...
...

Ерөнхийлөгч оффшороо оруулж ирээд 1 сая төгрөг тараая

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорт байгуулсан компанийн мэдээллийг Өдөр тутмын сонинуудын “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” нэгдлээс  ил болгосон. Тухайн компани нь Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компани бөгөөд 1 сая доллар буюу 2,5 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан байна.

Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх, энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оны долдугаар сарын 31-нийг хүртэл ажиллажээ. Тухайн үед энэ хүн аль хэдийн УИХ-ын гишүүнээр сонгогдож аж ахуйн ажил хийх ёсгүй, тэр тусмаа бүр гадаадад оффшор бүсэд бүртгүүлсэн компанийн захирал байх ёсгүй болсон байв. 

Тэгвэл 2007 оны наймдугаар сараас тус компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Намуунд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тус компанийн 50 хувийг Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Сингапурын хятад Деннис Лим эзэмшдэг аж.

Сингапур улсын Санхүү бүртгэл, аж ахуйн нэгжийн газар (Accounting and Corporate Authority of Singapore)-т Х.Баттулгын охиныхоо нэр дээр эзэмшдэг компанийн мэдээлэл олон нийтэд ил байгаа ажээ. Хуулийн байгууллага болон сонирхсон хэн ч өнөөдөр энэ мэдээллийг авах боломжтой.

Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон. Иймд “Женко Холдинг Пи-Ти-И” компани Ерөнхийлөгчид хамаатай эсэхийг АТГ-аас шалгах ёстой. Гэтэл АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал оруулж, УИХ-аар томилдог учраас энэ асуудал урагшлахгүй гэдэг хардлага нийгэмд байна.  

Нэгэнт хууль хүчнийхэн энэ асуудалд хөдлөхгүй байгаа юм бол Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө эх оронч үйлдэл гаргаж, 2,5 тэрбум төгрөгөө Монгол Улсдаа оруулж ирээд, хүн бүрт 1 сая төгрөг тараавал эдийн засгийн хүндрэлтэй энэ үед томоохон дэмжлэг болох нь дамжиггүй. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ч эерэг нөлөөлөх байх даа Ерөнхийлөгч өө.

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ