...
...

Жүдо: Д.Амартүвшин халз барилдаанд ялж, олимпийн эрхээ авлаа

Унгарт болсон ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын чансааг эцэслэн гаргасан. Эрэгтэй 60 кг–д манайд дэлхийн чансааны 21 дэх бөх, 2821 оноотой Д.Амартүвшин, дэлхийн чансааны 24 дэх бөх, 2608 оноотой  Л.Өнөболд нар бий. Монголын жүдо бөхийн холбооноос хоёр тамирчны хооронд "Токио 2020" зуны олимпийн наадамд эрэгтэйчүүдийн 60 кг жинд эх орноо төлөөлөн оролцох эрхийн төлөө сорилго барилдаан хийхээр шийджээ.

Дэлхийн аваргын мөнгөн медальт, хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны тамирчин, МУГТ Дашдаваагийн Амартүвшин, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин ОУХМ Лхагважамцын Өнөболд нар өалбан ёсоор жин үзүүлэхэд Гавьяат тамирчин Д.Амартүвшин 60,00 кг, ОУХМ Л.Өнөболд 59,85 кг-аар жиндээ амжилттай орлоо.

Ингээд хоёр бөх өглөө 10.00 цагаас халз барилдлаа. Уг нь хэн түрүүлж 2 ялсан нь шигшээд багтана гэж байсан ч ганц удаа барилдуулахаар шийджээ. Барилдааныг олимпын шүүгч Т.Энхцэцэг шүүн явууллаа.

Хоёр бөх хамт бэлтгэл хийдэг, барилдаанаас айн мэддэг тул дайрч мэх хийхээсээ илүү хамгаалж, оноо алдахгүйг хичээж байлаа. Олимпын эрх гэдэг маш хариуцлагатай барилдаан тул аргагүй биз ээ. Хашир Амраа өрсөлдөгчөө харж, мэх хийсээр үндсэн цагийг дуусгасан. Нэмэлт цагт Амраа 1 торгууль, Л.Өнөболд 2 торгуультай орлоо.

Нэмэлт цагт  ч оноо авсангүй их удсан. Т.Энхцэцэг шүүгч ч ийм хариуцлагатай барилдаанд торгуулиар хэн нэгнийг нь хасахыг хүссэнгүй. Барилдааны 18 дах минутад Амраа Л.Өнөболдыг түр зогсож, саатахад нь толгой ороож, авч шидээд вазари авсан. Барилдаан эхэлсэн байсан эсэх дээр шүүгч нар бичлэг удаан үзсэний эцэст Амраад вазари өгснөөр  Д.Амартүвшин 60 кг-ийн жинд Токиогийн олимпод эх орноо төлөөлөх эрхтэй боллоо.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ