...
...

Э.Оюунболдын хэргийг эцэслэн шийдлээ буюу хэн хэн цол ахих вэ?

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Нэхэмжлэгч Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Уг тогтоолоор Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Энэ хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсэгт “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” гэснийг “1 жилийн хугацаагаар хасах” болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын 2 дахь заалт буюу Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Э.Оюунболд аваргын асуудлыг шүүх шийдвэрлэсэнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн наадмын цол ахиулах даваанд түүнд өвдөг шороодсон бөхчүүд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу цол, чимэг ахих ёстой.

Тиймээс 2019 оны наадам эргэн анхаарлын төвд орж ирж байна.

Өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлж УЛСЫН АВАРГА цол хүртсэн Э.Оюунболдолд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Н.Мустафа УЛСЫН НАЧИН, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Б.Цэдэнсодном УЛСЫН ХАРЦАГА, долоогийн даваанд өвдөг шороодсон улсын начин Д.Анар УЛСЫН ЗААН болж, цол ахих бол наймын даваанд өвдөг шороодсон улсын арслан Ц.Содномдорж чимэг нэмж, үзүүрт үлдсэн аварга Н.Батсуурь ДАЯН АВАРГА цол хүртэх болж байна. Үүнээс Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Н.Мустафа 2020 оны Улсын наадмаар Улсын начин цол хүртсэн байгаа. Улсын начин  Б.Цэдэнсодном энэ жил тавын даваанд Улсын начин Б.Орхонбаярт унасан юм.

Одоо энэ бүх асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эцсийн цэгийг тавих ёстой.

Ингээд Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг эргэн сануулъя.

Улсын наадам 2019 ОН

ГУРВЫН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд  – Аймгийн харцага М.Жамсрандорж

ДӨРВИЙН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд  – Аймгийн арслан П.Батсүх

ТАВЫН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд  - Аймгийн арслан Н.Мустафа

ЗУРГААГИЙН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд  - Аймгийн арслан Б.Цэдэнсодном

ДОЛООГИЙН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд - Улсын начин Д.Анар

НАЙМЫН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд - Улсын арслан Ц.Содномдорж

ЕСИЙН ДАВАА

Улсын аварга Н.Батсуурь - Улсын арслан Э.Оюунболд

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ