...
...

Хөх мөнгөн хилтэй буурал БУЙРЫН ЗАСТАВ

УЛСЫН ТОРГОН ХИЛ АМАР АМГАЛАН БАЙВАЛ ӨДӨР БҮХЭН ХИЛЧДИЙН БАЯР

 

 

Хил хамгаалах ерөнхий газраас жил бүр хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран “Сэтгүүлчид торгон хилд” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаад бид улсын зүүн хязгаарт орших Хилийн цэргийн 0306 дугаар ангийн Монгол Улсын анхны баатар Шагдарын Гонгорын нэрэмжит салбар буюу Буйрын заставыг зорилоо.

Урт замыг туулж зорьсон газраа хүрэхэд шөнийн цаг болсон тул нуурын чигт харагдах зүйл үгүй байлаа. Харин үүр хаяарч өглөө болоход зах нь үл харагдах их ус биднийг угтсан нь сүрдмээр санагдана. Бид Буйр нуурын эрэгт тусгайлан барьсан гэрт байрласан бөгөөд эргээс холгүйхэн заставын хоёр давхар ногоон байр харагдаж байлаа.

Анх удаа хилийн заставт очиж буй миний хувьд цэргийн ангийн бүхий л зүйл сонин содон байв. Эрчүүд голдуу байх ч заставын байр, хашаа хороо цэвэр цэмцгэр, эмх замбараатай юм. Эндэхийн дүрэм журам хатуу чанга бөгөөд ангийн даргын үг цэргүүдийн хувьд хууль мэт үйлчилнэ. Хэдий хатуу дүрэмтэй ч тэд бие биенээ “Та” гэж хүндлэх нь халуун дотно ажээ.

Хилчид улсынхаа торгон хилийг манахын хажуугаар давхар олон ажил гүйцэтгэдэг байна. Тэдний талаарх миний төсөөллөөс огт өөр юм. Энэ ангийн байлдагч бүр өөр өөрийн гэсэн үүрэг даалгавартай бөгөөд туслах аж ахуйгаа эрхэлж заставын хүнсээ бүрэн хангадаг. Сүү цагаан идээ боловсруулахаас эхлээд талхаа хүртэл өөрсдөө барина. Эдгээр бүх ажил цаг, минутын төлөвлөгөөний дагуу явагдах аж.

Бусад хилийн заставуудаас ялгаатай нь эднийх Монгол Улсын хамгийн том усан хилд тооцогддог Буйр нуурын усан хилийн хамгаалалтыг зохион байгуулдаг.

Буйр нуур нь БНХАУ-тай 30.7 км усаар хиллэдэг бөгөөд хилчид аюулгүй байдлыг хангаад зогсохгүй орон нутгийн иргэд, аялагчдын аюулгүй байдлыг давхар сахиулан ажилладаг байна. Тиймдээ ч энэ ангид алба хааж буй хилчдээс маш их ур чадвар, тэсвэр хатуужил шаардана.

Өнгөрсөн долоодугаар сард гэхэд хилчид Буйр нуурт аялж яваад хүчтэй салхины улмаас нуурын усанд алдагдсан 11 иргэний амь насыг аварчээ. Биднийг очих үед, өнгөрсөн сарын 11-ний өдөр  нуурт хүүхдүүдээ алдаад хилчдийн тусламжтайгаар эсэн мэнд олсон иргэн Ж.Пунцаг баатарлаг зоригт хилчид болох ангийн захирагч, ахмад Э.Энхтүвшин, Гэрээт хилчин, байлдагч Э.Санги-Очир, Хөнгөн хөлгийн жолооч, механик, ахлах ахлагч Ү.Чулуунсүх нарт талархлаа илэрхийлэхээр ирсэн байлаа.

Тэрээр “Долдугаар сарын 11-ний өдөр гэр бүл, ах дүүгийн хамт Буйр нуурт амрахаар очсон. Тэр өдөр нэлээн салхитай, майхан тогтохгүй байсан. Үдээс хойш салхи тогтуун болохоор нь хүүхдүүдээ тоглуулахаар завийг нь хийлээд, аврах хантаазыг нь хийлэх хооронд 8-14 насны гурван хүү маань завиа нуурт тавьчихсан. Нэг мэдэхэд л бидний хүрч очих боломжгүй хэсэг рүү хөвөөд явчихсан. Гэнэт хүчтэй сэрүүн салхи гарч хүүхдүүд завьтайгаа маш хурдан цаашаа явсан. Харин 0219 дүгээр ангийн баатарлаг зоригт хилчид маань хилийн зурвасын наанаас хүүхдүүдийг минь эсэн мэнд аварсан.

Хил хамгаалах байгууллага, хилчид техник хэрэгслээ бэхжүүлээгүй, хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй бол хүүхдүүд минь амь нас өндөр эрсдэлд тулгарчихсан байсан. Хүүхдүүдийг минь аварч элэг бүтэн, мөр тэнэгэр алхах боломж олгосон хилчдэдээ өөрийн болон гэр бүл, төрөл төрөгсдийнхөө зүгээс гүнээ талархаж, баярлаж байгаагаа илэрхийлье. Эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө цаг наргүй, амралтгүй зүтгэж байгаа хилчдээрээ бахархаж байна” хэмээгээд талархлын үг бүхий сэлмийг дурсгал болгон өгсөн юм.

 

Буйрын заставын захирагч, ахмад Э.Энхтүвшин

 

Энэ үеэр Буйрын заставын захирагч, ахмад Э.Энхтүвшин “Дотоодын аялал жуулчлал 2017 оноос идэвхжиж, ялангуяа зуны улиралд буюу 6-8 дугаар сард хөдөлгөөн эрс нэмэгддэг. Манай анги 2018 онд хөнгөн хөлөг, техник хэрэгслээр хангагдсанаар зөвхөн хил хамгаалах, хил орчмийн зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргээсээ гадна иргэдийн аюулгүй байдалд анхаарч, аврах чиглэлд зайлшгүй үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 2020 оны хувьд дөрвөн удаагийн тохиолдлоор 11 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Буйр нуур бол хилийн ус. Хилийн ус гэдэг нь урдаасаа хойшоо чиглэлд салхи гарвал хөвөх хэрэгсэл хил давах эрсдэлтэй байдаг. Мөн талын нуур учраас их бага хэмжээний салхи гарах төдийд давлагаа үүсдэг бөгөөд хүчтэй салхилбал маш өндөр давлагаа үүсгэдэг. Тиймээс иргэд эдгээр эрсдлийг тооцож байх нь чухал” гэлээ.

Хил хамгаалах байгууллагаас 2018-2020 онд “Буйр нуур” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буурал түүхтэй Буйрын заставын  байрыг шинэчлэн засварлаж, ХХЕГ-ын төсвөөр моторт завь, усны мотоцикль, цасны чарга, квадратоцикль, хөнгөн хөлөг чирэгч, зэвсэг, тусгай хэрэгсэл, холбооны иж бүрэн техник хэрэгслүүдээр хангаж, цасны нохой чаргыг улсын хил хамгаалалтад ашиглаж эхэлсэн нь өнөөдөр ийнхүү бодит үр дүн өгч эхлээд байгаа нь энэ юм.

Буйр нуур уртаараа 34 км, өргөнөөрөө 23 км үргэлжилдэг монгол орны томоохон нууруудын нэг. Энэ нуурт нэн ховор төрлийн хавчнаас гадна зургаан зүйлийн 32 нэр төрлийн загас бий. Тиймдээ ч загас агнуурын үе эхлэхэд өмнөд хөршөөс Буйр нуураар дамжин усан хил зөрчигчид ихсэх хандлагатай болдог байна. Тиймээс тус нуурыг найдвартай хамгаалах шаардлага бий болсон учир тал хээрийн бүсийн хил хамгаалалтыг гэрээт хилчний зохион байгуулалтад шилжүүлэн ажиллаж эхэлжээ.

Жил гаруйн өмнөөс буюу 2019 оноос эхлэн усан хилийн хамгаалалтад хамгийн анхны гэрээт хилчдийг хамруулж эхэлсэн бөгөөд Булан дэрс, Буйрын заставуудад гэрээт хилчин, байлдагч нар энхийн манаанд үүрэг гүйцэтгэж байна.

Нөгөө талаас гэрээт хилчдэд өндөр итгэл хүлээлгэн, хариуцлага үүрүүлж улам бүр хөгжүүлэхийн төлөө, энэ албыг төгөлдөршүүлэхийн төлөө Хил хамгаалах байгууллага зорьж буй гэдгийг бидний багийг ахалж явсан ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа С.Энхтайван онцолж байлаа.

 

Эргүүлийн хөнгөн хөлгүүд

 

Мөн гэрээт хилчдийн сургалтад хамрагдсан залуусын дийлэнхийг усан хил хамгаалалтад татан оролцуулах бодлого баримталж байгаа ба эдгээр залуусыг гүнзгийрүүлэн, тусгайлан бэлтгэж байгаа аж.

Тус заставт үүрэг гүйцэтгэж буй олон олон залуусын төлөөлөл байлдагч Ц.Сод-Эрдэнэ, түрүүч Г.Шихихутаг, дэд ахлагч Х.Болат, байлдагч А.Эрдэнэчулуун нар эх орны энхийн манаанд тэр дундаа улсынхаа усан хилийг хамгаалах хүндтэй албыг хашиж байгаагаараа бахархаж явдгаа ярьсан.

Энд Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн хүүгээс эхлээд Дорнод нутгийн хүү ч гэрээт хилчний үүрэг гүйцэтгэж байна. Тэднийг гэрээт хилчний сургалтаа дууссаны дараа Улаанбаатар хотод 21 хоногийн хугацаатай усан бэлтгэлийн сургалтад хамруулж, заставт ирсний дараа техникийн дадлага, сургууль зохион байгуулдаг ажээ.

 

Буйрын заставын анхны эргүүлийн завь

 

Биднийг буцахын өмнөх өдөр буюу наймдугаар сарын 15-нд Усан хилчдийн баярын өдөр тохиосон тул Буйрын заставыхан зочдын хөлд даруулж, Булан дэрсийн заставаас мөн гэрээт хилчин, алба хаагчид ирсэн байлаа. Тэдний төлөөлөл болох Хөнгөн хөлгийн жолооч, байлдагч Р.Гантулга “Би Хөвсгөл аймгаас гэрээт хилчнээр ирсэн. Эх орныхоо хилийн манаанд зогсож, байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Цаашдаа офицер болохын төлөө энэ албандаа үнэнчээр зүтгэнэ гэж боддог. Бусад гэрээт хилчдээс ялгаатай нь бид усан хилийн манаанд гардаг. Хөнгөн хөлгөө жолоодоод нууран дээгүүр явахдаа үргэлж бахархалтай байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Ийнхүү залуу хилчидтэй ойр зуурыг ярилцах зуурт эх орноо гэсэн чин сэтгэл мэдрэгдэх бөгөөд тэднээр бахархах сэтгэл өөрхийн эрхгүй төрж байв. Хэдийгээр усан хилчдийн баярын өдөр тохиож буй ч тэд өдөр бүрийн үүрэгт ажил, хилийн манаагаа хариуцлагатайгаар үргэлжлүүлэх нь эх орон минь чадварлаг хилчдийн найдвартай гарт бий гэх итгэл үнэмшлийг улам ч бататгаж өгсөн юм. Харин хилчдийн хувьд улсын торгон хил амар амгалан байвал өдөр бүхэн баяр ажээ. Ийнхүү хилчний амьдралтай танилцсан богино өдрүүд өнгөрч үүрийн таван жингээр бид буцах боллоо.

Буйр нуурын хөвөөнд заставын байр алсран үлдэж, цэргийн ногоон машинаар бид нийслэл хотыг зорьсон юм. 

Эх орны торгон хил халдашгүй дархан байж, хилчин дайчдын яруу алдар үүрд мөнх бадартугай!

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ