...
...

Чанаргүй "ганган" замаас болж бэртсээр байх уу!

-Цас орсны улмаас сүүлийн 24 цагт гэмтэж бэртсэн 340 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлжээ-

Хүйтний эрч чангарч, нийслэл хотыг цагаан өнгөөр бүрхлээ. Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас Улаанбаатар хотын зам, талбай цасанд хучигдав. Гудамжаар өглөө эртлэн ажилдаа явах хүмүүс явган хүний замаар төдийгүй гарцаар гарахдаа их л удаан, болгоомжлон гарна. Гэвч хэчнээн болгоомжилсон ч нүдний өмнө халтирч унах залуу хөлөө эвгүй гишгэн унасан байв. Доголсоор такси барин хаашаа ч юм явах нь тэр. Ганцхан хүний жишээ л  энэ. Цастай долоо хоногийн хугацаанд өөр хэчнээн хүн унаж, гэмтсэнийг мэдэх боломжгүй юм. Тиймээс энэ удаагийн сурвалжилгаа Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс бэлтгэв.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорих замд жолооч нар ч удаан бөгөөд болгоомжтой жолоодно. Харин явган зорчигчид биеэ байдгаараа чангалж алхах нь яг л оцон шувуу мэт хөгжилтэй харагдаж байлаа. Би ч тэднээс дутахааргүй ингэж харагддаг байхдаа хэмээн бодоход өөрийгөө дотроо шоолмоор. Ганц хэцүү зүйл нь халтирч унахгүй юм сан гэх бодол. Унавал аль хэсгээрээ хэрхэн унах вэ гэх мэт элдвийг бодсоор нэг л мэдэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдэнд ирсэн байлаа.

ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР ХАЛТИРЧ УНАСАН ГЭВ

Үүднээсээ л уртаас урт машины дараалал үүсжээ. Тус эмнэлэгийг зорин машинтай ирсэн хүмүүс эгээтэй л багтахгүй, зогсоол хайж тойрно. Зогсоол хайн явах приус маркийн машинтай жолооч сая нэг зогсоол олов бололтой машинаа байрлуулан, арын хаалгаа онгойлгож нэгэн охиныг тэврэн буув. Нэг талын хөлөндөө гутал өмсөөгүйгээс гадна, гипстэй байлаа. Тэд  алхсаар эмчдээ үзүүлэхээр орж буйгаа үүдний эмчид хэлсээр оров. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдэнд олон хүн ар араасаа цувран зогсжээ. Үүдний эмч тэднийг ээлж дараагаар орохыг сануулсан ч үүдний жижиг хүлээн авах хэсэгт багтахгүй олон хүн байлаа. Төрөл бүрийн гэмтэлтэй хүмүүс болон тэднийг даган явах асран хамгаалагчид байв. Цээжний гэмтэлтэй, машинд мөргүүлсэн, толгойгоо боосон, таяг тулсан, хэн нэгэнд түшүүлсэн, тэргэнцэр дээр түрүүлсэн гэх мэт төрөл бүрийн өвчтөн эмчид үзүүлэхээр ээлжээ хүлээнэ.

Тэрхүү хүмүүс дунд гипстэй хөлтэй болон гараа гипстүүлсэн өвчтөнүүд нэлээдгүй байв. Эмчид үзүүлэн гарч ирэх хоёр гараа гипстүүлсэн өвчтөн Б.Э/нэрээ гаргахаас татгалзав/ халтирсны улмаас хоёр гар нь гэмтсэн талаар ярилаа. Тэрбээр “Гялгар гантигаар хийсэн явган хүний зам дээр халтирснаас үүдэж гар гэмтэлтэй боллоо. Гэхдээ хоёр гар маань хоёулаа гэмтсэн. Унахдаа өөрийн эрхгүй хоёр гараараа түших гэсэн боловч гараа эвгүй байрлалтай тулснаас болж гэмтсэн юм. Хоёр гарынхаа зургийг авхуулсан. Зүүн гарын гипсээ 14 хоногийн дараа авч болох юм билээ. Харин баруун гарын гипс удаан байх бололтой. 21 хоногоос илүү хугацаанд гипстэйгээ явах шаардлагатай хэмээн эмч маань сая хэллээ” гэв. Харин М.Туяажаргал халтирсны улмаас хөлөө гэмтээжээ.

Тэрбээр “Дөнгөж сая хөлөө гипстүүлээд гарч ирлээ. Халтирснаас үүдэлтэй хөлийн өвчин маань бүрэн эдгээгүй. Халтирсныхаа дараа бариачид бариулсан юм. Бариулахгүйгээр шууд эмнэлэгт ирэх хэрэгтэй байжээ. Бариулснаас үүдэж гипс тавиулахаар хэмжээний болсон байна. Хөлнийхөө хавдсан хэсэгт өөрөө л арга хэмжээ авсан юм. Ажлаа тараад явж байхдаа Арслантай гүүрний явган хүний гялгар гантиг зам дээр халтирч унасан” хэмээв.

Б.ЭРДЭНЭБОЛД: МАНАЙ УЛСЫН ХЭМЖЭЭНД УНАЛТААС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТЭЛ ТЭРГҮҮЛДЭГ

Цас ороод долоо хоног ч болоогүй атал иргэдийн халтиргаа, гулгаанаас үүдэлтэй хүнд, хөнгөн гэмтэл гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэболдоос халтиргааны гэмтлийн талаар тодрууллаа.

-Сүүлийн 24 цагийн байдлаар хэчнээн хүн халтиргаа, осголтоор Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлсэн бэ?

-Сүүлийн 24 цагийн байдлаар хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаар 340 хүн үйлчлүүлсэн. Үүнээс эмнэлэгт 28 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн найм нь явганаар халтирсны улмаас эмнэлэгт ирсэн. Халтиргаа, гулгаанаас гадна осголт, хөлдөлттэй холбоотой өвчтөнүүд тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна. Осголт, хөлдөлттэй холбоотойгоор нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үлдсэн 19 өвчтөн бусад өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна.

-Анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, тариа, хэрэгсэл хангалттай байгаа юу?

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасагт дутагдсан, хомсдолд орсон эм, тариа, хэрэгсэл байхгүй. Өвчтөнүүдэд хэрэгтэй анхны тусламжийн бүхий л зүйлс хангалттай хэмжээнд байна.

-Халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл авсан хүмүүс халамж авах хүмүүсийн эгнээнд шилжсэн тохиолдол цөөнгүй байдаг юм билээ. Сүүлийн нэг жилд ийм тохиолдол бүртгэгдсэн үү?

-Хүний осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан нь уналтаас үүдэлтэй байдаг. Манай улсын хувьд ч осол гэмтлийн шалтгааныг эрэмбэлвэл уналтаас үүдэлтэй гэмтэл нэгдүгээрт бичигдэнэ. Явганаас унах, сандлаас унах, орноос унах гэх мэтээр дурдаж болох юм. Халтиргаа гулгаатай холбоотойгоор явганаас унах гэмтэл маш ихээр бүртгэгддэг. Үүнээс үүдэлтэйгээр гэмтлийн дараа хүний биед үлдэц үлдсэн байдаг юм. Тиймээс групп гэж бидний нэрлэдэг халамжид шилжсэн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Одоогоор надад үүнтэй холбоотой тоон мэдээлэл байхгүй байна.

-Халтиргаа, гулгаанаас үүдэлтэйгээр хүний биеийн аль хэсэг хамгийн их бэртдэг вэ?

-Халтиргаанаас үүдэлтэйгээр хүний биеийн мөчний хугарлын гэмтэл хамгийн их байдаг. Үүнд, гар, хөл болон тархийг нэрлэж болно. Унах үедээ хэрхэн унаснаас хамаарч хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэх боломжтой. Хамгийн их бэртдэг мөч бол гарын хэсэг. Хүн унахдаа өөрийн онцлогоороо, биеэ хамгаалан тулахдаа гараа ашигладаг. Тиймээс л гар хамгийн их бэртэж гэмтдэг юм. Унахдаа гараараа тулж амжаагүйгээс үүдэж тархиа гэмтээнэ.

-Цас орсон үеэр явганаар халтирахаас өөр ямар төрлийн гэмтэл эрс нэмэгддэг юм бол?

-Сүүийн гурван хоногт цас орлоо. Өвлийн улирал хаяанд ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор эрс нэмэгддэг гэмтэл нь цана, чарганы гэмтэл юм. Амралтын өдрөөр уг гэмтэлтэй холбоотойгоор өвчтөн нэмэгддэг. Тэр дундаа бага насны хүүхэд энэ төрлийн гэмтлээр ирэх нь их. Агаарлаж, салхилах зүйл байлгүй яахав. Бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргахдаа зориулалтын талбайд гулгуулаасай хэмээн хүсэж байна. Цаг агаар тогтуун, цастай хэрнээ дулаахан байсан ч энэ төрлийн гэмтэл их байдаг. Мөн хөдөө, орон нутгийн замд зам тээврийн осол цаг агаартай холбоотойгоор эрс нэмэгдэх нь бий. Хотоос гарах үед замын хажууд хуванцар чарганууд зардаг шүү дээ. Тэр чаргаар уулын энгэрээс гулгах тохиолдлууд өчнөөн бий. Зориулалтын талбай биш учраас уулын энгэрт тэрхүү чаргаар гулгах тохиромжгүй. Уулын бэлд нүх, цасаар хучигдсан чулуу, үзүүртэй модны хугархай гэх мэт зүйлс байж болзошгүй л дээ. Хүүхдүүд тоглох үедээ үүнийг мэдээгүйн улмаас нүх рүү унах, чулуу мөргөх зэргээр гэмтдэг. Мөн хязгаарлах бүс байхгүй улмаас чаргатай хүүхдүүд уулын бэлээр явж буй машинтай мөргөлдөх гэмтлүүд ихсэх хандлагатай байна.

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ХӨТӨЧ ХАВТАНЦАР ГУЛГАА ҮҮСГЭЖ БАЙНА

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс буцах замд явган хүний замаар алхах хоёр хүүхэд халтирч унаснаа босон дороо багахан өсрөөд нэгнийгээ сугадан алхаж харагдлаа. Гэтэл түүний араас явах бүсгүй халтирсан ч азаар тогтон үлдэв. Гэхдээ нуруугаа барин явах нь халтирахдаа нуруугаа гэмтээв үү гэх бодлыг төрүүлж байлаа. Тэдний явах явган хүний зам нь гялгар гантигаар хийсэн гоёлын явган хүний зам байв.  Өөрөөр хэлвэл гоё ганган замаас үүдэлтэй бэртэл давамгайлах болж. Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж байсан өвчтөнүүд ч энэ замаас болон гэмтсэн талаараа ярьсан тул хамгийн их хөл хөдөлгөөн ихтэй газруудад байрлах гоёлын явган хүний замыг зорилоо.

Хотын төвд ийм явган хүний замтай хэд хэдэн газар бий. И-март худалдааны төвийн ард байрлах гүүр, UBH төвийн гаднах талбай, Төрийн ордны зүүн болон арын зам, МУИС-ын Номын сангийн урд талбай, Чингэлтэй дүүргийн урд талбай гэх мэтээр нэрлэж болно. Явган хүний зам нь явганаар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих боломжийг хангах ёстой. Гэвч энэ зам дээр гэмтэх тохиолдол жил ирэх тусам нэмэгдсээр байна. Манай улсын явган хүний замын стандартад явган хүний хөдөлгөөн 50 хүн/цагаас бага бол зурвасыг нэг метр өргөнтэй байж болно хэмээн заасан байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төлөвлөлтийн шаардлагуудыг хавсралтаар оруулан тэргэнцэртэй хүний тусгай зам, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөч хавтанцарт замыг төлөвлөх шаардлагатай байдаг аж.

Гэтэл харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөч хавтанцар нь хүртэл өвлийн улиралд халтиргаа үүсгэдэг материалтай байна. Хот тохижилт үйлчилгээний газар болон албан байгууллагууд гялгар гантиган хавтангуудын цасыг юу ч үгүй цэвэрлэдэг. Гэтэл энэ байдал нь эсрэгээрээ иргэдийг гэмтээсээр байна. Нөгөө талаас албан байгууллагууд барилгынхаа ойр орчмын цасыг цэвэрлээгүй, түүнээс улбаалж халтирч гэмтсэн иргэний эмчилгээний зардлыг төлөх шаардлагатай байдаг. Тиймээс юу ч үгүй цасаа цэвэрлэсээр байгаа юм. Ийм хоёр талын эсрэг байдлыг үгүй хийхийн тулд гялгар гантиган хавтангаар явган хүний замыг хийхээс татгалзах хэрэгтэй. Манай улсын явган хүний замыг өвлийн улиралд шаардлага хангахгүй материалаар хийсээр байвал үүнээс үүдэж бэртэж гэмтсэн иргэдийн эрүүл мэндэд хариуцлага хүлээх хүнгүй болох асуудал шийдвэрлэгдэхгүй үлдсээр байх юм.

ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ АСПАЛЬТ, БЕТОН, ЧУЛУУ БОЛОН МОДООР ХИЙДЭГ

Улаанбаатар хотод хиймэл, гялгар гантиг хавтангаас болж өмнөх жилүүдэд ч гэмтэх хүмүүс нэлээдгүй байв. Явган хүний замыг халтирахаас болгоомжилж, аль болох чанартай, эрсдэл багатай материалыг сонгодог аж. Тухайлбал, барууны орнуудад чулуу, мод, бетон болон аспальтыг ашигладаг байна. Ингэхдээ ногоон төгөл буюу цэцэрлэг дундуур эко явган хүний зам бүрдүүлэхийн тулд модыг ашигладаг аж. Харин том чулуунуудыг бетонтой хольсон зам тавих нь ч элбэг. Мөн аспальтаар явган хүний замыг хийснээр өвлийн улиралд эрсдэл бага байдаг ажээ. Ихэвчлэн явган хүний замыг өвлийн улиралд эрсдэл багатай байлгах үүднээс бага зэргийн товруутай, барзгар байдлаар хийдэг байна.

Товчхондоо бол манай улстай адил шил толь шиг гялтганасан явган хүний зам эрсдэл ихтэй тул улс орнууд өөрсдийн явган хүний замыг тийм төрлийн хавтангаар хийдэггүй. Манай улсад сүм дуган хийдийн дундах явган хүний замыг шатаасан хөх тоосгоор хийдэг байсан түүхэн эх сурвалж бий. Ингэхдээ шатаасан хөх тоосгыг хооронд нь зайтай шигтгэн тавьж, хажуугаар нь чулууг шигтгэж тавьдаг байжээ. Харин барууны эртний улс орнуудад том ширхэгтэй чулууг шашны барилгад ашглаж байсан нь хожим явган хүний замд ашиглах болсныг түүхэнд дурдсан байдаг. Энэ мэт түүхээс харахад ч явган хүний замд гял цал болсон зам үгүй. Түүнээс гадна гудамж, зам дээрх өгсүүр болон уруу газарт халтиргаанаас хамгаалсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настанд зориулсан шат, шатны бариул зэрэг нь зайлшгүй байх ёстой. Иргэдийг эрүүл, аюулгүй амьдруулахад жижиг зүйлсийн өөрчлөлт ч чухал ач холбогдолтой.

ОЦОН ШУВУУ ШИГ АЛХАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ АЛХАЛТ ЮМ

Халтиргаанаас үүдэлтэй гэмтлээс сэргийлэхийн тулд иргэд “пингвин алхалт” буюу оцон шувуу шиг алхах нь хамгийн зөв болохыг Японы эрдэмтэд онцолсон байдаг. Өнөөгийн манай улсад энэхүү алхалт хамгийн оновчтой, эрүүл байх алхалт болоод байгаа юм. Ингэж алхаж сурахын тулд нэгдүгээрт, өвдгөө суллаж, гараа халааснаасаа гарган биеийн дагуу сул байрлуулна. Гар сул байх нь унахад гараараа тулж, түлхэж эрчийг сааруулснаар хүчтэй унах, бэртэж гэмтэхээс сэргийлэх юм. Хөлөө энгийн үеийнхээс хооронд нь ялимгүй салгаж, биеийн тэнцвэрээ олж авах явдал чухал. Хоёрдугаарт, цас болон мөсөн дээр гишгэхдээ биеийн тэнцвэрийг аль болох урд хөлөндөө авч алхана.

Мөн ердийнхөөс алхмаа ойртуулж, жижиг алхам хийж занших нь тустай. Хөлийн өлмийг ялимгүй гадагш чиглүүлсэн байх нь чухал. Хөлийн улыг бүтнээр нь газарт гишгэх шаардлагатай. Ингэснээр халтирах эрсдэл багасах юм. Улмаар яаралгүй, сандралгүй урагш алхана. Гуравдугаарт, хэрэв халтирч савж унавал эрүүгээ аль болох цээж рүүгээ нааж өгөөрэй. Ингэвэл толгойгоо газар савахаас сэргийлж, тархины гэмтлээс аврагдах юм. Мөн биеэ аль болох бөмбөг хэлбэрт оруулан хурааж, булчингуудаа суллаж өгвөл гэмтэх эрсдэл буурдаг. Унахдаа биеэ суллавал гэмтэх эрсдэл тэр хэрээр буурна. Мөн зузаан, дулаахан хувцас өмссөн бол жийргэвч болж гэмтэх эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • gylalzsan ,gyltganasan schalnuudaa boliooochee. Dotor ch gesen gadaach gesen chaltirchaas aidag. Suuliin 30 jil iim schal chiideg bolson odoo bolioochee. Chunee chairlachee

Онцлох мэдээ