамгийн том ажил бол энэ.

-Ярианыхаа эхлэлд асууснаа лавшруулахад Монголын залуу багш нарын холбооноос “Оюуны элч” ёслол зохиодог. Тэр хэвээрээ юу?

-Бид жил бүр “Оюуны элч” шилдэг залуу багш нарыг тодруулах ёслолыг зохион байгуулдаг. Дөрвөн жил дараалан хийж байна. Шилдэг арван багшийг тодруулж мөнгөн шагнал олгосоор ирсэн. Энэ багш нарынхаа тусламжтайгаар бид давтан сургалтуудыг, багш нарыг мотивацжуулах, дөнгөж сургуулиа төгсөж байгаа хүүхдийг багш мэргэжилд дуртай болгох аянуудыг өрнүүлээд явж байна. Энэ жил ч ялгаагүй “Оюуны элч”-ийг зохион байгуулж байгаа. Гол онцлог нь УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтарч зохион байгуулж байна.

Үүний онцлог бол шинэ бүтээл туурвисан, шинэ сургалтын хөтөлбөр санаачилсан, сургалтандаа шинэ арга зүй нэвтрүүлсэн, шинэ оновчтой санал нэвтрүүлсэн товчхондоо бол инновацлаг багшийг тодруулах юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн шилдэг багш, их, дээд сургуулийн шилдэг багш, ерөнхий боловсролын сургуулийн шилдэг багш, цэцэрлэгийн шилдэг багш, сургалтын төвийн шилдэг багш нарыг тодруулах гэж байна. Багш нарыг дэмжиж байгаа том ажил. Үүгээрээ дамжуулаад бид орон нутгуудад багш мэргэжлийг сурталчлах нөлөөллийн аянуудыг бас зохион байгуулахаар одоо ажиллаж байна.

-Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг орон нутгуудад үргэлжилж байна. Нэгэнт л орон даяар боловсролын салбарын асуудлыг ярьж байгаа болохоор таны бодлыг ч сонсмоор байна?

-Боловсролын багц хууль УИХ-д өргөн баригдаад одоо Ажлын хэсэг гарч ажиллаж байна. Боловсрол өөрөө улстөржүүлж болдог салбар ерөөсөө биш. Боловсролын салбарт улстөржилт байснаас болоод өнгөрсөн хугацаанд боловсролын бодлого алдагджээ.

-Тодруулбал?

-Жишээ нь, бид эхлээд хаашаа явах вэ гэдгээ шийдэх ёстой. Би бол одоогийн боловсролын хуулийн концепцыг тодорхой болгох ёстой гэж бодож байгаа. Жишээ нь, өрнөдийн боловсролын тогтолцоо гэж нэг боловсролын тогтолцоо байна.

-Өнөө Кембриж үү?

-Кембрижийн хөтөлбөр байна. PISA (Programme for International Student Assessment) гээд Европын улсууд 12 настай хүүхдүүдийн дунд ангид ороход нь оюуны мэдлэгийг практикт хэрэглэх чадварын шалгалт авдаг. Европт бол тэр 12 настай хүүхдүүдийг тухайн шалгалтад ямар дүн үзүүлснээс шалтгаалж боловсролын индексүүдийг гаргаж байгаа. Нэг ёсондоо онолын мэдлэгийнхээ хэдэн хувийг практикт хэрэглэж байна, хүүхдүүдийн суурь мэдлэг хэр байгааг үнэлчихэж байгаа юм. Кембрижийн хөтөлбөр гэдэг чинь юу юм гэхээр ерөөсөө А level, AS level, IGCSE level гээд ахлах ангиудад нь олгодог сертификатууд байхгүй юу. Энэ бол стандарт. Энэ сертификатуудыг олгодог маш олон төрлийн төвүүд байдаг.

Эдгээр төвүүдийн нэг нь л өөрөө Кембрижийн боловсролын төв. Тэр Кембрижийн боловсролын төв гэдэг байгууллага, тухайн шалгалтад нийцүүлээд хөтөлбөрөө боловсруулаад, бусад орнуудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Төгсөөд гарахдаа энэ хүүхдүүд ямар диплом авах вэ гэхээр А, AS, IGCSE level гээд манай нөгөө ерөнхий шалгалтын адистат шиг гаднын адистат авна. Тэгэхээр А, AS, IGCSE level авснаараа гаднын нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах, цаашлаад мастер, доктор, бакалаврт суралцах эрх нь нээгддэг.

Гэтэл энэ хөтөлбөрт багтаагүй болохоор бид үндсэн адистатаа авч очоод суралцах гэхээр зөвшөөрөгдөхгүй байна шүү дээ. Тиймээс бид хаашаа явахаа шийдэх ёстой. Нэгдүгээрт, Европ ийм байна. Манай боловсролын тогтолцоонд цаашдаа ерөнхий боловсролын хөтөлбөртөө PISA-гийн шалгалт авах ёстой. Кембрижийг хэрэгжүүлнэ гээд арван жил өнгөрлөө.

-Та бол Кембрижийг нэлээд дэмждэг санагдлаа?

-Би яагаад Кембрижийн хөтөлбөр IGCSE авах ёстой гэж үздэг вэ гэхээр ерөөсөө манайх хүүхдүүд дэлхий рүү гарах ёстой. Монголдоо мянга уралдаан, олимпиадад түрүүлээд нөгөө арван жилийн адистатаа бариад гадаадын ямар ч дээд сургуульд хүсэлт өгсөн нөгөөх нь зөвшөөрөхгүй байна шүү дээ. Боловсрол гэдэг чинь хоёрхон юман дээр тогтдог. Нэгдүгээрт, стандарт нөгөө талаасаа бол магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт. Стандарт чинь чанарын баталгаажуулалттай уялдана.

Чанарын баталгаажуулалт хийгдэнэ гэхээр сургууль бол олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Тэр нь барилга, байшингаас эхэлнэ. Жишээ нь, Их Британийн магадлан итгэмжлэх зөвлөлийг Монголд орж ирэхэд би тэр магадлан итгэмжлэх ажлын хэсгийг нь ахалж байлаа. Тухайн үед би “Рояаль” академийн захирлаар ажиллаж байсан. Бахархалтай нэг юм хэлэхэд би “Их засаг”, “Рояаль” гэдэг хоёр сургууль дээр Их Британийн магадлан итгэмжлэл хийлгэсэн. Тэд сургууль тэдэн ам.метр талбайтай байх ёстой. Нэг ангид тэдэн хүүхэд байх ёстой, ширээ нь ийм байх ёстой гээд бүх шалгуурыг тавина. Дээрээс нь аваар ослоос сэргийлэх ямар юм байх, мэдээллийн сан нь ямар байх юм гэдгийг бүгдийг нь стандартчилдаг, чанарын баталгаажуулалт хийдэг. Тэгээд хөтөлбөрт нь магадлан итгэмжлэл хийдэг.

Хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийхдээ 30 хувьд нь та нар үндэсний онцлогоо шингээ гэдгийг зөвшөөрдөг. Бид нэг юмыг шүүмжилдэг. Кембриж гэхээр л англижуулах гээд байна гэдэг. Үгүй юм. Боловсролыг стандартад нийцүүлж, хөтөлбөрт нь итгэмжлэл хийлгэхгүйгээр бидний хүүхдүүд дэлхий нийттэй харилцахгүй байхгүй юу.

Тэгэхээр Кембрижийн хөтөлбөр Монголд орж ирэх нь чухал. Дээд боловсролын магадлан итгэмжлэл “За та нарт үндэсний онцлогоо шингээсэн хөтөлбөрүүд байлгахыг зөвшөөрнө” гэдэг. Тэгэхэд Кембрижийн хөтөлбөр дээр нэг ёсондоо дөрвөөс найман хичээл л үзэж байгаа шүү дээ. Нэг жилд дөрөвхөн хичээл үзнэ. Бусад нь Монгол хэлээрээ чөлөөтэй. Тэр байтугай “Монгол тэмүүлэл” гээд сургуульд гэхэд монгол багш нар англиар хичээлээ зааж байгаа ч монголоор тайлбарладаг. Тийм болохоор энэ бол англижуулах гээд байгаа юм биш. Бас бага, дунд ангид үүнийг хийх ямар ч шаардлага байхгүй. Ахлах ангиудад л үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэх юм бол цаашид гадаадын их, дээд сургуульд элсэн суралцах гарц, үүд нээгдэнэ.

Яагаад өнөөдөр “Монгол тэмүүлэл”, “Шинэ эрин” гэх мэт сургуульд хүмүүс хүүхдээ өгөх гээд байна гэхээр төгсөөд тэтгэлэг авч байгаа нь үнэн. Тэтгэлэг авна. Дээрээс нь тэр хүүхдүүдийн гадаад хэлний түвшин өндөр байна. Тэгэхээр бид хаашаа явахаа шийдэхгүй бол би ерөнхий боловсролын сургуульдаа IGCSE аваагүй, одоо би Англид сургуульд сурмаар байна гээд очно гэдэг бололцоогүй.

-Тэгэхээр боловсролын тогтолцоогоо ойлгомжтой болгож авах нь тулгамдаад байгаа юм байна даа?

-Боловсролын тогтолцооны хувьд бид тодорхой өөрчлөлт хийхгүй бол болохгүй юм байна гэдэг байр суурьтай байгаа. Тийм учраас эхлээд концепцоо тохир. Яг Америкийн барууны загвараар явах гэж байгаа гэвэл нэг өөр. Америк бол жишээ нь зөвхөн хөтөлбөрөө магадлан итгэмжилдэг. Европын сургуулиуд болоод Английн магадлан итгэмжлэлийн стандарт шалгуур бол заавал чанарын баталгаажуулалттайгаа хамт байдаг. Тэнд яадаг вэ гэвэл хөтөлбөрийг, байгууллагыг нь хамт магадлан итгэмжилдэг.

Учир нь тэр магадлан итгэмжлэл хийгдсэнээрээ тухайн итгэмжлэлийг зөвшөөрдөг сургуулиудад кредитээ шилжүүлэх, үргэлжлүүлэн суралцах гарцууд нээгддэг байхгүй юу. Нэг ёсондоо тэр байгууллагын тавьж байгаа шаардлагуудыг биелүүлсэн сургуулийг чанартай гэж үзэж байгаа хэрэг. Энэ бол өөрөө боловсролын салбарын хамгийн том хөгжил бол чанарын баталгаажуулалт, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хоёр юм. Тэгж байж энэ хүүхдүүд чинь өрсөлдөнө. Өнөөдөр боловсролын тэгш боломж гэж ярьж байна.

Тэгш боломж гэдэг бол боловсролын тэгш чанар юм. Америкт бол хүүхдээ гэрийнхээ хамгийн ойрхон сургуульдаа өгдөг. Тэгэхэд тэнд хөтөлбөр нь ч ижилхэн. Сургуулийн байр, материаллаг бааз, багшийн зааж байгаа үйлдэл бүр бүх юм стандарт нэг.

-Манайх чинь төвийн хэдэн сургуульд чадалтай багш нар байдаг. Тэгээд сургуулийн хамран сургах хүрээ гэдэг юмыг бол хамаарахгүй явж байна шүү дээ. Ийм ялгаатай байдлаас үүдээд хүмүүс аль болох лаборатори сургуульд хүүхдээ өгөх гэж уралддаг боллоо. Авлигаас гадна замын түгжрэлд ч нөлөөгөө үзүүлээд эхэлж байна?

-Дээрээс нь өнөөдөр Америк сургуулиуд, барууны сургуулиудын нэг онцлог байна. Тэнд хэзээ ч гоц авьяастан төрүүлдэггүй. Манай сургуулиудын нэг алдаа бол гоц авьяастан л төрүүлэх гээд байдаг. Нэг ёсондоо 40 хүүхэдтэй анги эцэг эхийн хурал хийхэд “Манай ангийн Батаа улсын олимпиадад тэддүгээр байр эзэлсэн” гэдэг. Тэнд Доржоогийн ээж ч уг нь ирчихсэн байгаа. Тэр ээжид тухайн ангийн тэр хүүхэд улсын олимпиадад хоёрдугаар байрт орох сонин биш. Өөрийнх нь хүүхэд л сонин байдаг. Урлагийн үзлэг гээд тайлан тоглолт хийнэ. Нэг хүүхэд гоцлон дуулж, нэг нь гоцлон бүжиглэж, нэг хүүхэд хөгжим тоглоно. Тэгвэл Америкийн сургуулиудын гол онцлог юу юм.

Эцэг эхчүүдэд тоглолт үзүүлэх гээд авчрахад 30 хүүхэд зэрэг бүжиглэж, хөгжимдөж, дуулдаг. Зарим нь зөв, зарим нь солгой дуулна. Гэхдээ 30-уулаа л оролцоотой. Тэгвэл боловсролын чанарыг яаж үнэлдэг юм. Тэр олон улсын PISA шалгалтыг бүгдээс нь аваад дундажлаад оноогоор нь үнэлж байгаа. Түүнээс биш PISA шалгалтад дэлхийд нэгдүгээр байр эзлэх ерөөсөө сонин биш байхгүй юу. Ангийн нэг хүүхэд амжилт гаргаж байгаа нь нөгөө хүүхдэд сонин биш. Одоо бидэнд юу хэрэгтэй байна гэхээр бүгдээрээ 70 хувиар “С” дүн авдаг ангитай болох хэрэгтэй байна шүү дээ. Таван хүүхэд нь 90 хувиар “А” бусад нь 60 хувиар “D” авдаг биш бүгд 70 хувиар “С” авдаг болох ёстой.

-Олимпиадад бэлдэж байгаа хүүхэд, ард суудаг хүүхэд, урд суудаг хүүхэд гээд ялгардаг. Багш нарыг бас хүүхдүүдийг олимпиадад амжилт гаргуулснаар нь дүгнэх гээд байдаг талтай л даа. Сургуулийн нэрийг гарга гэх мэт?

-Манай улсад сонгон сургууль, лаборатори сургууль, ердийн сургууль, Кембрижийн хөтөлбөртэй сургууль, хувийн сургууль, төвийн сургууль, захын сургууль...

-Бас Америк, Солонгос, Хятад сургууль гэж ялгардаг?

-Америк сургууль, Хятад сургууль зэрэг бол хувийн чөлөөт зах зээлийн асуудал. Төлбөрөө төлөөд америк боловсролтой болгоё гэх бол тэр төлбөр мөнгөө төлж байгаа хүний л хэрэг. Дэлхийн хаана ч Хятад, Солонгос сургууль байдаг. Харин улсын сургуулийг яагаад нэгийг нь лаборатори, нөгөө нь ердийн гэж байгаа юм. Ямар ялгаатай юм гэсэн чинь нэгийнх нь захирлыг сайд томилдог, нөгөөг нь болохоор Засаг дарга томилдог гээд байдаг. Тэгснээ лаборатори сургуулийн багш нар нь цалингийн нэмэгдэлтэй. Лаборатори сургуулийн багш, хүүхэд гэхээрээ илүү. Энэ өөрөө хүүхдүүдийн дунд ялгаварлал үүсгээд байна.

-Лаборатори сургуульд хүүхдээ оруулсан гэдэг нь эцэг эхчүүдийн хувьд ч бас нийгмийн байр сууриа харуулах үйлдэл маягийн юм болчихсон байгаа?

-Тэгэхээр энэ лаборатори, кембрижийн, ердийн сургууль гэдэг юмыг бүгдийг нь зогсоогоод бүх нийтээр нь олон улсын хөтөлбөртэй болгох ёстой. Дээрээс нь Боловсролын үнэлгээний төв гэдэг байгууллагын дэргэд Кембрижийн шалгалтыг нь авдаг төвийг нь байгуулах хэрэгтэй. Тэгээд хүүхэд хүсвэл тэр шалгалтыг өгдөг болох хэрэгтэй. Гэхдээ үндсэн хөтөлбөр гажих ёсгүй. Жишээ нь, Америк физик, Солонгос физик гэж байхгүй. Нэг л шинжлэх ухаан шүү дээ. Гадаад хэлээр л зааж байгаа ялгаа байгаа болохоос агуулгын хувьд яг ижилхэн. Дэлхийн түүх нэг л ижил. Дэлхийн түүхэнд хандаж байгаа хандлага нь л өөр байх. Тиймээс бид ердийн сургууль, лаборатори сургууль гэсэн ялгаануудаа арилгах ёстой.

Дээрээс нь концепцоо тохирчих хэрэгтэй. Тэгэх юм бол дээд боловсрол чинь хаашаа зүглэх нь ойлгомжтой болно. Үндэсний онцлог шингэсэн юмнуудыг угаасаа ямар ч магадлан итгэмжлэл зөвшөөрнө. Тэгээд миний түрүүн хэлснээр нэг гоц гойд хүүхэд төрүүлэх гэхээсээ жигд суралцах боломжийг хангах ёстой. Нэг хүүхдийг тахин шүтэхээ болих ёстой. Тэгэхгүй бол нэг олимпиадад түрүүлдэг хүүхэд байлаа гэхэд таван жил хувийн дунд сургуулиуд ээлжлээд авчихдаг юм. Нөгөө хүүхэд нь улсад хоёрдугаар байрт орчиход нөгөө дунд сургуулийг мундаг гээд ойлгочихдог.

Тэр математикаар сайн сургууль гээд огт дур сонирхолгүй хүүхэд аваачаад өгчихнө. Гэтэл нөгөө сургууль нь тавхан сайн хүүхэдтэйгээ л ажиллаад бусад хүүхэд нь хаягддаг. Хөтөлбөр, стандарт ижилхэн байхыг хамгийн гол нь шийдэх хэрэгтэй гээд байгаа юм.

-Та Сонгинохайрхан дүүрэгт бас нэг юм эхлүүлчихсэн байсан уу?

-Сонгинохайрхан дүүрэгт Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг зориод явж байна. Шинэ байгуулагдсан сургууль дээр 20 багш авч хувийнхаа зардлаар  тэр багш нарыг бэлдсэн. Одоо 20 багшийг тэнд багшлуулж байна. Энэ багш нарт Кембрижийн багшлах, англи хэлний сертификатыг нь олгосон. Одоо цаашлаад энэ сургуулийг яг стандартад нийцүүлээд Кембрижийн хөтөлбөртэй болгох дээр нь онцгойлж анхаарч байна. Жишээ нь, манай Сонгинохайрхан дээр бараг долоон сургууль байгуулагдлаа шүү дээ.

Нэг сургууль дээр нь Кембрижийн хөтөлбөрийн ажлыг эхлүүлэх гэж байна. “Айтүүлс” компаниар “Дижитал Сонгинохайрхан” гэдэг цахим боловсролын хөтөлбөрүүдийг бүгдийг нь хэрэгжүүлж эхэлсэн. Гуравдугаарт, би энэ сургуулиуд дундаас 90 хүүхдийг сонгож аваад “U Ninety” гээд гадаад багш нарын тусламжтайгаар англи хэлээр бэлдэж байна. Би том хувийн сургууль төгсөж байгаа хүүхдүүдтэй эн зэрэгцэх хүүхдүүд бэлтгэмээр байна шүү дээ. Тэгэхгүй бол манай тэр дүүрэгт мянга онц сураад, олимпиадад түрүүлээд авч байгаа сертификат нь нөгөө л адистат. Тэгэхэд хувийн үнэтэй сургуулиудыг муу сураад төгссөн ч хамаагүй авсан сертификат нь илүү үнэтэй байхгүй юу.

-Виз шахам л юм болох байх?

-Тийм болохоор би ийм зорилго тавьж байгаа юм. Тэр 90 хүүхдийг шалгаруулаад би өөрөө Монголд дотоодын тэтгэлэг өгнө. Дээрээс нь энэ хүүхдүүдийг гаднын сургуулиудад хүсэлт өгөхөд нь бэлдэж байгаа. Энэ хүүхдүүдийг гадагшаа сурахад нь дэмжлэг үзүүлнэ. Бага багаар ч гэсэн энэ тоог ахиулаад явъя гэж байгаа юм. Сургууль болгон дээр Багшийн хөгжлийн төвийг байгуулж эхэлж байна. Тэр төвүүдээр дамжуулж багш нараа бэлтгэнэ. Одоо удахгүй манай дүүрэгт багш нарынхаа англи хэлний чадварыг сайжруулна.

Ер нь бол улсын дунд сургуулиудын чанар муу биш сайн. Ганц л асуудал байна. Нөгөө анги дүүргэлт. Мэдээж, 20 хүүхэдтэй хичээл орох, 40 хүүхэдтэй байх ялгаатай. Хоёрдугаарт, англи хэлний сургалт. Ерөөсөө хэлний чадварыг сайжруулчих юм бол дутаад байх зүйл байхгүй. Дэлхий дахин хэлийг боловсрол гэж үзэхээ болиод хэрэглээ гэж үздэг болсон шүү дээ. Тэгэхээр одоо сургуулиуд скүүл бэст биш скил бэст болъё гэж байна. Чадварт суурилсан. Хамгийн гол чадвар бол хүн хоёроос дээш хэлтэй болох хэрэгтэй. Тэгж байж гадагшаа гарах, ажиллах үүд хаалга нээгдэнэ.

-Одоо Боловсролын багц хуулиар шинэчлэлийн шинжтэй ажлууд хийгдэнэ гээд сурталчлаад байгаа. Яг таны ярьж байгаа, Сонгинохайрхан дүүрэгт хийж байгаа ажлууд хуулийн үзэл санаанд туссан уу. Таны хэлсэн энэ санаа, хөтөлбөрүүд Улаанбаатар төдийгүй Хөвсгөлийн Галт сум, Дорнодын Матад сум гээд орон даяар л бий болох ёстой шүү дээ?

-Хаашаа явахаа шийдэхгүй байна, энэ боловсролын хууль. Төр өөрөө боловсролоо хаашаа авч явах вэ гэдэг боловсролын тогтолцооныхоо загварыг ойлгомжтой болгох ёстой. Багш нараас асууж, зүгээр орон даяар хэлэлцүүлэг хийж боловсрол бодлогоо тодорхойлдоггүй. Үүнийг судалгаанд үндэслэж тодорхойлох ёстой шүү дээ. Дээрээс нь улс орныг цааш нь авч явахад шинэ үеэ хэрхэн дэлхийн дэвжээнд өрсөлдөх бололцоотой болгох вэ гэдгийг бид өнөөдөр бодох ёстой. Тэгэхгүйгээр үүнийг хэлэлцүүлээд, асуугаад хийх юм биш. Энэ хуулиудаар хаашаа явах нь асар ойлгомжгүй л байна.

-Таны хэлснээр багш нараас асуугаад л давхиад байгаа даа?

-Болохгүй шүү дээ. Аль нэг багш боловсролын салбар хаашаа явахыг хэлэхгүй. Асуудлаа ярьж болно. Гэхдээ шийдэл гарцыг төр тодорхойлох ёстой. Бид бүх юмыг асууж хийнэ гэж байхгүй. Уншиж, судалж байж хийнэ. Багшийн хөгжлийг дэмжих хуульд бид туслах багшийн орон тоог хүртэл хийж өгсөн. Бид жишээ нь ингээд туслах багштай болчихлоо шүү дээ. 40 хүүхдэд нэг багш хүрдэггүй. Заавал туслах багшийн орон тоо байдаг. Ингээд дэлхий нийтэд үр дүнд хүрсэн шийдвэрүүдийг гаргаж байж багш, суралцагчид сайжирна.

Тэгэхгүй бол Монголд баян ядуугийн ялгаа аймаар бий болно. Хэн ч гэсэн хүүхдээ сайн сургуульд өгөхийг хүснэ. Би ч гэсэн хүүхдээ хэлтэй болгохыг хүсэж байна. Тийм болохоор надад мөнгө төгрөгийн бололцоо байгаа үедээ сайн сургуульд өгье гээд тэр хувийн сургуульд өгнө шүү дээ. Хэн ч тэгж бодож байгаа.

-Тэгээд эхэлчихсэн дээ. Бараг л хүүхдийнхээ сургалтын төлбөрийн төлөө амьдарч байгаа хүмүүс зөндөө л байна?

-Хүн хүүхдийнхээ төлөө л байдаг. Эцэг, эхчүүд энэ өрсөлдөөнөөс холдчих вий гээд санаа нь зовоод байна. Нөгөө сургуулийг төгссөн хүүхэд хоёроос дээш хэлтэй, авсан сертификат нь олон улсад аль ч сургуульд очсон хүлээн зөвшөөрөгддөг. Хүүхдийнхээ ирээдүйд мөнгө зарж байгаа биз. Үүнийг ялгахгүй бол цаашдаа яг том зааг бий болох вий. Тийм болохоор бид хүссэн хүсээгүй хүүхдүүдээ англи хэлтэй болгох ёстой. Хоёр хөршийн хэлийг заах хэрэгтэй. Энэ хэлтэй хүмүүс чинь тоон бичиг үсгийн соёлтой болох учиртай.

Ер нь цаашдаа хүнээ л зөв бэлдэхгүй бол эх орондоо мянга сайн суралцаад хилийн дээс алхаад хэн ч биш болж болохгүй шүү дээ. Тийм болохоор бид хүссэн хүсээгүй энэ замыг туулна. Боловсролын салбар бол улс орны ирээдүйн өнгө төрхийг тодорхойлдог хамгийн гол салбар шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ