Монголын эдийн засагт Оюутолгой төслийн нөлөө их. Гэхдээ уг нөлөөллийг хэт хөөсрүүлэн харах, ярихаасаа өмнө тооцоо судалгаа харвал зүгээр болов уу. Монгол Улсын энэ оны төсөвт зэсийн экспортоос 1.5 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон. 2020 онд "тэглэсэн" Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт дүн үүний 2\3 -той дүйнэ гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх.
Цаашид Далд уурхайн олборлолт эхэлсэн тохиолдолд Оюутолгой төслийг дагасан мөнгөний эргэлт өсөх нь ойлгомжтой.
Нэг зүйлийг тодотгоход Монгол Улсын нийт гадаад өрийн 1/3 буюу 10 гаруй тэрбум ам.доллар нь Оюутолгойн хөрөнгө оруулалт. Далд уурхайн зардал нэмэгдэх тусам төслийн өнөөдрийн өгөөж урт хугацаандаа бидний хувьд эрсдэлээр солигдох магадлал өндөр.
Дубайн хэлцлийн тухайд гацаад байсан төслийг 2015 онд хөдөлгөсөн нь үнэн. Гэхдээ эргэн харах, залруулах зүйлс бийг талууд хэлж байна.
УИХ-аас “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг батлаад нэг жил хоёр сар болж байгаа.
Уг тогтоолын дагуу байгуулагдсан Л.Оюун-Эрдэнэ ахлагчтай Ажлын хэсэг Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагч, менежмэнтийн эрхийг хэрэгжүүлэгч талуудтай өнгөрсөн хугацаанд хэлэлцэж байна гэх мэдээллийг өгдөг байсан.
Харин өнгөрсөн сард хөрөнгө оруулагч талаас танилцуулсан санхүүгийн шинэ тооцоолол манай талыг зарчмын байр сууриа хатуу хамгаалах замыг шулуутгах шиг боллоо.
Ажлын хэсгийн зүгээс чухам яагаад Монгол Улсад хохиролтой нөхцөл байдал үүсээд байгаа вэ гэдгийг үндэслэлтэйгээр гарган тавиад байна.
2009 онд Оюутолгойн гэрээ үзэглэгдэж, 2010 онд ТЭЗҮ нь гарах үед түүхэн өндөр үр ашиг дагуулна гэсэн хүлээлт манай талд давамгайлж байв. Гэвч үүнээс хойш ТЭЗҮ хоёр удаа шинэчлэгдэхэд Монгол Улс үр ашиг хүртэх бус ирээдүй хойчдоо 22 тэрбум ам.долларын өр өвлүүлэх хэмжээнд асуудал тулжээ.
ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоо хэлэхдээ "2020 онд Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг дахин тодотгож шинэчилж, санхүүгийн нарийвчилсан тооцооллыг хийсэн талаар Рио Тинто өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд хөрөнгө оруулагчдад мэдээлэхээс хэд хоногийн өмнө Засгийн газарт тооцооллыг өгсөн. Санхүүгийн тооцооллыг судалж үзэхэд, гүний уурхайн үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан судалгаагаар Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байна. Мөн ашгийн татварыг 2051 он хүртэлх хугацаанд ердөө дөрвөн жил л төлөхөөр байна" гэхчлэн анхаарал татсан мэдээллийг өгч байна.
Дэлхийн зэсийн тэргүүлэх уурхайнуудын нэг болох Оюутолгойгоос баялгийн эзэн Монгол Улс өгөөж хүртэх бус 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэдэг бол аюул. Монгол Улс сүүлийн 20 жилд уул уурхайгаас 28 тэрбум ам доллар олсон ч ирээдүй хойчдоо өр өвлүүлж буйг судалгаа харуулж буй. Үүний ил тод жишээ нь Оюутолгой болж байна.
Сануулахад, 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубайн хэлцлээр далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг гаргахдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгохоор манай талтай тохирч, 14 банкнаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авсан. Мөн төслийн зардал, үнийн тооцоолол ИХ, БАГА хэмжээгээр зөрөх магадлалтай гэдэг дээр хөрөнгө оруулагч тал манай талтай тохирчихсон байдаг.
Тодруулбал, “ТЭЗҮ-ийг боловсруулахад тухайн цаг үеийн тоо баримтад үндэслэдэг тул тооцоолол нь гүйцэтгэлийн үеийн тооцооллоос зөрж болохыг хүлээн зөвшөөрсөн. Бодит үр дүн тооцооллоос их, бага хэмжээгээр зөрөх магадлалтай” хэмээн гэрээндээ тусгачихсан байдаг.
Нэг ёсондоо далд уурхайн санхүүжилт хэдэн ч тэрбум ам.доллароор өсөхөөр болсон тухай хөрөнгө оруулагчдын үгийг Монголын Засгийн газар ямар нэг хариу тайлбар хийлгүйгээр сонсохоор л нөхцөл байдал, гэрээний орчныг зургаан жилийн өмнө манай тал хүлээн зөвшөөрсөн байдаг.
Монголын Засгийн газар Оюутолгой төслийн хэрэгжих хугацааны туршид нийт өгөөжийн 53 гаруй хувийг татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр хүртэх тухай Дубайн хэлцлээр баталгаажуулсан гэж тухайн үеийн Засгийн газар мэдэгдэж байв.
Тэгвэл одоогийн Засгийн газар үүнийг үгүйсгэж байна.
Cанхүүгийн cүүлийн тооцооллоос харахад 2009, 2015 оны хүлээлт өөрчлөгдөж, төслөөс орж ирэх өгөөжийн 53 хувийг Монголын Засгийн газар татвар болон ногдол ашиг хэлбэрээр авна гэсэн харьцаа зөрчигдсөн байх магадлал өндөр байгааг Б.Солонгоо дарга хэллээ. 53/47 гэсэн харьцаа зөрчигдсөн бол гэрээ байгуулахад үндэслэл болж байсан суурь нөхцөл өөрчлөгдсөн гэж үзэх бүрэн боломжтой гэж тэрбээр тайлбарлаж байна.
Монголын Засгийн газрын Ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хэлэлцэн, Дубайн хэлцэл болон бусад гэрээн дэх бидэнд ашиггүй заалтуудыг өөрчлөх нь ирээдүй хойчоо өрөөс чөлөөлөх чухал үйл явц болох төлөвтэй байна.