...
...

Л.Цагаандалай: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай

ТВ-8 телевизийн “100 асуулт” нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, морьтны соёл судлаач, сэтгүүлч Л.Цагаандалай оролцлоо.


-Сайхан өвөлжиж байна уу. Та аль аймгийн хүн билээ. Танай нутагт хурдан буян олон шүү дээ?

-Дорноговь аймгийн Өргөн сум гэж сайхан говь нутагт төрж өссөн. Малчны гэрт өссөн 1960-аад оны хүүхдүүдийн нэг. Дорноговь аймаг Тайж, Банди адууны угшилтай. Зүүн талдаа Сүхбаатарын хурдуудтай хил залгаа буюу хоёр хошууны нутагт оршдог. Адуу мал сайтай. Дөрвөн цагийн эргэлтэд дөрөөн дээрээ уудам говийг туулж, хүн хүлэг хоёр нь бяр хат суудаг хязгаар нутагт өслөө.

-Та яагаад сэтгүүлч болсон бэ?

-Балчир багаасаа “Өглөөний мэнд” нэвтрүүлэг, жаахан томроод уран зохиолд дуртай болж, Монголын радиог байнга сонсдог байсан. Бичиг үсэг сураад ном их уншдаг боллоо. Олон зохиолч, сэтгүүлчдийн ном, зохиолыг уншиж өссөн. Яагаад ч юм урлаг, уран зохиол, бичихэд хэзээний л дурласан. Наймдугаар анги төгсөөд хөдөө илгээлтээр гарч малчин болно гэж байсан ч 1978 онд нэг ч хүүхдийг илгээлтээр аваагүй. Тиймээс багш болсон. Цэрэгт яваад буцаад МУБИС-даа багшлаад, 1990 оны эхээр мэдээллийн МОНЦАМЭ агентлагт оюутан сурвалжлагчаар орж, оюутан байхдаа хичээлдээ сууна, ажлаа хийнэ. Ингэж анх сэтгүүл зүйн тогоонд орсон. Тэр байгууллагад анх орж ажиллахдаа мэдээ гэдгийг ахмад, туршлагатай айхтар мундаг сэтгүүлчдээр заалгаж бичиж сурсан. Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл бэлтгэж өгдөг МОНЦАМЭ агентлагийн үе үеийн алдарт тоймч, сэтгүүлчидтэй хамт ажлын гараагаа эхэлж байсан. Тав, зургаан жил ажиллаад 1996 оны есдүгээр сард Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” агентлагт орж, агентлагийн нэрийг нь анх өгсөн багт орж ажиллаж байлаа.

-Одоо та хаана ажиллаж байна вэ?

-МNB спорт сувгийнхаа Ерөнхий редакторыг хийж байна. 1967 онд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз байгуулагдаад анхны туршилтын эфирээр 1967 оныхоо улсын баяр наадмыг шууд дамжуулсан байдаг. Тэгэхээр Монголд телевиз байгуулагдахдаа спортын нэвтрүүлгээр эхэлсэн гэж болно. Тиймээс ч тэр спортын бодлогыг манай телевиз анхаарлын гадна орхиж байгаагүй. Спортын алба, залуучууд-спортын редакц, эрүүл мэнд-спортын редакц, “Чандмань” студи гэж байгуулагдсан. “Чандмань” студийн суурин дээр бие даасан спортын сувгийг Рио Де Жанериогийн олимпын үеэр байгуулж байлаа. 2017 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Би бага ангийн болон түүхийн багш мэргэжилтэй л дээ. Миний хань монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, одоо МУБИС-д ажиллаж байгаа. Хэл шинжлэлийн ухааны доктор хүн байдаг. Бид хоёулаа МУБИС төгссөн. Манайх хоёр охин, нэг хүүтэй. Нэг охин эмч, нэг охин эдийн засагч, тамирчин.

-Та сэтгүүл зүйн салбарт олон жил ажиллахдаа спортыг их сонирхож байжээ. Тэр дундаа морин спортыг яагаад сонирхох болсон бэ?

-Миний аав алдарт уяач, улсын аварга хүн байсан. Уяач хүний хүүхэд учраас морь уядаг. Сур харваж ч сурсан. Олон жил сур харваж байгаад 1992 онд МОНЦАМЭ агентлагт орох үед өдөр тутмын болон шар сонинууд эд гарч байсан үе. Ингээд хурдан морины тухай сонин гаргахаар шийдэж, мэдээллээ уншиж судлаад, морины тухай бичдэг сэтгүүлчидтэй уулзсан. “Түмний эх” гэдэг найман нүүр сонин гаргасан. Харамсалтай нь сониноо борлуулж чадаагүй нэг л дугаар гарсан. Тэгээд бэлэглээд дууссан даа. 1992 оны цагаан сарын өмнө сониноо гаргаж байсан. Тэр үед хэвлэлийн үйлдвэр ховор ганцхан “Өнгөт хэвлэл” гээд үйлдвэрт оочер, саатал ихтэй байлаа. МОНЦАМЭ агентлагт байхдаа ч морины тухай болон спортын мэдээ, нийтлэл бичдэг. Дуртай юмаа хүн хаана ч хэзээ ч хийдэг байлаа.

-Саяхан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаад хойшилчихлоо. Тус хуулийн болон нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа зорилго, мөн чанар юу юм бол?

-Уяачид морио уралдуулах гэсэн чинь морийг нь хасчихлаа, шинэ цагийн адуу орж ирлээ гэх зарим маргааны шалтгааныг ярихын тулд үгнийхээ язгуур утга руу орох хэрэгтэй байгаа юм. Шинэ цагийн монгол адуу уралдахаар морьтны соёл байхгүй болчихлоо гээд ярьж байна. Үүнд, морьтны соёл гэж юу вэ гэдгийг эхлээд тодорхойлно. Хэрвээ морин уралдаан л юм бол тэр өөрөө соёл. Үүнээс биш соёл нь тусдаа, уралдаан нь тусдаа байна гэж байхгүй. Тэр чинь ямар нэг үйлдэл хийгээд нэг юмыг бүтээж байна. Бүтээсэн юм нь хүнд хэрэгтэй байна. Тиймээс соёл гэсэн үг. Нэхий элдэх соёл, дээл хийх соёл гэж байна. Тэгвэл спорт олон төрөлтэй. Тулааны спорт гэхэд барилдаж, хэн хэнийхээ хүч, овсгоо самбааг шалгана. Өөрийн биеэр гүйцэтгэж хийх гүйж харайх спортууд ч байна. Нөгөө талаар хэрэглэгдэхүүнтэй спортууд байна. Юм дандаа хөгжиж байх ёстой учраас спортын хувцас, хэрэглэгдэхүүн ч сайжирч ирдэг. Харин хурдан морь бол хэрэглэгдэхүүн. Түүнийгээ сайжруулж ирсэн. Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай. Адууг унаж эдлэх, шуудан харилцаа, ачаа тээвэр гээд долоо, найман төрлөөр ашигладаг гэдгийг судлаачид гаргаж ирсэн. Улмаар адууны гол үүрэг нь уралдах болж хувьссан. Монголчуудын хувьд энэ үүрэг зугуухнаар орж ирсэн. Дэлхий дахинд улс орнууд орчин үеийн морин спортод зориулсан адууг бий болгосон. Үүнтэй зэрэгцээд шахуу 300 жилийн өмнө монгол адуугаа хурдны чиглэлээр өсгөж, үржүүлэх хурдан адуу бий болгох, монгол уяач, малчин адууныхаа үүлдэр угсааг байнга сайжруулж ирсэн. Орон нутагтаа болон өөр аймаг, хошуунаас ч сайжруулж ирсэн. Ийнхүү хөгжлөө дагаж явсаар гадаадад бий болгосон сайн үүлдрийн адуугаар адуугаа сайжруулах болсон.

-Жишээлбэл?

-1940 оны эхээр Тал булгийн “Морин завод”-ыг байгуулж маршал Х.Чойбалсангийн заавраар ЗХУ-аас цэвэр үүлдрийн адуу авчраад манай гал шарын удмын хурдны нутгийнхаа гүү малаар сэлбээд өнөөдрийн морин тойруулга адуу, шинэ жаргалант адуу гэж судлаачдын үзэж байгаа адуунууд бий болж, улсын наадамд давамгайлж уралдаж ирсний жишээ бол алдарт Амгалан төрийн ажнай шарга адуу шүү дээ. Тэдгээр адуунаас морин тойруулга, Засгийн газрын бодлогоор аймгуудын батлан хамгаалах нийгэмлэгүүдэд азарга адуунууд өгч байжээ. Тэгэхээр хурдан адууны эрлийзжүүлгийн ажил тодорхой хүрээнд байсан боловч тасралтгүй буюу ардын хувьсгалаас өмнө ч, дараа нь ч явж л байсан. 1990 он гараад Монгол Улс зах зээлийн чөлөөт харилцаанд шилжиж, олон тулгуурт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж, бэл бэнчинтэй болж чөмөг суусан бизнес эрхлэгчид гадаадаас цэвэр үүлдрийн адуу оруулж ирж үржүүлэг хийж эхэлсэн. Үүний үр дүнд тодорхой нөхцөлд тодорхой бүс нутгийн уяачид дунд ийм маргаан гараад байгаа юм. 2013 онд улсын наадамд шинэ цагийн адуунууд давамгайлж эхэлсэн. 2005 онд болсон Өндөр гэгээний наадмаас эхлээд томоохон бүсийн наадамд, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлахад нь бэлэглэсэн бор азарганы төл Төрийн бор үрээ улсын наадамд уралдаад эхэлсэн. Энэ үед буюу 2010 оны эхээр уяачид орон нутгаас санал хэлж эхэлсэн. “Энэ арай хурдан байна. Салгаад уралдуулбал яасан юм бэ” гэж уяачид саналаа гаргасан. Уяачдын холбоо тэр үед орон нутгийн салбаруудаасаа санал аваад холбооны тэргүүлэгчдийн шийдвэр гарах гэж хэсэг хугацаа өнгөрч, олон нийтийн эрх ашгийн үүднээс 2013 онд ялгаж уралдаад тодорхой хэмжээнд үржүүлгээ манай уяачид хийг, гарааны ижил нөхцөл олгоё гэж уяачдын холбоо өөрсдөө санаачлаад шийдэж, ажил болгосон. Гэтэл олон үржлийн адуу тал талд гараад ирдэг. Үүний улмаас сүүлдээ хооронд нь ялгаж чадахаа больсон. Эхний үед хэн ч харсан хэний адуу гэдгийг ялгаж мэддэг байсан бол сүүлдээ нэг, хоёр, гуравдугаар үе болоод ирэхээр нүдээр хараад ялгахын аргагүй болоод ирсэн. Үүнээс л маргааны эхлэл гарсан. Тиймээс уяачдын холбоо 2019 оны их хурлаар 700 гаруй төлөөлөгчөө суулгаж байгаад ялгах уу, нийлүүлэх үү гэдгийг хэлэлцээд ялгахаар болсон. Яаж ялгах вэ гэдэгт маш олон хувилбар гарч ирсэн. Дэл сүүлээр ялгана. Адууны өндрийг хэмжинэ гээд 10 гаруй хувилбар гарч, тэр дотроос эхний ээлжид сэврээний өндрийг барихаас өөр гарц алга гэсэн шийдвэр гарсан. Энэ тухайд хуульд өөрчлөлт оруулж байгаа юм байна. Монгол уяачид хоцорсондоо гомддоггүй. Харин уралдаж чадсангүй гэдэг гомдолтой хөдөө, орон нутагт явж байхдаа бишгүйтэй таарна.

-Та дүгнээд нэг хэлбэл?

-Энэ бол миний бодлоор сорилт юм даа. Би морины нэвтрүүлэг хийж, уяачдын холбооны бодлого тодорхойлох ажилд заримдаа оролцож тодорхой хэмжээнд ачааг нь таталцаж яваа хүний хувьд энэ бүхнийг уяачдын өмнө тулгарч байгаа сорилт гэж хардаг. Үүнээс биш Монголын уяачид хагарч, эв тангараг тасраад байгаа юм биш, шийдэх хангалттай боломж байна. Адуугаа сайжруулж, хурдан, сайн адуутай болох юмсан гэж уяач болгон л боддог. Монгол адуугаа уяж байх тохиолдолд ч гэсэн аль болохоор адуугаа сайжруулах гэдэг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн үзэл санаанд уяачдын холбооноос гадна бөхийн холбоо, сур, шагайн холбооныхон ч саналаа оруулж байгаа. Өөр үзэл бодолтой хүмүүс ч байгаа учраас энэ маргааныг нэг талд нь гаргах ёстой. Одоогийн байдлаар сэрвээний өндрөөр хэмжихээс өөр гарц алга. Мэдээж сэрвээний өндрөөр хэмжихэд сайн технологи хэрэгтэй. Тэрийг дэлхий бидэнд бүтээгээд өгсөн байж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшил байна. Үүнийг гүйцэд ашиглах дээрээ л анхаарах ёстой. Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдсан явдал бол Монголын ард түмний хувьд, уяач, бөхчүүдийн хувьд гээд түүхэн үйл явдал болсон. Энэ хууль гарснаараа жирийн уяачид баяр наадамдаа оролцоод бай шагналаа л аваад явдаг байсныг Монгол Улсын Төрийн тэргүүн зарлигаа гаргаж алдар цолыг нь өгч, уяачдын хөдөлмөрийг бодитоор үнэлж, түүнийг дагаад нийгмийн бүхий л давхаргыг хамарсан уяачид бий болж байна. Сэхээтнүүд, бизнесмэнүүд морь уяж байна л гэдэг. Монгол хүн морио л уяж байна шүү дээ. Өв уламжлал, түүх соёлоо дээдэлж байна. Үүнээс биш бүгдээрээ цол аваад, бүгдээрээ мориор алдаршаад байя гэж бодохгүй. Дуртай юмаа хийж байна. Өөр юманд мөнгөө зарцуулахгүй байна. Монголдоо зарцуулж байна. Тэгэхээр үүний ач холбогдлыг үндэснийх нь хэмжээгээр харж шийдвэрээ гаргах байхаа гэж бодож байна.

-Монгол адуу гэж ямар адууг хэлээд байна вэ?

-Яруу найрагт “Намхан чийрэг морьдоороо дэлхийн талыг эзэлж” гээд бичсэн байдаг. Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай, хангайтай, талтай, уултай, говьтой нутаг. Монгол адуу дор хаяж байгалийн дөрвөн бүсээсээ шалтгаалж хэлбэр хийцийн хувьд, үүлдрийн хувьд өөр өөр. Манай уяачдын ярьдгаар хангай газрын унаганы шилбэ урт гардаг. Ямар ч морины шилбэ унага байхдаа ямар байсан түүгээрээ л байдаг. Тал газрын адууны далны шөнтгөр яс урагшаа хөгжилтэй болдог. Үүгээрээ туулах чадвар нь өөр. Өндөр газар өөд өгсөж зогсож байгаад иддэг хангайн адууных шулуун хөгжсөн байдаг. Хөгжилд нь, нутаг усанд нь тохируулж адуугаа өсгөдөг. Энэ бүхнийг малчид бүгдээрээ мэднэ. Гагцхүү үүнийг энгийн түвшинд яаж ойлгуулах вэ гэдэг байна. Эдгээр бүх бодол, туршлагыг шинжлэх ухааны судалгааны түвшинд авч үзэх ёстой. Монголын хурдан морины уралдааны хөгжлийн түвшинг сүүлийн 10 жилд ямар байгаа хүрээнд авч үзэх биш үндэсний хэмжээнд хэрхэн хөгжиж байна вэ гэдэг үндэслэлээр авч үзэх ёстой. Монгол адуу том ч байсан. 1940 оны эх орны дайны үед фронтод бэлгэнд явсан адууг Малиновский гэж малын эмчийн удирдлага дор хүргэж нэршсэн. Биднийг багад сэрвээгээр нь хэмжиж адууг шилдэг л байсан. Монгол сайхан адуу байгаа учраас л өнөө шинэ цагийн цэвэр үүлдрийн адуунууд ч монгол адуунаас ялгарахаа байчхаад байна. Энгийн нүдээр хараад монгол адуу, сүүлийн үеийн шинэ цагийн адуу ялгарахаа байсан. Тухайн цагийнхаа байгаль, цаг уур, өвс ургамалд тохирсон адуунууд Монголд эртнээсээ байсаар ч ирсэн. Энэ бүхнийг судлах хэрэгтэй. Эдгээр асуудлаар хувийнхаа санал бодлыг уралдуулахдаа нэгэн рүүгээ дайрахгүй, ултай суурьтай байх ёстой. Адууныхаа дэргэд уяан дээрээ монгол уяачид эвтэй, найртай байдгаа санах хэрэгтэй.

-Дэлхийн бусад оронд морин тойруулгад бооцоотой уралдаан болдог. Монголоос адуугаа оролцуулаад эхний байруудад уралддаг байсан. Манай улсад ч морин тойруулга байжээ. Гэтэл яагаад морин тойруулга, морин завод гэдэг зүйл байхгүй болчихсон юм бэ. Байлгаж болдоггүй юм уу?

-1930 онд морин тойруулгийн эхлэл тавигдсан юм билээ. Манай үндэсний спорт холын зайн морин уралдаан. Дэлхийд бизнес, бооцоот тоглоом шахуу болоод байгаа богино зайн морин тойруулгийн уралдаан гэж байна. Морины өөр олон гоё уралдаанууд харайдаг, бүжиглэдэг, уран явдаг гээд сонгомол уралдаанууд байна. Монголд Казиногийн тухай хууль батлагдаагүй учраас морин тойруулга бол мөрийтэй тоглоомд орно. Тиймээс хараахан энэ төрлийн уралдаан болох боломжгүй.

-Морь дагасан соёл, морьтны соёл гэж сайхан зүйл байна. Жишээлбэл, жороо морь гэж байна. Морь дагасан олон соёл байх шиг?

-Морьтны соёлыг өвөрлөгч ахан дүүс маань хатуу соёл гэж яриад байгаа. Морин уралдаан гэж спорт байгаа нь л өөрөө соёл гэж дахин хэлье. Үүлдэр угсааг нь сайжруулсан адуу уралдахаар соёл устана гэж байхгүй шүү дээ. Эрлийз адуу уралдаад морьтны соёл байхгүй болохгүй. Би 20 жил морь малтай холбогдож явлаа. Уяачдынхаа тухай нэвтрүүлэг хийгээд 1990 оноос хойшхи байдлыг ажиглаад байхад нүүдэлчдийн ахуй руу нөлөөлж эхэлж байна. Нэг айл нэг төрлийн мал малладаг байснаа хувьчлагдаж зах зээлийн нийгэмд ороод таван төрлийн мал малладаг болсон үе байна. Малчдын ажил нэмэгдэхэд хурдан унаа хэрэгтэй болж байна. Сумын төв орох хэрэгцээ ч их бий. Тиймээс техник хэрэглэхгүй гээд яах билээ. Мал хувьчлагдсаны сайхан үр дүн бол энэ. Малчид өөрийн гэсэн орлоготой болж, цэвэрхэн тохитой сууж байна. Үүнийгээ дагаж морио унах, эдлэх юм маань байхгүй болж эхэлж байгаа юм. Зүс ижилссэн морь унаж гоёх гэх мэт адууг дагасан соёлууд байна. Морио унахаа больчихоор монгол хүний үндсэн хөдөлгөөнүүд алдагдана. Гэхдээ сүүлийн жилүүдэд наадам үзэхээр морьтой хүмүүс их харагддаг болсон. Уралдаан төвтэй байхаасаа болиод морьтны өв соёл гээд наадам болгоё, бодлогоо тэлье гэдэгт ажлууд хийж байна. Эрлийз, монгол морь гэж ярихаас илүү жороо морьтон шалгаруулах, дэмбээдэх гээд соёлоо авч үлдэх ёстой. Морь унаж хөдөлгөөнтэй байх ёстой. Морьтны соёл гэж өргөн утгаар нь авч үзэж, Орос, Хятадаас өөр байх ёстой. Өөр байх юм чинь нүүдэлчдийн соёл, түүний оргил болсон морьтны соёл юм. Хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхгүй гээд яах билээ. Гэхдээ одоо л бид энэ соёлоо авч үлдэхгүй бол хамгийн осолтой юм болно шүү дээ. Үүнээс биш зөвхөн тийм морь уралдуулна, ийм морь уралдуулахгүй гэж ярихад морьтны соёл байхгүй болж байна гэсэн үг биш.

-Монгол морины хоёр холбоо байна уу даа. Үзэл санаа нь зөрчилддөг болоод хоёр холбоотой байдаг юм болов уу. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?

-Монголын морин спорт уяачдын холбоо уяачдын эрх ашгаа хамгаалж, хурдан мориныхоо уралдааныг цэгцтэй болгоё гэж 1995 онд л байгуулагдсан. Нэр бүхий таван хүн отрын бор гэрт байгуулсан байдаг. Уг холбоог нийгэм тэр чигээрээ дэмжиж ажлуудаа идэвхийлэн явуулсан. Бодлогын ажлуудын үр дүнд уяачийн нэр хүнд, хурдан морины үнэлгээ, уралдаан наадмын үнэлгээ гээд бүх л юм урд байгаагүйгээр хөгжин дэвшлээ. Ямар нэг тоглоом тоглох хүртэл дүрэмтэй байдгийн адил спорт наадам ч гэсэн өөрийн дүрэмтэй. Олонхоо дагах ёстой. Сүүлийн үед л Монголын нийгэмд олонхи шийдвэр гаргахад цөөнх болсон нь ямар нэг төрийн бус байгууллага, холбоо байгуулдаг. Манай уяачдын хувьд энэ асуудал нэг их удахгүй шийдэгдэнэ. Монголын уяачид хагаралдаад байгаа юм биш. Үзэл бодлоо илэрхийлж байгааг нь хүндэтгэнэ. Уралдаан болдгоороо л болно. Нийгэмд тулгамдаад байгаа их санаа зовох асуудал энэ биш.

-Ингэхэд сэрвээний өндрөөр хэмжиж уралдахыг хэзээнээс санаачилсан юм бэ?

-Зүгээр ч нэг сэрвээний өндрөөр хэмжиж уралдана гээгүй. Тухайн үед Монголын морин спорт уяачдын холбоо болон ХХААХҮЯ, Мал эмнэлгийн хүрээлэн гээд мэргэжлийн байгууллагууд хамтраад Монголын хурдан морины стандартыг бий болгосон. Төр, Засгийн байгууллагын оролцсон Монголын хурдан морины уралдааны үндсэн стандарт дээр суурилсан гэсэн үг. Гагцхүү боломжгүй байгаа үүлдвэрлэг байдлыг оруулахгүй байя л гэсэн.

-Үүлдвэрлэг байдал гэдгийг тодруулбал?

-Гадаад дүр төрх байдал юм. Гаднаас нь хараад эрлийз, монгол адууг ялгадаг боловч ихэнх тохиолдолд ялгагдахаа байчхаад байна. Хурдан уралдаж байгаагаар нь, тамга тэмдгээр нь ялгах гээд олны ярьдаг шинжүүд бий. Гэхдээ эдгээрээр ялгахад зардал чирэгдэл ихтэй, хэсэгтэй боломжгүй зүйлсүүд байна. Бид харамсалтай нь үндсэн монгол адуугаа олон улсын стандартаар яг баталгаажуулж амжаагүй. Үүнд, спортод зориулсан адууг ярьж байгаа болохоос биш Монголын бүх адууг өөрчлөх тухай яриагүй. Саалийн адуу, уналганы адуу гээд олон адуу бий шүү дээ.

-Адуу гэлтгүй малын цус ойртох тусмаа жаахан давжаардаг тал бий юү?

-2019 оноос өмнөх хурдан морины уралдааны цувааг ялангуяа азарга, их насыг хараарай. Ингэхэд сүүлийн бараг 10 жилд монгол гэж үзэж байгаа азарга түрүүллээ. Тэгэхээр “Монгол адуу муу байгаа юм уу. Яагаад монгол адууг муу гээд байгаа юм. Яагаад хоцорно гэж үзээд байгаа юм. Хэн тийм дүгнэлт гаргасан юм” гэж би асуумаар санагддаг. Өвөг дээдсийн маань бий болгож өгсөн энэ сайхан хурдан буянгууд сайн хэвээрээ байгаа. Ер нь эвлэрлийн бодлого дээр л бид нэгдэх ёстой. Бид адуугаараа дэлхийд долдугаарт ордог. Бид дэлхийд байхгүй өвөрмөц морьтны соёлтой боловч дэлхий морьтны соёлгүй гэсэн үг биш. Монголын холын зайн морин уралдаан бол өвөрмөц соёлын оргил хэсэг нь. Орчин цагийн монгол адуу гараад ирэхээр энэ адуугаар хаана уралдах юм бэ гэж зарим хүмүүс ярьж байна. Дэлхийн уралдаан болохыг үгүйсгэхгүй шүү дээ. 26-27 км зайнаас уралддаг тэвчээрийн уралдаан бол Монголын холын зайн морин уралдаан юм. Монголын энэ уралдаанаар дэлхий уралддаг болохыг үгүйсгэхгүй байна.

-Хурдан морины унаач хүүхдүүдийн тухайд та ямар бодолтой байдаг вэ?

-Монгол хүн бий болох, монгол хүн төлөвших нэг үндсэн зүйл бол энэ. Бие бялдрын хувьд чийрэгжихийн зэрэгцээ оюун санаа төлөвшдөг. Нэг түүх ярихад, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуай, М.Ганзориг гуай хоёр бусад нөхдийн хамт нислэгийн удирдах төвд жингүйдлийн нөхцөл дэх хамгийн хүнд дасгалыг хийхдээ бусдаасаа илт чийрэг, хатуужилтай байсан байгаа юм. Үүний шалтгааныг Монголын талынхан хоорондоо ярихдаа морь унадаг байсных нь ач гавьяа гэжээ. Тэнцвэрийн аппарат гэдгийн чухлыг эрдэмтэд ч ярьдаг. Жаахан хүүхдээ өхөөрдөөд морин дээр мордуулаад авахад хүртэл хүүхдийн тархинд тэнцвэрийн мэдээлэл шууд суудаг ч гэдэг. Тэгэхээр монгол хүүхэд морь унаж өссөнөөрөө маш их төлөвшил, эрүүл мэндийг олж авдаг. Тиймээс одоо энэ Улаанбаатарын хүүхдүүдийг морь унаж сургамаар байгаа юм. Хурдан морь унадаггүй юм аа гэхэд зүгээр морио унаад сурчих ёстой. Бид нүүдэлчдийн болон суурин иргэншлээр амьдарч байна. Заримдаа ч хослуулан амьдарч байна. Гэтэл өнөөдөр суурин иргэншилд өссөн ялангуяа 1990 оноос хойшхи хэд хэдэн үе өсөж өндийлөө. Энэ дотор морины талаар ойлголт багатай нь морь унахаас айдаг зүйл ч харагдаж байна.

-Сүүлийн жилүүдэд унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг нэлээд анхаардаг боллоо?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд хамгааллын төрийн болон төрийн бус байгууллагууд байна. Тэдгээртэй Монголын морин спорт уяачдын холбоо хамтраад хурдан морины унаач хүүхдүүдэд морь уралдах стандарт бий болгосон. Хурдан морины хүүхдийн хамгааллын асуудал бол хурдан морины уралдааны язгуур үнэт зүйл юм. Яагаад гэвэл хүүхдийг нь морь унуулъя гэж уяач ээж, ааваас нь асуухад ээж, аав зөвшөөрсөн ч “хүүхдээс өөрөөс нь асуу” гэдэг. Хүүхдээс асуухад хүүхэд жаахан л дургүй байвал хүүхдийг морь унуулдаггүй. Энэ бол хүүхдийн эрхийг хамгийн дээр тавьж байна гэсэн үг. Хүүхдээс өөрөөс нь асууж байна. Үүнээс биш хүүхдээс асуулгүй хүчээр морь унуулдаг зүйл байхгүй. Хүүхэд дургүй морио унадаггүй. Бүр өөрийнхөө уяанд нь дургүй морь байвал унадаггүй. Сайхан наадав уу гэж асуухад “Хүүхэд, морь эсэн мэнд сайхан наадлаа” гэж хариулдаг. Хүүхдийн аюулгүй байдалд гараанаас гараад ирэн иртэл нь санаа тавьдаг. Бурхан шашинтайгаа холбоод сан, сэржим юу л байна бүгдийг хүүхдэд зориулж уншуулна. Монголчууд унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгийн их дээдэлдэг. Системтэй сургалт байдаг. Эхлээд аав нь малаас ирэхдээ морин дээр хүүхдийг тавиад авна. Ингэж айдсыг нь үргээнэ. Дараа нь таарсан эмээл төхөөрч өгөөд, аав нь мориндоо мордуулаад хөтлөөд явна. Гараа, жолоогоо зөв барих зэргийг зааж өгнө. Ингээд бие даагаад ирэнгүүт нь ойрхон хурга, тугалын бэлчээрт явуулна. Бусдын хараа хяналт дор морь унаж сурах үйл явцыг монголчууд хүүхдүүддээ системтэй олгодог. Тэр болгон хүүхдээр морь унуулахгүй. Олон хүүхэд морь унаад сурчихлаа. Тэр дотроос хамгийн авхаалжтай, сэргэлэн хүүхдийг сонгож унуулна. Ийм системтэй сургалт гэдгийг монголчууд, ялангуяа залуу үеийнхэн маань ойлгож, энэ системээр явахын төлөө асуудалд ул суурьтай хандах нь зүйтэй санагддаг.

-Таны бодлоор хаврын морин уралдааныг уралдуулах ёстой юу?

-Монгол орны газарзүйн байрлалыг харахад төв болон зүүн тийш, говьд хаврын урь ороод цагаан сар болоход нэмэх хэм рүү орчихдог. Тэгвэл Увсын Тэс, Ховдын Алтайн нуруу, Хөвсгөлийн тайгад хүйтний эрч чангардаг. Тэнд бол хавар морь уралдуулж байгаагүй. Байгаль, цаг уурын хувьд тал нутгийн монголчууд хавар цагаан сараараа морио уралдуулчихдаг байсан. Мэдээж монгол хүн нүдгүй цасан шуурга шуурч байхад морь уралдуулна гэж байхгүй шүү дээ. Хаврын морин уралдааныг хийснээрээ олон ажлын байр бий болно. Хурдан морь унах чинь үйлдвэрлэл болчихлоо. Тэрийг дагаад ажлын байр бий болчихлоо. Өнөөдөр нэг залуу портер дээр хоёр морио ачаад унаач хүүхдээ аваад нэг сумаас нөгөө сум руу явлаа. Шатахуун түгээх станцаас бензин авлаа, дэлгүүрээс замын хүнс авлаа, цайны газарт орлоо гэхээр тэр сумын хэд хэдэн газарт орлого оруулж байгаа юм. Тэгэхээр энэ морин уралдаантай холбогдох хадлан тэжээл, үйлдвэрлэл, хашаа, ус унд тэр бүхэнд ажлын байр бий болоод байгаа юм. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй явагддаг мал аж ахуйн нэг үйлдвэрлэл болж байна гэсэн үг. Хаврын уралдаан байхгүй болчихвол хүмүүс морь малаа байнга тэжээхээ байна, хот газар бараадна. Ингэхээр ажилгүйдэл нэмэгдэнэ. Уяачдын холбооноос судалгаа хийхэд зөвхөн Өлзийт хорооллыг авч үзэхэд олон мянган ажлын байр морин уралдаантай холбоотой бий болсон байсан. Морин уралдаануудыг тасралтгүй зохион байгуулснаараа эдийн засгийн олон салбарыг тэтгэж, ажил хийж байгаа хүмүүсээ дэмжиж байгаа юм. Үндэсний хэмжээний зүйл учраас хаврын уралдаан байх хэрэгтэй. Хуультай, дүрэмтэй уралдаан. Жишээлбэл, хасах 18 хэмээс дээш нөхцөлд уралдаан хийдэггүй шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ