...
...

ЗУЛ | Дамбын Баасанжав

ЭМГЭНЭЛ

Аав ээжийн хайртай хүү, Эх орны үнэнч хүү, найз нөхдийн халуун сэтгэлтэн, үр хүүхэд, ахан дүүс  бидний ноён нуруу,  хайрт аав  Монгол овогт Дамбын  Баасанжав  2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж тэнгэрийн оронд дэвшиж үр хүүхэд, ахан дүүс, хайртай дотны хүмүүс бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдлоо.

Хайрт аав маань 1949 оны 7 дугаар сарын 25 ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ар Шанд буюу Хонгоржийн хэмээх газарт ууган хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 1957 -1967 онд дунд сургуульд суралцаж 1967 онд Ардын  армийн 107 дугаар ангид цэргийн албаа хааж улмаар Ардын армийн жолооч ахлагчийн эгнээнд шилжин орж ажил амьдралын анхны гараагаа эхэлж байлаа. 

Улмаар 1967 -1974 он хүртэл  Ардын армийн 165 дугаар ангид жолооч ахлагчаар, 1974-1980 он хүртэл Иргэний хамгаалалтын харьяа Амгалангийн гал сөнөөх ангид жолооч ахлагчаар, 1980- 1988 он хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажилтан, жолооч, нярав, 1988 оноос 1997 онуудад Завхан Тосонцэнгэл сумын Эрчим хүчний газарт хот хоорондын тээврийн жолооч, 1997-2001 онуудад Улаанбатар хот Сатома ХХК-д аюулгүй байдал хариуцсан ажилтан , 2001 оноос 2009 онд Батлан хамгаалах яамны харьяа 089 дугаар ангид ажилтанаар, 2009-2017 оны хооронд Бүрэн-итгэмж ХХК-ны захиралаар ажиллаж байгаад 2012 онд гавьяаныхаа амралтанд гарч ах дүү, хань ижил, үр хүүхэд, ач зээ нарынхаа хамт өнөөдрийг хүртэл энх тун сайхан амьдарч байлаа.

Төлөв төвшин хийморлог аав минь 1976 онд бидний ээжтэй гэр бүл болж 5 сайхан хүүхэд төрүүлж, үр хүүхэд биднийг сайн хүн болгон төлөвшүүлж сайн сайхан амьдралын төлөө бүхнийгээ зориулсан хүндтэй сурган хүмүүжүүлэгч аав, ач гучийн хайртай өвөө, ахан дүүсийнхээ хүндтэй ах, анд найз нөхдийнхөө халуун түшиг болсон эгэлгүй нэгэн гавьяатан байлаа.

Хайрт аав маань Төр нийгэмд 40 жил үр бүтээлтэй тасралтгүй ажилласан хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Байгууллагын тэргүүний ажилтан, Байгууллагын аварга, Социалист хөдөлмөрийн гавшгайч 1,2-р тэмдэг, Таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 80, 90,100 жилийн ойн медалиуд, Монгол төрийн дээд шагнал Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.

Хайрт аав минь ачлалт сайхан эхийнхээ алтан хэвлийгээс төрсөн 18 хүүхдийн ууган хүү болж төрөн үр хүүхэд, ахан дүүс, ач гучийнхаа өмөг түшиг болж голч чиг шугам баримталсан, гол ноён нуруу тулгуур нь байлаа.

Хүний дээд болсон Аав таны  шулуун шударга зан чанар, хүнлэг энэрэнгүй  сэтгэл,  авьяаслаг хөдөлмөрч зан, ахан дүүс бидэндээ үлгэр дуурайл болсон холч ухаан, эцэг эх хань ижилдээ хоёргүй сэтгэлээр амьдарсан цаг хугацаа, өгөөмөр төрхтэй алиа зан, үргэлж инээмсэглэсэн гэгээн дүр тань   үр хүүхэд, ахан дүүс, найз нөхөд, ач гуч бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан оршисоор байх болно.

Хайрт аав минь та Эх Дэлхийнхээ ариун хөрс , Мөнх хөх тэнгэрийн орондоо мөнхөд  тайван нойрсдоо

Ум сайн амгалан болтугай.

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ