...
...

ОБЕГ: Хөвсгөлд 100 гаруй удаа давтан хөдлөлт мэдрэгдлээ

Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох байгууллагууд хамтран Хөвсгөл аймагт газар хөдөлсөн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт буюу Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд нэгдүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөөдөр үүрээр буюу 05:32 цаг, 58 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Цаашлаад 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон. Одоо хүртэл давтан хөдлөлт үргэлжилж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол 100 гаруй удаа давтан хөдлөлт боллоо. 

Үндсэн хөдлөлт нь 6.5 магнитуд байсан бол давтан хөдлөлтийн магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 14 удаа бүртгэгдээд байна. Ийм хүчтэй газар хөдлөлт тухайн бүс нутагт анх удаа бүртгэгдэж байна. Голомт нь Ханх сум байна. Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Зайнаас хамаарч чичирхийлэл багасна. 

Улаанбаатар хот газар хөдлөлт болсон тухайн цэгээс 610 км-ын зайд оршдог. Хүрэл тогоотын станцад бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр газар хөдлөлт мэдрэгдсэн байна.

Улаанбаатарын сав газар руу орж ирсэн нь тухайн барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөр өөрөөр мэдрэгдсэн байна. Нийслэлд хэдэн баллаар хөдөлснийг нарийвчлан гаргана. 

Иргэдээс газар хөдлөлтийн талаар олон нийтэд мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл гарч байна. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг. Миний цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа буюу 05:42 минутад мэдэгдэл ирсэн. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх асуудлыг цаашид боловсруулна" гэв.

"Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэх, амжиж анхааруулах боломж бий юу?" гэсэн асуултад Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэх арга байхгүй. Ямар ч эрдэм шинжилгээний байгууллага ийм түвшинд хүрээгүй байна. Харин болсон газар хөдлөлтийг амжиж анхааруулах боломж бол бий. Манайд амжиж анхааруулах гурван систем байдаг. Систем хэвийн ажиллаж байгаа. Өнөөдөр, энэ тохиолдолд амжиж анхааруулах дуут дохио яагаад дугараагүй гэхээр дугарах, дохио өгөх хэмжээнд чичирхийлэл мэдрэгдээгүйтэй холбоотой" гэж хариуллаа. 

 


Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ