...
...

ӨНӨӨДӨР: ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр

“ХДХВ/ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”
 


Дэлхийн улс орнууд 1988 оноос хойш жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.


Энэ өдрийн үндсэн бэлэгдэл болох улаан тууз нь ХДХВ/ДОХ-ын улмаас нас барсан олон сая хүмүүсийн дурсгах, ХДХВ-ийн халдварыг бүрэн эмчлэх эм, түүнээс урьдчилан сэргийлэх вакцин удахгүй гараасай гэсэн итгэл найдвар, ХДХВ/ДОХ-той хүмүүсийг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хүнлэг бус хандлагыг эсэргүүцэж буйн илэрхийлэл, ХДХВ/ДОХ-той хүн бүр, тэдний төрөл садан, найз нөхөд, ойр дотны хайртай хүмүүсийн эв нэгдлийн хүчтэй бэлгэ тэмдэг болсоор байна.


Нэгдсэн үндэстний байгууллагын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2020 оны эцсийн байдлаар дэлхий даяар 37,7 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч, 680,000 хүн ХДХВ-ийн халдварын шалтгаанаар нас барж, 1,5 сая хүн шинээр халдвар авсан талаар мэдээлсэн.


Монгол Улс нь хүний дархлал хомсдолын вирусийн халдвар (ХДХВ)-ын тархалт багатай орны тоонд ордог ч эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай байна. 2021 оны 11 сарын 30-ны байдлаар ХДХВ-ийн халдвартай 323 тохиолдол бүртгэгдэж, 53 хүн нас барсан бөгөөд ХДХВ, ДОХ-той амьдарч байгаа 18 эхээс 28 хүүхэд төрсөн, 10 эх давтан төрж, эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин 2021 онд хийсэн тооцооллоор Монгол улсад ХДХВ-ийн халдвартай нийт 666 хүн амьдарч байх магадлалтай.


Жил бүр ХДХВ, ДОХ-той тэмцэх, сэргийлэх чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулж, шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлыг хөндөн, тодорхой уриан дор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.


2021 оны ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг “Тэгш бус байдлыг арилгая, Халдварын тархалтыг зогсооё” уриан дор Өмнөговь аймагт төвтэйгөөр улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын талаар хүн амд мэдлэг олгох, орон нутгийн сайн туршлага солилцох ажлыг зохион байгуулж байна.


Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын үед иргэддээ чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж байгаа хэдий ч Үндэсний хэмжээнд энэхүү тэмдэглэлт өдрийн нээлтийн үйл ажиллагааг орон нутагт анх удаагаа амжилттайгаар зохион байгуулж, манлайлан ажиллаж байгаа Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон бусад хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.


КОВИД-19-ийн цар тахлын улмаас ХДХВ-ийн халдварын нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд бэрхшээл тулгарч улс орнуудад ХДХВ-ийн халдварын тархалт нэмэгдэн, сөрөг үр нөлөө ихэссээр байна. Хэдийгээр Монгол Улс нь ХДХВ-ийн бага тархалттай орон боловч бид цар тахлын энэ хүнд үед ч бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ), ХДХВ/ДОХ-ын асуудлыг анхаарлын гадна үлдээж болохгүй юм.


“Цар тахлын үеийн ачаалал, нэмэгдсэн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд эрүүл мэндийн ажилтныг хамгаалах, хүний нөөцийг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлснээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, тэгш бус байдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр болох юм” гэж Нэгдсэн үндэстний байгууллагын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн захирал Бьянима хэлсэнийг цохон тэмдэглэмээр байна.


Та бид нэгдмэл хүчээр, хамтдаа хичээн зүтгэснээр “Тэгш бус байдлыг арилгаж, ХДХВ-ийн халдварыг таслан зогсоож” чадна.


Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ