...
...

Н.Түвшинбаярт даах аргагүй ачааг хэн үүрүүлэв

Бусдын амь насанд заналхийлсэн иргэн Н.Түвшинбаярыг өмгөөлж хамгаалах гээгүйг юуны өмнө дуулгая. Тэртээ тэргүй танхайрсан иргэн Монгол Улсын хууль, шүүхийн өмнө тохирох ял шийтгэлээ хүлээж таарна. Чухам яагаад ийм хэрэг өдүүлэх болсон эсэх тухай ч дурдахгүй. Тусгай байгууллага хянаж шалгаад учир шалтгааныг нь тодруулаад өгнө. Гагцхүү манай ихэс дээдэс тамирчныхаа мөр замыг хөөж яваа мөрөөрөө нэгэн залууг өөрийнхөө улс төрийн карьерт ашиглах замаар хэт өндөрт залсан нь ийм байдалд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Ерөөсөө манай ихэс дээдэс, улс төрд ийм жишиг бий. Алдартай дуучин, жүжигчин, эмч, инженер нарыг нэр хүндийг нь ашиглах замаар улс төрд татан оруулдаг, амьдралыг нь сүйтгэдэг, ажлыг нь алдуулдаг, аягүй бол шоронд илгээдэг жамтай л даа.

Н.Түвшинбаярын хувьд ард түмэн, төрийн энэ их хайр хишгийг дааж явах амаргүй л байсан байх. Гэтэл даах аргагүй их хайр хүндлэлд дараатай зогсоо залууд ахадсан ачаа нэмж өөрсдийнхөө карьерт ашиглаж байгааг л буруу гэх гэсэн хэрэг. Н.Түвшинбаяр бол хар багаасаа барилдаж хөлсөө урсгасан тамирчин болохоос биш улстөрч биш, дарга даамал ч биш. Тэр хөлснийхөө үнэ цэнээр “Аварга” дээд сургуулийн диплом өвөртөлсөн болохоос биш эрдмийн оройд өөрөө мацсан ч хүн биш болов уу. Манай алдартай тамирчдын замнал бүгд л ийм байдаг жишгийг дагасан нь түүний буруу биш. Татами дээр гараад өрсөлдөгчдийнхөө учрыг олчихдог байгалиас авч төрсөн авьяас чадалтай тамирчин ийм хэрэг өдүүлсэнд хаа хаанаа харамсаж, зарим нь жигшиж байгаа.

Юуны өмнө Олимпын хороог удирдах хэмжээний хүн биш шүү дээ. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Олимпын хороог Н.Түвшинбаяр удирдана гэж хэний толгойд багтаа вэ. Ямар хүмүүс дэмжсэн юм бол гэж гайхдаг. Монголын үндэсний олимпын хороо нь Олон улсын олимпын хартийг удирдлага болгож, олимпын хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий байгууллага. Олон улсын олимпын хорооны ивээл дор зохиогдох тив, бүс болон дэлхийн спортын олон төрөлт тэмцээнд Монгол улсыг төлөөлөх онцгой эрхийг Олимпын хартийн дагуу дангаар эдэлдэг ийм том байгууллага. Н.Түвшинбаяр олимпын алт, мөнгөн медальтай туршлага бүхий тамирчин болохоос биш олон улсын хэмжээнд Монгол Улсыг төлөөлөх дүр огт биш. Олон улсад барилдсан л хүн.

Нэгэн цагт бөхөөр амьдарч байсан “Женко” Х.Баттулга анх түүнийг дагуулан УИХ-ын сонгуульд өрсөлдөж байв. Өдгөөгийн Ерөнхийлөгч Монгол Улсын цуутай хүү Н.Түвшинбаяраар алдар хүндийн бамбай хийн анх улс төрд оруулж ирсэн нь үнэн. Алдар хүндийн их замыг нь засалцаж өгсөн Жүдогийн холбооны ерөнхийлөгчөө дагуулаад явна гэхэд хэн ч зөрөх билээ. Өөрөө энэ замыг сонгосон, хүссэн гэдэгт ч би эргэлздэг. Гэтэл ахадсан ачаан дээр нь Ерөнхий сайдын зөвлөх гээд дааж давах аргагүй том ачааг үүрүүлэв. Тэр Ерөнхий сайдад зөвлөх хэмжээний шалтгаан ч байхгүй. Энд биеийн тамир спортын орчин үеийн академик онолтой, түүнийг Монгол Улсын хөрсөн дээр буулгах хэмжээний боловсролтой сайн мэргэжилтэн зөвлөх байх ёстой. Биеийн тамир, спорт гэдэг өөрөө өргөн агуулгатай зүйл болохоос жудогийн татами дээр насаараа тулалдахаас өөр зүйлгүй нөхрийн хийх ажил биш гэдгийг хэн ч мэдмээр юм. Бүрэн улсын төрийн бодлогод тусгай баримт бичиг болж оршдог салбар. Тэгээд ч биеийн тамир өөрөө хэдхэн бөхийн асуудал биш, том бодлогын хүрээнд өрнөдөг бүх нийтийн үйлс.

Өдгөөгөөс 13 жилийн өмнө Бээжингийн олимпоос Монгол Улсад анхны алтан медаль авчирч байсан Н.Түвшинбаяр зодоон цохион болдог өдөр хүртэл алдар хүндийн оргил дээрээс буусангүй. Буух ч аргагүй, өндөр эрх мэдэлтнүүд дээр дээрээс нь алдар хүнд овоолсоор байгаад сөхөрч унаж байгааг бид харж байна.

Тэрээр анх 2002 онд өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн цагаас хойш спортын карьер нь тасралтгүй өсөж, 2008 онд Бээжингийн олимпоос алтан медаль хүртэн, алдар хүндийн оргилд нэгэнт гарсан хүн. Ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Гавьяат тамирчин цолоор тус тус шагнуулж төрийн өндөр дээд шагналыг нэг өдөр, нэг дороос бөөндсөн цор ганцхан тамирчин. Түүний алдар хүндийн замнал ингээд дуусаагүй. 2012 оны олимпоос мөнгөн медаль авч эгнэшгүй хүчтэн гэдгээ харуулан Монголын анхны хос медальтан болсон. Ард түмний хүндлэл хайр ч цаг наргүй бударч байсан даа. Ийм л иртэй уртай насан дээр нь буюу 2017 онд шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүн зэргийн Чингис хааны одонгоор шагнасан юм. Үүнээс гадна олимпын алт, мөнгөн медальтанд төрөөс олгодог сар бүрийн найм шахам сая төгрөгийн хангамж гээд энэ хүнд тамирчныхаа замналаар явахад ямар ч саадгүй байлаа. Өнөөдөр Монгол Улсад сарын дундаж цалин нэг сая төгрөгт ч хүрээгүй байхад найман сая төгрөгийн урамшуулал төрөөс авдаг хүн. Гэхдээ энэ бүгд бол яах аргагүй өөрийнхөө авьяас чадвараар олж авсан хайр хишиг.

Нэгэн биенд багтаж даахгүй төрийн ийм өндөр хишиг, ард түмний аугаа их хайр хүндлэл гээд дааж давах аргагүй ачаанд дараатай байсан тамирчин залууг нэмж ачаагаар дарах хэрэггүй байв. Харин өөртөө байгаа ачааг дааж амьдраасай гэж залбирах байлаа. Дахин хэлэхэд иргэн Н.Түвшинбаярыг өмгөөлөөгүй шүү. Ихэс дээдэс, улстөрчид маань бусдын нэр хүндээр сонгууль хийж, тэднийг хорлохоо болих хэрэгтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Хоорхийдоо эцэг эх хоероо насных нь богсонд ингэж гомдоож монголын ард тумний нуурийг харж чадахгуй болгох ч гэж дээ Тувшинбар минь. Аав ээж 2- ыг чинь хумуус хараад аваргын аав ээж 2 явж бна ямар гое юм бэ гэдэг байсан бол одоо юу гэж хэлэхийг чи оороо бодож олоорой. Эцэг эх хунд 1-л олддог юм мон ч их баярлуулаад даан ч их гомдоолоодоо. Багын найзаа балбана гэдэг чиньюу гэсэн уг вэ 100 эрхэмд орж байхдаа чи архи уудаг гэхэд чинь талийгч зохиолч маань чамд болохгуй гэж хэлж л бсан даа оорооунасан хуухэд уйлдаггуй гэж. Ер нь манай энэ бохийн гэх тодотголтой их дээд сургуулиуд биеийн бяр суулгахаас гадна оюуны бяр суулгаж баймаар юм юу гэвэл сурган хумуужуулэх ухааны хичээлийг оруулж амжилт гаргасан уедээ юуг эрхэмлэж байх вэ олон нийттэй яаж харьцах талаар зааж огч байх хэрэгтэй. Ер нь хун болж толовших хумуужлийн 90% ийг хуухэд насандаа олж авдаг гэж бгаа шуу. Ингээд л бичихээр ээаав 2 нь нудэнд харагдаад байх юм хоорхийс.

  • Хайран сайхан залуу юу тохиолдчвоо,нөгөө залуу амьдарчаасай.Муухай хар ус

  • UNEN ' gj Uuniig l xelne ,,

Онцлох мэдээ